Хотод хуваарилсан 24 мандат буюу 28 жилийн “алтан дундаж”

Хууль тогтоогчид энэ долоо хоногт багтаж УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоон, зардлын хэмжээг батлахаас гадна хэрэглэх техник хэрэгслийн талаар тогтоол гаргуулах ёстой. Хамгийн гол нь хэдэн тойрог байгуулж, хэд хэдэн мандат хуваарилах нь тодорхой болно. Хэдийгээр ирэх баасан гараг гэхэд нэгдсэн хуралдаанаар тойрог, мандатын хуваарилалтыг эцэслэх ч өчигдөр үндсэндээ шийдвэрээ гаргачихлаа, эрх баригчид. Өчигдөр Ардын намын Удирдах зөвлөл, улмаар УИХ дахь намын бүлэг нь санал нэгдсэн хувилбараар энэ жилийн сонгуулийг зохион байгуулна.

Таамаглаж байсанчлан хөдөөнөөс буюу аймгуудаас 52, Улаанбаатараас 24 гишүүн сонгох нь. Үе үеийн эрх баригчид өөрсдөө туг тойрох тоглоомын дүрэм зохиодог түүх давтагдаж байна. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар нийслэлд олгож ирсэн мандатын дээд хэмжээ нь 28. Эрх баригч Ардын намынхан үүнийг дөрвөөр цөөрүүлж, хүрсэн ололтоосоо буцлаа. Үнэндээ өдрөөс өдөрт өнөр олуулаа болж, нийт хүн амын талтай нь дүйж буй нийслэлийнхэнд 28 суудал ч чамлалттай. Харин одоо 24 болгосноор УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос ч бага төлөөллийг Улаанбаатараас сонгох нь.

Гэхдээ өдгөө сонгоод буй томсгосон мажоритар тогтолцооны хүрээнд нийслэлд ердөө 20 мандат хуваарилж ирсэн байдаг. Эл хувилбарыг манайх 1992, 2008 оны сонгуульд ашигласан. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч мажоритар хувилбараар сонгосон 48 гишүүн одоогийнхоор буюу олон мандаттай томсгосон тойргоос гарч ирсэн билээ. Ингэхдээ 1992, 2008 онд 26 тойргоос 76 гишүүнийг сонгосон. Харин хувь тэнцүүлсэн 28, томсгосон мажоритар хувилбараар 48 гишүүн сонгох холимог хувилбарыг 2012 онд хэрэглэсэн. Ингэхдээ тойргоос сонгосон 48 гишүүний 28-ыг нь нийслэлээс сонгохоор хуульчилж байв. Энэ нь тойргоос сонгосон гишүүдийн бараг 60 орчим хувийг нь Улаанбаатараас сонгосон хэрэг. Эндээс харвал, сүүлийн 28 жилийн хугацаанд Улаанбаатараас хамгийн багадаа 20, ихдээ 28 гишүүн сонгосон гэсэн үг. Харин энэ удаа 24 мандат хуваарилсан нь алтан дунджийг баримталсан мэт харагдах вий.

Гэвч эрх баригчид эрдэж зохиосон дүрэмдээ дөнгүүлсэн түүх олон. Жишээ нь, МАХН буюу одоогийн МАН 2008 онд томсгосон мажоритар хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнд 39 суудал авч илүүрхээд, дараагийн сонгуулийн дүрмийг аанай л өөрийнхөөрөө зохиосон. Тэр нь хувь тэнцүүлсэн 28, томсгосон мажоритар хувилбараар 48 гишүүн сонгох холимог хувилбар байсныг дээр дурдсан. Харамсалтай нь, тэдний бодож олсон эл хувилбар Ардын намынханд ээлтэй байгаагүй. Тус сонгуулиар МАН ердөө 26 суудал авч, сөрөг хүчин болсон. Ингээд эрх барьсан АН-ынхан 2016 оны сонгуулийн дүрмийг зохиохдоо мөн л өөрсдөдөө давуу тал авчирна гэж тооцсон хувилбараа хуульчилсан. Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог бүхий хувилбарынх нь 28-ыг нь Улаанбаатараас сонгохоор зурсан. Парламентын түвшинд тойрог хуваах тулаан ид өрнөж байхад сөрөг хүчин МАН-ынхан “Та нар нийслэлээс олонхын санал авдаг учраас хотын тойргийн тоог нэмлээ” хэмээн АН-ынхныг шүүмжилж байв. Өдгөө сөрөг хүчин болсон АН-ынхан “Ардын намынхан хөдөөнөөс илүү санал авна гэж тооцохдоо нийслэлийн мандатыг цөөлөх гэж байна” хэмээн эсэргүүцэж буйтай адил үйл явдал өнгөрсөнд ч болж байсан гэсэн үг. Харамсалтай нь, тус сонгуульд АН-ынхан навс ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. АН-ынхан ердөө есөн суудал авсны гурав нь нийслэлийнх байлаа.

Харин энэ удаа тойргийн тоог нэмчихэж, эрх баригчид. Өнгөрсөн сонгуулиудын аль алинд нь 21 аймгийг 20, есөн дүүргийг зургаан тойрогт хувааж ирсэн байдаг. Хөдөөд 20 тойрог ногдож ирсэн нь өөрчлөгдөөгүй ч 2020 оны сонгуулиар нийслэлийг есөн тойрогт хуваах нь. Жишээ нь, 1992 онд нийслэлийн Ажилчны, Туул, Багахангай районыг хамруулан 21 дүгээр тойрог болгож, хоёр мандат хуваарилж байжээ. 2008 онд тус тойрогт Хан-Уул, Багахангай дүүргийг хамааруулснаас өөрөөр огт өөрчлөөгүй. Харин одоо Хан-Уул дүүргийг дангаар нь нэг тойрог болгож, гурван мандат хуваарилжээ. Гэхдээ жижигсгэсэн мажоритар хувилбараар явуулсан 2016 оны сонгуулиар тус дүүрэгт дөрвөн мандат ногдож байсан юм. Хан-Уулаас гадна өнгөрсөн сонгуулиар тус бүр дөрвөн мандаттай байсан Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргээс нэг нэгийг хассан байна. Улмаар нийслэлээс “хумсалсан” дөрвөн мандатаа нэг гишүүн сонгогддог аймгууд болох Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Дундговь руу шилжүүлэх нь. Хэдийгээр эдгээр аймгаас 2016 оны сонгуулиар нэг нэг гишүүн сонгогдож байсан ч томсгосон мажоритар хувилбараар явуулсан сонгууль болгоноор тус бүр хоёр мандат хуваарилсан түүхтэй. Нэгэнт олон мандат бүхий томсгосон мажоритар хувилбараар энэ удаа сонгууль зохион байгуулах гэж буй учраас нэг аймгаас нэг гишүүн сонгогдож болохгүй. Чухам үүнд нэг мандат бүхий жижигсгэсэн тойрог, олон мандат бүхий томсгосон тойргийн ялгаа оршиж буй. Гэхдээ Дундговь аймгийн хүн ам хамгийн бага буюу дангаар нь тойрог болгоход хүрэлцэхгүй байгаа учир Говьсүмбэртэй нэгтгээд, хоёр мандат хуваарилж байна. Ийм хувилбараар явуулсан өмнөх сонгуулиудад Говьсүмбэрийг Дорноговьтой нийлүүлж байв. Энэ удаа Дорноговь дангаараа тойрог болох бөгөөд тэндээс хоёр гишүүн сонгогдоно. Бусад аймгийн хувьд мандатын тоо нь өөрчлөгдөөгүй гэсэн үг.

Нийслэлийн тухайд өмнөх сонгуулиар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэгтгэж байсан Налайх, Багахангай, Багануурыг энэ удаа нэг тойрог болгох нь. Өөрөөр хэлбэл, хамгийн жижиг гурван дүүрэг нэг тойрог болох бөгөөд тэндээс хоёр гишүүн сонгогдоно. Мөн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан мандатаас тус бүр нэгийг хасна. Гэхдээ аль алиныг нь хоёр тойрог болгон хувааж буй юм байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн хоёр тойргоос таван гишүүн сонгогдоно гэсэн үг. Мөн адил Сонгинохайрханы хоёр тойрогт таван мандат ногдож буй хэрэг. Аль тойрогт аль хороод хамаарах нь ойрын өдрүүдэд тов тодорхой болно. Ийнхүү хамгийн олон хүн амтай хоёр дүүргийг хувааж, жижиг дүүргүүдийг бусдад нь нялзаалгүй, тусад нь тойрог болгосноор нийслэл нийтдээ есөн тойрогтой болж байгаа юм. Томсгосон мажоритар хувилбараар сонгууль хийж ирсэн туршлагаас харвал тогтмол 26 тойрог байгуулсан байх бөгөөд ингэхдээ зургаан тойрог нь нийслэлд хуваарилагдаж ирсэн билээ.

Нийслэлийн мандатыг цөөлөх нь нэн шинэ мэдээ биш л дээ. Гэвч ийн эцсийн хувилбараар баталгаажингуут өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо “усалсан” Улаанбаатарын гишүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж сандрах нь мэдээж. Тэднээс орон нутгийг онилж, эцэг, эхийнхээ нэрийг барин нутгархаж яваа нь ч дуулдана. Мөн нэг мандаттай аймгийнхыг нэмж, хоёр болгох сургаар сонгогдсон аймгийнхнаасаа нүүр буруулчихсан нэгэн ч байна. Хоёр туулай хөөвөл хоосон хоцордог гэх нь ч бий. Юутай ч хуваарилалт ийн тодорхой болонгуут тойргийн төлөөх тулаан ил болж, эрээ цээрээ алдах биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)