Хотын авто замын 20 хувь нь л үерлэдэггүй

Арав гаруй хоногийн өмнө орсон борооны дараа, “ТБД андууд” орчимд

Нийслэлд ус ихтэй бороо үргэлжлэн ороход Улаанбаатарын зам, талбай үерт автах явдал их боллоо. Энэ сарын дундуур орсон борооны улмаас Баянгол дүүргийн II хорооны нутаг, “ТБД андууд” худалдааны төв орчимд ямар нөхцөл байдал үүссэнийг та дээрх зургаас харж байна. Баянзүрх дүүргийн XXVI хороо “Баянмонгол” хорооллын арын нүхэн гарц, Баянгол дүүргийн XII хорооны нутаг VI бичил хороолол зэрэг, аадар бороо орох бүрт их хэмжээний ус тогтдог газар нийслэлд олон. Энэ сарын 16-17-нд шилжих шөнө орсон түр зуурын хүчтэй борооны улмаас дээрх гарц их хэмжээний усанд автаж, автомашин явах боломжгүй болсон юм. Зун болгон борооны дараа энэ талаар ярьдаг ч өнөөг хүртэл байдал хэвээр. 

Үерийн ус зайлуулах хоолой тавих талаар ямар ажил хийж буйг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулахад “Гэр хороолол, алслагдмал дүүргүүд ихэвчлэн өндөрлөг газарт байрладаг. Борооны ус өндөрлөг газраас урсаж үерийн жалга, суваг руу орох зохицуулалттай. Гэтэл хууль зөрчиж, үерийн аманд буусан хүмүүс далан, шуудууг шороогоор дүүргэж гэр, орон сууц, дугуй засварын цэг барьчихдаг. Үүнээс болж борооны ус хог, шороотой нийлэн, нийслэл дэх хотгор хэсэгт тунаж, төвийн шугам сүлжээнд ачаалал үүсгэж байна. Хууль зөрчсөн хүмүүсийг бид нийслэлийн Газрын алба болон мэргэжлийн хяналтынхантай хамтарч удаа дараа нүүлгэдэг юм. Харамсалтай нь, долоо хоногийн дараа дахиад л өөр айл ирээд буучихдаг. Нийслэлийн төв хэсгийн ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэн, өргөтгөж байна. Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, Токиогийн гудамж, “И-март” дэлгүүрийн хойд уулзвар, Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарц зэрэг эхний ээлжид нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай газруудын авто замын шугам сүлжээг засаж, өргөтгөсөн. Дараагийн ээлжид орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбайд анхаарал хандуулна. 2016 оноос хойш барьж буй зам бүрт ус зайлуулах хоолойг стандартын дагуу хийж байгаа. Тиймээс тодорхой хугацааны дараа зам, талбайд борооны ус тунадаггүй болно” гэлээ.  

Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт 840 км. Түүнээс 184 км буюу 20 гаруй хувьд нь ус зайлуулах шугам байдаг аж. Авто замын ихэнхийг нь 1960-1970 онд барьсан учраас шугамын дийлэнх нь үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон. Нэмж зам тавихдаа ч мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүс стандартын шаардлагад нийцэхгүй шугам тавьдаг гэж Геодези, усны барилга байгууламжийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Тагарваа хэлэв. 

Мөн тэрбээр “Газар доорх инженерийн байгууламжийг хийхэд их хэмжээний хөрөнгө шаарддаг. Манай авто замын компаниуд хямд өртгөөр урт зам тавих сонирхолтой. Өөрөөр хэлбэл, анхнаасаа шугам сүлжээ тавихад мөнгө төсөвлөдөггүй гэхэд буруудахгүй. Гэр хорооллын болон зуслангийн бүсэд борооны ус зайлуулах шугам тавиагүй авто зам олон. Гадаргуугаар ус зайлуулах технологи буюу авто замын дунд хэсгийг товойлгож цутгадаг. Борооны ус замын хоёр тал руу урсаад алга болохоор зохицуулдаг гэсэн үг. Энэ нь төвийн сүлжээний бохирын шугам хог, шороогоор дүүрэх, ачааллаа дийлэхгүй халих, явган хүн зорчих аргагүй болох зэрэг хүндрэл үүсгэдэг. Тиймээс бүтээн байгуулалт хийхдээ багадаа 20 метр тутамд нэг шүүрт худагтай байх шаардлага манай байгууллагаас авто замын компаниудад тавьж байгаа. Гэхдээ гадаргын түвшнээс хамааран шүүрт худаг тавих зайг өөрчилж болно. Авто замын 40-50 метр
тутамд ус зайлуулах хоолой заавал суурилуулсан байх шаардлагатай” гэлээ. 

Нийслэлийн гэр хорооллын бүс буюу Яармагийн дэнж, Долоон буудал, 100 айл орчмын Цагдаагийн гудамж зэрэг газрын авто замд ус зайлуулах шугам, сүлжээ бий. Харин Дарь-Эх, Ганц худаг, Улаанхуаран зэрэг газрын авто замд огт байхгүй аж. Дээрх газруудад зам анх тавихдаа борооны ус зайлуулах сүлжээ, шугам хийгээгүй учраас богино хугацаанд бүх асуудлыг шийдэх боломж, бололцоогүйг албаны хүмүүс хэлсэн. Уг нь ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөх ажилд Замын сангаас өнгөрсөн онд 1.5, энэ жил гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Геодези, усны барилга байгууламжийн газрыг 2016 онд байгуулсан бөгөөд үүнээс өмнө нь авто замын ус зайлуулах шугам сүлжээнд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага байгаагүй гэнэ. Тус байгууллагын ажилтнууд энэ онд нийслэл дэх авто замаас 1000 тонн ус  оруулжээ. 

Ингэхдээ нэг, тав, 10 тоннын багтаамжтай гуравхан автомашин ашигладаг аж. Хүрэлцээ муу ч гэсэн үерлэсэн газарт ус соруулах арга хэмжээ шуурхай авдгийг мэргэжилтнүүд нь ярьсан. Тус газрынхан нэмж хоёр машинтай болох саналаа холбогдох албаныханд хүргүүлэн, зөвшөөрүүлсэн ч ус соруулах машинаа одоо болтол хүлээж аваагүй гэнэ. Тэд нийслэл дэх ус зайлуулах сүлжээг бүгдийг нь цэмцийлгэсэн ч ойрын өдрүүдэд орсон борооны улмаас дахиад цэвэрлэх шаардлагатай болжээ. Уг нь далан, суваг цэвэрлэх ажлын хүрээнд 20 байршилд нийт 22 589 шоо метр талбайг цэвэрлэсэн аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын, Баянзүрх дүүргийн V, VIII, XIV, XXVI хороо, Сонгинохайрхан дүүргийн I хороо, Хан-Уул дүүргийн XI хорооны Зайсан орчим, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг, Дэнжийн мянгын I, II, III далан зэргийг цэвэрлэж, 4190 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

Үүний зэрэгцээ ус зайлуулах шугам, сүлжээ нэмж байгуулж буй аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхантай хамтран 2017 онд 11 байршлын 2.6 км авто замд, өнгөрсөн онд 10 байршлын 3.6 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан байна. Харин энэ онд 12 байршилд засвар хийхээс Геодези, усны барилга байгууламжийн газрынхан зургааг нь хариуцах аж.

Тодруулбал, “Баянмонгол” хорооллын болон “Соёолж” худалдааны төвийн нүхэн гарц, “И-март-2” төвийн хойд талбайн усны шугам зэргийг шинэчлэх юм байна. Үлдсэн байршлыг тендерт шалгарсан компани засаж, өргөтгөх аж. Өнгөрсөн хугацаанд засвар хийхдээ ихэнх зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээг 1984 оноос хойш нэг ч удаа шинэчлээгүйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ус зайлуулах шугам 35 жил эзэнгүй орхигдсоныг тэд онцлов.

Хянах, хайхрах эзэнгүй учраас ТҮК-ийн зарим ажилчин зам цэвэрлэсэн хог, шороогоо ус зайлуулах шугам руу хийх асуудал үүсэж байсныг Геодези, усны барилга, байгууламжийн газрынхан нуусангүй.

Үүнийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Хот тохижилтын болон Байгаль орчны газрынхантай хамтарч ТҮК-ийн ажилчдад сургалт зохион байгуулжээ. Түүнээс гадна гэр хорооллын замын шороо борооны усаар дамжин шугам сүлжээг дүүргэж, халиа үүсгэдэг байна. Энэ мэт асуудлаас үүдэн нийслэлчүүд зуны улиралд “уртын харайлт”, өвөлдөө “уран гулгалтаар” хичээллэдэг гэхэд хилсдэхгүй нь. Ямартай ч энэ жил Зуун айл, Нарны гүүр доорх уулзвар, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын зам зэрэг төвийн бүсийн ус зайлуулах шугамыг нь өргөтгөж, шүүрт худгийг нь нэмэхээр холбогдох албаныхан ажиллаж буй тул хойтонгоос “уртын харайлт”-аар хичээллэх шаардлага нийслэлчүүдэд тулгарахгүй нь.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг 2017-2018 онд зохион байгуулж, үүний хүрээнд 2025 он хүртэл 191.1 км авто зам барьж, 22.6 км авто замыг өргөтгөн шинэчлэхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан төлөвлөжээ. Уг ажлыг гүйцэтгэхэд ус зайлуулах шугам сүлжээг стандартын дагуу хийлгэхээ холбогдох албаныхан ам бардам хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)