Хос бичигтнүүдийг хүндэлнэ

Бүх нийтээр хос бичигтэн болъё гэхэд зарим хүн кириллийг халах нь гэж ойлгоод буй мэт жигтэйхэн эгдүүцэж, бүр эсэргүүцэх юм. Төр наана нь бэлтгэл ажил сайтар хийгээд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахыг хуульчилсан. Таван жилийн дараа төрийн ямар ч байгууллагын албан бичиг ийм байдалтай болоход аль алинаар нь уншдаг хүн хоёуланг нь харж, зөвхөн кириллтэй нь түүнийгээ л гүйлгэнэ.

Төрийн хуульд хүндэтгэлтэй ханддаг албан байгууллага өдгөө ч хаягаа хос бичгээр хадсан нь бий. Редакцаас энэ сэдвээр бичих даалгавар авсан болохоор гудамжаар алхахдаа орчин тойрноо ажиглаж явлаа. “Цагдаагийн ерөнхий газар. Мөрдөн байцаах газар”, Цагдаагийн ерөнхий газар. Хар тамхитай тэмцэх газар” гэсэн хаягийг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн хадсан нь нүнжигтэй. Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд хаягаа мөн хос бичгээр хадсаныг харахад улс, үндэстнээ, хэл, соёлоо дээдэлдэг ёс, жудагтай дарга, захирлуудтай байгууллага юм гэсэн бодол төрдөг. Шинэчлэлийг гэнэт бус, аажим, дасгаж, шилжүүлж хийвэл анзаарагдах нь бага бөгөөд алдаа, хохирол, стресс багатай байдаг гэдэг. Үүн лугаа адил монголчууд хос бичигтэн болох үйл явцад хугацаа сайтар тавьж өгсөн нь ухаалаг шийдвэр болсон санагддаг юм. Хууль л бол хууль тул хэрэгжүүлнэ. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөх тул бичигт буй агуулгыг уншиж чадахгүй, ойлгохгүй хүн гарахгүй. Монгол бичгээр босоо сайхан дурайлгасныг барахгүй бол кириллээр уншчихна. Гагцхүү агуулгыг бүрэн утгаар нь монгол бичигт зөв буулгахын тулд дутагдаж мэдэх тэмдэг, тэмдэглээ зохиох байдаг юм уу, нөхөж бий болгох зэрэг техникийн асуудлын тухайд хэлний мэргэжилтнүүд орчин үеийн технологийн инженерүүдтэй хүч хавсран дутууг гүйцээх болов уу хэмээн санана. Төр нэгийг бодож буй биз ээ.

Саяхан болж өнгөрсөн үндэсний бичиг үсгийн баяраар ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУБИС-ийн Монгол судлалын төв гэх зэрэг байгууллага БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран “Үндэсний бичиг үсэг, судалгаа, сургалт, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Үүгээр судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд олон сонирхолтой илтгэл тавьсан. “Монгол бичгийн заах арга зүйн уламжлал”, “Үндэсний бичгийн хичээлийн шалгалтын агуулга, арга зүй”, “Үндэсний бичгийн хичээлийн цөм хөтөлбөрт хийсэн шинжилгээ, “Бага боловсролын монгол хэлний цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг онолын үүднээс шинжлэх нь”, “Ерөнхий боловсролын сургуулийн үндэсний бичгийн орчин ба хэрэглээ” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. 

Эрдэмтэд асууж, хариулан, харилцан ярилцсаны эцэст үндэсний буюу монгол бичгийн нийгэм дэх хэрэглээ ямар байна, мэргэжлийн, чиглэлийн хэрэгцээ аль түвшинд байгааг тогтоохын тулд өргөжүүлсэн судалгаа хийе, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын боломжуудыг хэрхэн харж байгаа талаараа ярилцъя, өөрөөр хэлбэл эхлээд монгол хэлний мэргэжилтнүүд өөр хоорондоо асуудлуудыг авч үзэж ярилцаад, дараа нь нэгдсэн дуу хоолойгоор төр, засгийн зохих байгууллагуудад асуудал оруулъя гэж байлаа. Тэд үндэсний бичгийн хэрэглээг өргөтгөе, мэдлэгийг дүрмээр гэхээс илүүтэй дадал хэвшлээр дамжуулж олгоё, монгол үндэстэн олон зуун жил хэрэглэж ирсэн бичиг, эрхэм соёл юм гэдгийг хүүхэд, залуус, улмаар нийт иргэдэд ойлгуулах ажил хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсан. Эдүгээ 2019 он. Хос бичигтэн болох хүртэл бүтэн зургаан жил байгаа бөгөөд энэ хугацаанд хийж, хэрэгжүүлэх шат дараалсан ажил, арга хэмжээг зохих байгууллагууд авч эхлэх нь гэсэн ойлголт төрсөн.

Хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий институц, байгууллагууд нь ажилдаа ороод явж байхтай зэрэгцэн уг хуулийг гоочилж, муулах, үндэсний бичиг хэрэггүй, кирилл байхад хангалттай, шинжлэх ухаанч, хачин сайхан бичиг гэж үзэж буйгаа олон нийтэд тулгах, нийгмийн зүгээс дэмжлэг хүсэх маягтай хүмүүс бас байх аж. Кирилл бичиг сайн. Гэхдээ Монголоо монголоор нь байлгах, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн хэл, бичиг, соёлтой, үнэт зүйлстэй, тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс, үндэстэн гэдгээ даян дэлхийд дархлах нь юу юунаас чухал болоод байгааг хүлээн зөвшөөрч, үнэт зүйл бүрээ нөөц, бололцооны хүрээнд хамгаалах гэсэн бодлогоор үндэсний бичгээ хэрэглээнд оруулъя гэсэн болов уу.

Тиймээс 1943 оноос хойш бичиж буй кирилл үсэг, бичгээ орхихгүйн сацуу энэ мэдлэг дээрээ нэмээд уламжлалт, өөрийн монгол бичгээр нийтээрээ зөв, сайхан бичиж байя, ингэснээр монгол хүмүүс гэдгээ цаг ямагт мэдэрч, цэнхэр гаргийн харь хэлтнүүд, ондоо бичигтнүүдээс ялгаръя, өв соёлоо дээдэлж, орчин үед хараа дээгүүр, алхаа цэх явъя, ер нь жаахан ихэмсэг байя гэсэн үндэсний үзэл, бардамнал цаана нь байгаа хэмээн санана.

Төрийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөөд эхлэхэд монгол бичиг мэдэхгүй нь, мэдэхийг хүсэхгүй, сурахаас залхуураад, эсвэл дургүй, улмаар аль XIII зууны үеийн хэмээн ад үзэх маягтай байгаа нь уншихгүй л байна биз. Хэн ч албадахгүй. “Энэ талыг баримтлагчид” ард түмнээрээ хос бичигтэн болсон байх тэр үеийн бахархал, бардамналын уур амьсгал, агаарт нам цохиулах бий вий.

Магадгүй зарим нэг, даяаршлын эринд монголчууд хойшоо хэдэн зуунаар ухарч улирсан, баларсан босоо монгол бичиг хэрэглэх гэж, сурах гэж цаг үрж суухын хэрэг байхгүй, түүний оронд англи, цаг байвал нэмээд франц, немц хэл сурах нь дээр гэх ч байх. Хэрэглээ, хэрэгцээнийхээ хэрээр ямар гадаад хэл эзэмшмээр байна, түүнийгээ сурна л биз. Харин нийтээрээ монгол бичгээ мэддэг, уншдаг, хэрэглэдэг байх нь цөөхөн монголчуудын, бусдад байхгүй, харамлан хамгаалах өв, ялгарал, магадгүй даяаршлын үеийн шинэ соёл ч болж мэднэ.

Саяхан нэгэн хэвлэлд нэг нөхөр “Кирилл үсэг Монголын ард түмэнд эзэн Чингисээс нь илүү гавьяа байгуулсан” гэж бичсэн байсан. Кирилл үсэгт шилжсэний давуу, сайн талыг товойлгон тодотгож болно л доо. Гэхдээ энэ харьцуулалт арай биш байлаа. Чингис хаан дэлхийн талыг эзлээгүйсэн бол өнөөдөр монголчуудад газар нутаг гэх юм байхгүй байх байсан. Газар нутаггүй үндэстэн бичиг, үсэгтэй манатай, хүний өөдөөс эгц харах нүүргүй, зориг зүрхгүй, өрөвдмөөр байх юм билээ. Армен улсад олон жилийг өнгөрөөхдөө курд хэмээх, хүн төрөлхтөнд гадуурхагдсан мэт үндэстний зовлонг нүдээр харж, сэтгэл зүрхээр мэдэрч, өмнөөс нь шимширч байсны хувьд дэндүү сайн мэднэ.

Монголчууд монгол гэсэн бүхэндээ эзэн байх, түүх, соёл, өвгөдийн үлдээсэн үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, өнгөлөн тахиж байхын нэгээхэн утга нь ядаж л хос бичигтэн байх замаар зөвхөн монголчуудын босоо сайхан бичгээ дээдлэх үзэл билээ.

Өнөөдөр бид монгол бичгээрээ ганган сайхан бичиж, уншдаг хүмүүсээ ад үздэггүй, харин ч тэднийг хүндэлж, бахархан, өөрсдөө мэдэхгүйдээ ичдэг. Монголчууд нийтээрээ хос бичигтэн болохын цагт бүгдээрээ “Бид чинь монгол хүмүүс” хэмээн цээж дүүрэн бардамнаж, монгол хэл, бичиг, соёл нь монгол үндэстний эрхэм нандин, тахин шүтэх үнэт зүйл юм гэдгийг мэдрэх биз ээ. Шинэ цагийн монголчуудыг Европын буюу хүн төрөлхтний соёлд хөтөлсөн кирилл бичгээ дээдэлнэ. Уг, язгуурын шүтэлцээтэй босоо сайхан монгол бичгээ оройн дээд хэмээн хайрлана. Хос бичигтнүүдийг чин сэтгэлээсээ хүндэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)