Хотынхон боулингийн аваргаа шалгаруулав

Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Монголын боулинг сонирхогчддын холбоо, нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Big Bowling” төвтэй хамтарч, “City Cup-2016” боулингийн багийн АШТ тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 20 багийн 100 гаруй тамирчин оролцож, урьдчилсан шатанд таван тоглолт хийсэн юм. Урьдчилсан шатанд хамгийн өндөр оноо авсан найман баг хасагдах журмаар өрсөлдлөө. Хасагдах шатанд ТЭЦ-III-ын баг 805 оноогоор шалгарсан ч хагас шигшээд Багануур дүүргийн залууст дийлдсэн ч хүрэл медалийн төлөө Петровисийг буулгаж авчээ. Харин аваргын төлөө урьдчилсан шатанд хоёроор шалгарсан Мобикомын баг Багануурыг 819:791-ээр илүүрхэж, аваргаллаа. Тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Багануурынхан хасагдах шатны эхний тойрогт Ди Жей Эйчийг 777:775 буюу ердөө хоёр оноогоор илүүрхсэн аж.

Тэмцээний шилдэг тоглогчоор Мобиком багийн гишүүн Б.Төрмандах 231 оноо авсан амжилтаар тодорлоо.

  • Г.Алтангэрэл ахлагчтай Мобиком
  • Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур
  • С.Хандаа ахлагчтай ТЭЦ III

Сонирхуулахад, боулингийн хотын АШТ-ийг 2009 онд анх зохион байгуулахад ТЭЦ III баг аваргалж байв. Харин энэ жил түрүүлсэн Мобикомын залуус 2013 онд тэргүүлсэн удаатай.

Энэ удаагийн тэмцээний шагналын сан 10 сая төгрөг байжээ. Түүнчлэн шилдэг найман баг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах Coca Cola Zero Bowling тэмцээний шилдэг найман багтай халз тоглолтод оролцох эрх авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)