Хорыг нь "найруулж" явсан хүнийхээ хувьд хэлмэгдсэн гэж цоллогдох эрх Н.Энхбаярт байхгүй

Сүүлийн үед төрийн эрхийг хэдэн арван жил барилцсан хүмүүс хэвлэл мэдээлэлд “би мэдэхгүй, би ямар ч хамаагүй, би уг нь хэлсэн, надаас бусад нь бүгд муу, би л ганцаараа ямар ч өө сэвгүй хүн” гэж ярих “мод” дэлгэрлээ. Үүний хамгийн тод жишээ бол өнгөрсөн даваа гаригт “Цэнзургүй яриа” нэвтрүүлэгт орсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Өдгөө 60 насыг зооглож байгаа тэрбээр 1985 онд намын гишүүн болсон ба 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдсон юм байна. Үүнээсээ хойш байнга шийдвэр гаргах төвшний улс төрийн албан тушаал хашиж явсныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн эрхийг 26 жил барилцсан, амьдралынхаа 43 хувийг өөрчлөлт гаргаж чадахуйц албан тушаалд өнгөрүүлсэн хүн гэсэн үг. “Намбер ване” та Ардчиллаас хойших Монголын улсын улс төрийн хувь заяаг эхлэлээс нь өдийг хүртэл шийдэлцэж, хутгалдсан. Тэр ч утгаараа одоо үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар хаа хамаагүй хөндлөнгийн хүн шиг ярьж, өөрийгөө холдуулж, өөрийгөө өрөвдүүлэх гэж оролдох эрх танд байхгүй.

“Худалдаа хөгжлийн банк”, “сахал Эрдэнэбилэг”-ийн тухай ярьсан бүхэн тань үнэн бол хожим ч гэсэн ард түмэндээ хэлсэнд талархъя. Гэхдээ мэдээллээ хуваалцсаныхаа дараа, нэвтрүүлгийнхээ төгсгөлд “Хэнтийн сонгуульд та нэр дэвших үү” гэж асуухад “энэ бол намын шийдвэр, Хэнтий бол миний ээжийн төрсөн нутаг, би энэ нутагтайгаа хүйн холбоотой” гэж яриагүй бол таныг илүү хүндлэх байлаа. Өөрөө өөрийгөө Чингис хаантай хүртэл албадан холбож байгааг харахад нөхөн сонгуулийн компанит ажил, сонгогдохын төлөө бүхнээ хийж байгаа нь ойлгомжтой. Үнэхээр л эх оронч хүн, ард түмнийхээ төлөө үүнийг хэлж байгаа юм бол энэ үнэнээ илчилчхээд дуугаа л сууж байх байсан. Тэгэхгүй бол хэн нэгнийг өөрөөсөө муу болгож харагдуулангаа өөрөө өөрийнхөө нүглийг мартуулах гэсэн оролдлого мэт харагдаж байна шүү дээ. “Хүмүүст таалагдахгүй байгаа бүхэнд би ямар ч буруугүй харин таалагдаж байгаа бүхнийг бие даан хийсэн, намайг дахин сонгоорой” гэж хэлж байна гэж ойлгож болох уу.

“Оюутолгой”, “Худалдаа хөгжил”-ийн асуудал дээр та нээрээ эх орныхоо төлөө гэсэн зөв байр суурьтай байсан юм бол Ерөнхийлөгчийнхөө сэнтий дээрээсээ тэдний булхайг илчлэхгүй яасан юм бэ. Улс төрийн аргаар юу ч хийж чадахгүй юм аа гэхэд ядаж одоо нэвтрүүлэгт ороод ярьж байгаа шигээ хэвлэлээр “таминээ энэ хүмүүс чинь ийм муу муухай юм хийх гээд байна шүү” гээд хэлсэн бол та тэднийг зогсоох бүрэн боломжтой байсан. Гэтэл улс эх орны хөгжилд асар том хохирол учруулах үйлдэл хийж байгааг мэдсэн хэрнэ тэр хүмүүстэй нууцхан ярилцаж байсан гэдэг чинь өөрөө өөртөө хувь авах арга хайж байсан аль эсвэл өөрийн албан тушаалаа одоо хайр зарлаад байгаа ард түмнийхээ хувь заяанаас дээгүүр тавьсан гэсэн үг. Таныг шалгаж эхлэх хүртэл та амандаа ус залгисан мэт дугуй байсан шүү дээ. Ямартай ч бид 27 жилийн турш эх орныхоо төлөө ажиллаж чадаагүй хүнд өөрсдийгөө удирдах эрхийг яах гэж дахиж өгөх юм бэ. 80 насныхаа ой дээр дахид л “Би уг нь Занданшатар, Хүрэлсүх, Баттулгад хэлсэн юм” гээд л сууж байна шүү дээ. Бас хувийн яриаг нууцлах ёс зүй танд байдаггүйг бид ойлгож авлаа. Үүнийг Нацагдорж хамбын тухай ярьсан дээр тань үүдэн хэлж байна. Хэцүү үед чинь дэмжлэг үзүүлэн хэлсэн бүхнийг өөртөө хэрэгтэй үед олон нийтэд нөгөө хүнийхээ зөвшөөрөлгүй ярьж байдаг. Номын хүн улс төрийн амьдралд хутгалдах хүсэлгүй л байсан байх даа. Монголын төлөө ажиллах боломжийг Монголын ард түмэн танд олонтой өгч, итгэлийг нь та олонтой алдсан ч “Цэнзургүй Яриа” нэвтрүүлэгт орохдоо дурдсан “Худалдаа Хөгжлийн банк”-ны тухай захиа үнэн байсан тул хураангуй орчуулан гаргах нь бидний үүрэг гэж үзлээ. Уг орчуулга албан ёсны орчуулга биш болно. Дэлгэрэнгүй орчуулгын үргэлжлэл бий. Эх сурвалж: 

https://wikileaks.org/plusd/cables/06ULAANBAATAR881_a.html


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)