Хосуудын эрлэг-Флорецийн цуврал алуурчин


Италийн Флоренц хот нь дэлхийн үзэсгэлэнт хотуудын нэг. Бас хайр дурлалын хот ч гэж хүмүүс ярьдаг. Хэдий тийм ч Итали нь өнгөрсөн зууны 80-аад он хүртэл гүн шүтлэгтэй улсын тоонд ордог байлаа. Аль ч шашин шүтлэгийн адил гэрлэхийн өмнөх бэлгийн харьцааг огт дэмждэггүй байв. Тиймээс ч итали залуу хосууд хотоос зайдуу хүн багатай газар болзох дуртай аж. 1981 оны зургадугаар сарын 5-нд 21 настай Кармила Денучи болон түүний найз залуу 30 настай Жовали Фонти нар бусад хосуудын адил л Флоренц хотын зах руу гарчээ. Харин маргааш өглөө нь тэдний зэрэмдэлгдэсэн цогцсыг ойролцоох тосгоны нэгэн оршин суугч олж, цагдаад мэдэгдсэн байна. Алуурчин эхлээд залууг толгой руу нь буудаж алсан бол хөөрхий бүсгүйг аймшигтай зэрлэгээр амийг нь бүрэлгэсэн байв. Эмэгтэйн бэлэг эрхтнийг огтолж авсан байв. Хүн амины хэргийг илрүүлэхэд хийх алхны алхам шалтгааныг тодорхойлох. Судалгааны явцад эл хэрэг долоон жилийн өмнө мөн л энэ хотод гарсан өөр нэг хэрэгтэй хэдэн зүйлээр төстэй байлаа. Хэрэг гарсан газар, хохирогчид, мөн аллага үйлдсэн зэвсэг ижилхэн шахуу байв. Нэг ялгаатай зүйл нь бүсгүйн үлдсэн умайд нь усан үзмийн мөчөр зоосон байв.

Мөрдлөгийн явцад Денучи болон Фонти нарын алуулсан газраас холгүй орших тосгоны нэгэн оршин суугч Энцио Спаллети гэгч залуу янз бүрийн хосуудыг даган мөшгөдөг байсан нь тогтоогдож. Цорын ганц сэжигтэн түүнийг Денучи, Фонти нарыг алсан хэрэгт буруутган хорьжээ. Гэтэл таван сарын дараа өөр нэгэн хос мөн л адил янзаар алуулсан хэрэг гарав. Хоёр хос сарын дараа хуримаа хийх ёстой байжээ. Энэ удаа шинжээчид нэгэн чухал зүйлийг олж тогтоов. Долоо жилийн өмнөх аллага мөн сүүлийн хоёр хүн амины хэргийн газраас олдсон сумны хонгионууд 22-ын голчтой нэг бууных байх нь тэр. Энэ нь Флоренцид цуврал алуурчин гарч ирж гэдгийг илтгэх аж. Флоренцын мөрдөгчид анх удаагаа ийм хэрэгтэй нүүр тулж байгаа нь энэ. Мөрдлөг буруу явагдаж, гэмгүй хүн хилс хэрэгт унажээ. Цуврал алуурчныг олж илрүүлэхэд хамгийн түрүүнд түүний сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй. Үйлдсэн хэрэг нь дэндүү зэрлэг балмад байсан учир алуурчинд Флоренцын мангас гэж нэрлэв. Хэрэгтэн дээрх хэргийг “би алсан, өөр хэн ч биш” гэдгийг мэдүүлэхийг хүсэж байгааг  мөрдөгчид юуны түрүүнд ойлгов. Харин яагаад ийм хэлбэрээр хөнөөх болсон шалтгааныг тогтоох тийм ч амаргүй. Тэднийг  хариултыг олохыг алуурчин хүлээхгүй нь ойлгомжтой.

Флоренцын мангас дараачийн цохилтоо 1982 оны зургадугаар сард хийжээ. Хотын захын зам дээр осол гарсан байна гэсэн дуудлагыг хажуугаар нь өнгөрөх жолооч нар цагдаагийн газар зэрэг зэрэг мэдэгдсэн байна. Зүгээр нэг автын осол биш байна гэдгийг хэргийн газар очсон түргэний эмч хараад л ойлгожээ. Урд суудал дээр хэд хэд удаа буудуулсан байдалтай хэвтэх эмэгтэйд эмчийн тусламж хэдийнээ оройтсон аж. Харин арын суудалд байсан эрэгтэй сумны хүнд шарх авсан ч амьсгалж байлаа. Хэргийн газрыг үзэж нягталсан мөрдөгчид болсон явдлын үйл явцыг дүрслэн гаргавал машиндаа сууж байсан хосууд ойртон ирэх алуурчныг хараад машинаа ухраасан ч арын дугуй нь жалганд орж гацсан бололтой. Харин алуурчин эхлээд машины гэрлийг буудаж унтраагаад, дараа нь доторх хүмүүсийг нь бууджээ. Энэ удаа “Флоренцын мангас” эмэгтэй хохирогчийг урьдын адил зэрэмдэглээгүй байна. Учир нь машин зам дээр байсан болохоор өөрийгөө баригдаж магадгүй гэж муу санасанын биз. Хохирогч амьд гарч алуурчны мөрөөр ороход тус болно гэж найдаж байсан цагдаа нарын горьдлого тасрав. 26 настай Пауля Миньярди нэг өдрийн дараа шархаа даалгүй нас баржээ. Мөрдлөг эргээд мухардалд оров. Гэхдээ цагдаа нар нэгэн арга сийлсэн байна. Тэд эл хэргийг анхнаас нь сурвалжилсан нэгэн сэтгүүлчид хандан хохирогч нас барахаасаа өмнө алуурчны тухай чухал мэдээлэл өгсөн тухай нийтэлж өгөхийг хүсжээ. Цагдаа нар өөрийнх нь тухай чухал зүйл мэдэж авсан гэдгийг сонссон алуурчин сандарч магадгүй гэж бодсон аж. Сандарсан хүн заавал алдаа гаргадаг шүү дээ.

Мөрдөгчид зөв тооцоолжээ. Пауля Миньярдыг оршуулаад хэдхэн хонож байхад хэргийн газар анх очсон эмч рүү хэн нэгэн харанхуй шөнөөр залгаад “Миньярди юу гэж хэлсэн” гэх сүртэй асуусан байна. Эмч хэн асууж байгааг сонирхоход өөдөөс нь “Флоренцын мангас байна. Гэр бүл, үр хүүхдэдээ хайртай бол амаа хамхиж яваарай" гээд утсаа тасалжээ. Цагдаа нар эмчийг алуурчин мөшгөх байх гэж бодож 24 цагийн хамгаалалт ажиглалт гаргасан ч алуурчин ил гарсангүй. Харин оронд нь мөрдөгчдөд нэгэн захидал ирсэн байна. Тэрхүү захидалд “Та нар 1968 оны наймдугаар сарын 21-нд гарсан хүн амины хэргийг сонирхоод үзээч” гэж өдсөн бас басамжилсан зүйл бичсэн байв. Эл өдөр Флоренц хотын захад нэгэн хос машиндаа буудуулж нас барсан байдалтай олдсон аж. Барбара Амбротти гэдэг эмэгтэй нууц амрагийнхаа хамт алуулсан байж. 14 жилийн өмнө гарсан эл хэрэг өнөөдөр үйлдэгдэж буй аллагатай холбоотой нь сумын шинжилгээгээр тогтоогдож мөрдөгчдийг алмайруулах нь тэр. Хохирогч эмэгтэй нь нөхөртэй бүсгүй байсан бөгөөд нөхрийг нь уг хэрэгт буруутган бүх насаар нь хорьчихсон аж. Тэгэхээр бас л гэмгүй хүн шийтгэгдсэн байх нь ээ. Алуурчин ёстой л даажигнаж байлаа. 1983 оны зун Италиар аялж явсан Германы хоёр жуулчны цогцос хотын захаас олдов. Хоёулаа эрэгтэй хүн байсан тул тэднийг зүгээр л буудчихаж. Яагаад хоёр эрэгтэй хүнийг алах болов гэтэл нэг залуу нь маш туранхай бас урт шаргал үстэй байсан болохоор харанхуйд алуурчин түүнийг эмэгтэй гэж андуурсан бололтой. Хэргийг “Флоренцын мангас” үйлдсэн нь сумны хонгиогоор нотлогдож байлаа. Дараагийн хохирогчоо мангас нэг жилийн дараа хөнөөжээ. Энэ удаа тэрбээр эмэгтэй хохирогчоо урьд урьдынхаасаа илүү зэрлэгээр нөхөөсөн байв. Хорьхон настай Пьер Мантини, Клавдио Стефанотти нар сүй тавьсан баяраа найз нартайгаа тэмдэглэж яваад хотын захад байдаг Баркачетта гэдэг байгалийн үзэсгэлэнтэй тосгон руу явсан байна. Тэднийг эргэж ирэхгүй нэг хоноход найз нар нь санаа зовон араас нь явжээ. Аймшигтайгаар зэрэмдэглэгдсэн хосыг хараад найз нарынх нь зарим нь тэр дороо ухаан алдаж унасан гэдэг. 1985 оны есдүгээр сарын 8-нд Скалетти тосгоны оршин суугч ойд мөөг түүж яваад эрэгтэй эмэгтэй хоёр цогцостой таарчээ. Францын жуулчин гэр бүлийн хоёрыг 22 голчтой буугаар буудаж, дараа нь эрэгтэйн хоолойг огтолж, эмэгтэйг нь “Флоренцын мангас”-ын гарын үсэг болсон хэлбэрээр хөнөөсөн байв. Гэтэл тэр орой нь мөрдөгчдөд “Флоренцын мангас”-аас захидал ирэх нь тэр. Тэрбээр захидалдаа хүн алга боллоо гэсэн мэдэгдэл гаргахгүйн тулд гадаадын хосыг сонгосноо хэлээд дугтуйндаа хохирогч эмэгтэйн тастаж авсан хөхний хэсгээс хийсэн байв. “Флоренцын мангас” эхлээд аллага үйлдээд дараа нь захидал явуулж мөрдөгчид хаана хэрэг гарсныг олуулж тоглохыг хүссэн бололтой. Алуурчны төлөвлөгөө бүтсэнгүй.

Арван жилийн хугацаанд “Флоренцын мангас” 14 хүний аминд хүрээд байлаа. 1980 оны сүүлээр гэмт хэргийн болон хэрэгтнүүдийн архивын мэдээлэл компьютерын системд орсноор “Флоренцын мангас”-ыг ангуучлах үйл ажиллагаанд эргэлт гэрчээ. Мөрдөгчид аллага болгоны эргэн тойрны судалгаан дээр биш харин зөвхөн гарсан хэргийг баримтуудыг нэгтгэн хүчингийн болон хүн амины хэргээр ял эдлээд суллагдсан хотын оршин суугчдын хөдөлгөөнтэй харьцуулж үзжээ. Багагүй тоо гарсан ч компьютерын тооллогоор нэг хүний нэр бүх долоон аллагын үеэр гарч ирэх нь тэр. Педро Почани гэдэг жар гарсан эр эхнэр, том болсон гурван хүүхэдтэй, фермерийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч бас нүдэнд дулаахан нэгэн байлаа. Тэрбээр сүйт бүсгүйгээ явуулын худалдаачинтай машинд нь үнэсэлдэж байхыг хараад тэсэлгүй эрэгтэйг нь буудаад алчихсан аж. Эл хэргийнхээ төлөө Почани 13 жил шоронд яс суугаад гарчээ. Мөрдөгчдийн анхаарлыг Почанигийн шүүх хурал дээр хэлсэн үг татсан байна. Тэрбээр хэлэхдээ “Сүйт бүсгүй маань намайг хуурсан явдлаас илүүтэйгээр түүний нүцгэн хөх намайг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн” гэжээ. Гэсэн ч Почани дээрх долоон аллагыг үйлдээгүй гэж гүрийсээр байв. Нас жар гарч, дээрээс нь зүрх муутай гэсэн оноштой тэрбээр ийм хэрэг үлдэх үү. Танил тал, хөршүүдээс нь Педрогийн талаар асууж судалбал тэрбээр эрч хүчтэй, бас асар чадалтай хүн нь нотлогдов. Педро томоохон  гуалинг мөрлөөд уул өөд ажрахгүй гараад явчихдаг гэнэ. Сэжигтний гэрт 11 өдөр,11 шөнө үргэлжилсэн нэгжлэгийн үеэр олдсон савхин хавтастай газрын зураг түүнийг долоон аллагын ямар ч байсан нэгтэй нь холбоотой гэдгийг нотлов. Уг газрын зургийг Флоренцын хаана ч зардаггүй бөгөөд худалдсан дэлгүүрийг нь эрж хайсаар Германы Оснобрюг гэдэг хотод хүрэв. Дэлгүүрийн худалдагч хоёр залуугийн зургийг хараад таньжээ. Педрогын гэрийн арын цэцэрлэгээс 22 голчтой бууны сумны хонгио ч олдож. Харин гар буу нь олдоогүй байна. Эдгээр нотлох баримтыг үл тоон Педро Пончани хэргээ хүлээгүй ч Флоренц хотын шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Дээрх баримт нь Педро Пончани  долоон аллагыг үйлдсэн гэдгийг шууд нотлохгүй байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг хэд буцааж хэд дахин сэргээсэн байна. 1997 онд  хангалттай нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр Педро Пончанийг сулласан аж. 1998 оны  намар Педро Пончани нас барсан байдалтай гэрээсээ олджээ. Педро Пончани нь “Флоренцын мангас” мөн биш гэсэн маргаан одоо болтол намжаагүй . Гэхдээ ямар ч байсан цуврал аллга зогссон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)