“Хосууд гэж ойлгогдохыг хүсэхгүй байвал түргэн алх”

“Үнэн гэдэг чиний итгэхийг хүссэн худал юм” гэх үг бий. Уншигч таны бодлоор бусдад ойлгогдож амьдрах ёстой юу? Эсвэл өөртөө л зөв байвал бусад нь юу гэх бодох тийм ч хамаагүй гэж боддог уу? Энэ тал дээр хүн бүр л өөр өөрийн гэсэн байр суурьтай байдаг биз. Бусдад хэт ойлгомжтой байхын тулд хичээж гүйсээр өөрийнхөөрөө байж чаддаггүй, аль эсвэл миний зөв гэж дотроо бодчихоод хэл амны бай болчих гээд байдаг талтай.

Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хоёр хамт явж байвал хосууд гэж хүмүүс андуу ойлгодог тал бий. Энэхүү бодлоо баталж нотлоогүй байж бусдад ярих нь хүний гэм биш зан билээ. Жүжигчин О.Амгаланбаатар гэмгүй нөхөрлөдөг эмэгтэй найзтайгаа уулзахад нь “Явалддаг хүүхэн нь юм гэнэ лээ” гэх зэргээр яриад байдаг гэнэ. Тиймээс хамаатны охин дүүтэйгээ уулзаад суухад хүртэл тухгүй санагддаг болсон талаараа хуучилж байсан. Ер нь зарим хүмүүс өнгөц дүгнэлтээр нэгнээ хэмлэдэг. Энэ нь өөрөөрөө, чөлөөтэй байх хүсэлтэй хүмүүнд хязгаар болох аж.

Ялангуяа хоолны газарт энэ мэт асуудал их болно. Рестораны зөөгч хийдэг найз охин маань хүмүүсийн захиалсан хоолыг хольж солихгүйн тулд давхар тэмдэглэгээ хийдэг тухайгаа ярьж байсан. Тооцооны хуудасны баруун дээд буланд халзан ах, туранхай гурван эгч гэх мэтээр бичдэг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт явж л байвал хосууд гэж ойлгоод биччихдэг гэж байгаа юм. Би гайхаад “Үнэндээ яг хосууд юм уу эсвэл ах дүү, хамаатан садан, ажил хэргийн гээд ямар ч хамааралтай байж болох бус уу” гэхэд “Ингээд биччихээр амар бас хөгжилтэй байдаг” гэж билээ.

Харин бусдад ойлгогдохгүй байгаадаа их л санаа зовдог танил маань бас л өөрийн гэсэн зовлонтой. Гадны жуулчдад хөтөч хийдэг түүний ажлыг буруугаар ойлгох хүн олон байдаг гэнэ. Түүний хувьд хэл ус сайтай, мэргэжил мэдлэгтэйн дээр биеэ ч сайхан аваад явчихдаг. Энэ хэрээрээ олны хэл аманд өртөнө. Хөтчийн ажлаа хийгээд явж байхад нь хажуугаар зөрж өнгөрсөн эмэгтэйчүүд шивэр авир хийн өнгөрдөг бол, монгол залуучууд “Гадаад залуусын мөнгөнд худалдагдсан хүүхэн” гэж хүртэл хэлдэг гэнэ. Ямар сайндаа л хөтөч хийж байхдаа аль болох ноомой даруухан хувцас өмсөхөөс аргагүй болсон байх вэ.

Ингээд бодохоор, худлаа ч хамаагүй бусдад зөв зүйтэй харагдах ёстой юм шиг. Гэтэл эсрэгээрээ ямар ч сайхан өв тэгш байлаа гээд хүмүүс сул талыг нь хайгаад байдгаас хойш өөртөө л зөв амьдармаар юм шиг. Яг ийм үед хүмүүс сэтгэлээ хэрхэн засаж, ямар байр суурийг баримтлах ёстой талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ганзул ийн өгүүлж байна. “Хэрэв андуу ойлголт өгөхийг хүсэхгүй байвал биеийн хэлэмжээ ашиглаж болно. Хэрэв гадаа зөөлөн бороо шивэрч байхад та эсрэг хүйсний хүнтэйгээ удаан хэмнэлээр алхаад байвал та хоёрыг бүгд л дурлалт хос гэж ойлгоно шүү дээ. Тиймээс энэ тал дээр залуус анхаараарай” гэв.

Ер нь бол худал хуурмаг мэдээлэл цагийн шүүлтүүрээр тодорхой болж, замхардаг. Харин тухайн сэдэв яригдсаар байвал залруулга хийх эсвэл өөр дээрээ дүгнэлт хийгээд үзэж яагаад болохгүй гэж. Хараа хяналт ноёлсон өнөөгийн нийгмийн бүтээгдэхүүн хүн та бусдад зөвөөр ойлгогдохыг хүсвэл алтан дунджийг барих хэрэгтэй. Харин өнгөц хараад дүгнэдэг, шүүлтүүргүйгээр ярьчих гээд байдаг хүмүүс бусдыг ямар байдалд оруулж байгаагаа бодоход илүүдэхгүй бизээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)