​Хорхойтсон шүднээсээ болж хүүхдүүд эрүүгээ тайруулах нь ч бий

Шүдний хатуу эдийн эрдэс алдагдсаны улмаас хөндий үүсэх эмгэгийг анагаах ухаанд шүд хорхойтох өвчин гэж тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд манай улс хүүхдийн шүдний өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихлээ. Хорхойтсон шүднээсээ болж эрүүгээ тайруулсан өчнөөн хүүхэд ЭХЭМҮТ-д бүртгэлтэй байна. Бүтнээр нь авхуулсан нь ч бий аж. Тус төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт жилд дунджаар 2100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 60 гаруй хувь нь яаралтай хагалгаа хийлгэдэг гэнэ. Учир нь шүд цоорох өвчний хүндрэлээс үүдсэн эрүү, нүүрний орчмын идээт үрэвсэл, гажгийг эднийх дангаараа эмнэдэг. Тасгийн эрхлэгч Г.Аянга “Хүүхдийн шүдний өвчин дийлдэхээ байлаа. Хорхойтож, удсан шүд эцэстээ эмнэлгийн хэлээр нэвчээс болдог. Үүнээс шалтгаалсан яаралтай хагалгааг бид өдөр тутам тасралтгүй хийж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хорхойтсон, үрэвссэн байхад нь тоодоггүй. 2018 оны эхний 10 сарын байдлаар манай тасагт 1785 хүүхэд хагалгаа хийлгэснээс 77.4 хувь нь яаралтай, үлдсэн нь төлөвлөгөөт мэс засалд орсон. Яаралтай хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн 698 нь шүдний гаралтай эрүү, нүүрний архаг үрэвсэлтэй байна. Эцсийн шатандаа орж, эрүүгээ тайруулж, авхуулсан нь ч жилд дөрөв, таваар тогтохгүй. Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхгүй явсаар тахир дутуу болгочихож байгаа нь харамсалтай” гэж ярив.

Үнэхээр аймшигтай гэхээс өөр юу гэх вэ. Шүд цоорох өвчин ийм үр дагавартайг хүмүүс тэр бүр мэддэггүй. Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай балчруудын 94 хувийнх нь шүд хорхой идсэн гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргажээ. Улаанбаатар хотын есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1190 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, үзлэгт хамруулахад 86 хувийнх нь шүд цоорсон, 44 хувьд нь өвчин хүндэрч, эрүү, нүүрний гажиг үүсгэсэн байж. Дунджаар нэг хүүхдийн 6-8 шүд хорхойтсон байсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоох болжээ. Сүүн шүд ийнхүү цоорч, үйрснээс байнгын шүд нь орсгой, хазгай ургаж, зуултын гажиг үүсгэх болсон байна.

ХҮҮХДИЙН ШҮДНИЙ МЭРГЭШСЭН ЭМЧ АЛГА

Багачуудын шүд ингэтлээ өвчлөх болсныг мэргэжлийн эмч нар олон янзаар тайлбарлав. Нэн тэргүүнд орчин үеийн хүүхдүүд багаасаа хатуу хоол, хүнс идэх нь багасжээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоол ундыг нухаж, нунтагладаг, ааруул хурууд, талхны зах, боорцог, яс мөлжүүлэхгүй байгаа нь ангалзах, зажлах, хивэх үйл явцыг алдагдуулахад хүргэсэн байна. Үүний уршгаар шүд нь хэврэгшин цоорч, улмаар гажиг үүсгэх болжээ. Зажилж, зулгаах нь шүдний эргэн тойрны булчингийн цусан хангамжийг сайжруулахаас гадна шүдлэх үе шатанд бэлтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, шүд солигдох үед эрүүний яс өргөөшөө тэлж, шүднүүд нь зайтай ургаж байвал зөв хөгжилтэй гэж үздэг. Харин байнгын шүдний ургах зай бага бол наана, цаанаа давхарлаж “соёолох” нь элбэг аж. Тиймээс хүүхдүүдээ багаас нь мэрэх, зулгаах үйлдэл байнга хийлгэж, бат бөх шүдтэй болоход нь туслах хэрэгтэй гэнэ.

Г.Аянга эмч “Шүд цоорсноос үүдсэн эрүү, нүүрний үрэвсэлт өвчин сүүлийн 10 жилд эрс нэмэгдсэн. 1998-2005 онд улс даяар “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэн, үр дүнд нь шүд цоорох, түүнээс шалтгаалсан хүндрэл, эрсдэл багасаж байлаа. Харин одоо буцаад ихэсчихлээ. Улсын хэмжээнд 1100 гаруй шүдний эмч ажилладаг гэх судалгаа бий. Тэдний 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад, үлдсэн нь аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Тэдний дунд хүүхдийн шүдний мэргэшсэн эмч бараг байхгүй. ЭХЭМҮТ-ийн Шүдний кабинет л гэхэд хоёрхон эмчтэй. Нөгөөтээгүүр Монгол Улсын хэмжээнд 18 нас хүртэлх хүүхдийн эмчилгээний зардлыг төрөөс даана гээд хуульчилсан ч шүдний хувийн эмнэлгүүд хүүхдээс мөнгө авсаар байна. Дунджаар нэг шүдийг 25-45 мянган төгрөгөөр эмчилдэг.

Ингэж хууль зөрчиж байхад хэн ч юу ч хэлдэггүй нь салбарын тогтолцооны гажуудал юм. Хатгалгаа тусахаараа үнэгүй эмчлүүлээд, шүдээ үзүүлэхээр төлбөртэй болчихдог. ЭХЭМҮТ бүгдэд нь үнэгүй үйлчилж болох ч ачааллаа дийлэхгүй байна. Дүүргийн эмнэлгүүдэд ч ялгаагүй, цаг олддоггүй. 1-2 сар хүлээх жишээтэй. Тиймээс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлуулах гэж салбарын мэргэжилтнүүд энэ жилжин л хөөцөлдсөн. Сая нэг хүчин төгөлдөр болов. Санал боловсруулах ажлын хэсэгт багтсаны хувьд 16 хүртэлх насны хүүхдийн шүдийг хувь, хувьсгалын эмнэлгийн алинд нь ч төлбөргүй эмчилдэг болгох хүсэлт тавьсан. Дэмжигдсэн бололтой. Ингэж ажиллавал үр дүнд хүрч магадгүй” гэсэн юм.

ИРЭХ ТАВАН ЖИЛД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Шүд хорхойтсоноор чих, хамар хоолойг үрэвсүүлэн, улмаар зүрх, бөөрийг гэмтээх аюултай тул холбогдох албаныхан өвчний тархалтыг бууруулах арга хэмжээ авч эхэллээ. 2019 оноос эхлэн таван жилийн хугацаанд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэх болжээ.


...Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай балчруудын 94 хувийнх нь шүд хорхой идсэн гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргажээ. Улаанбаатар хотын есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1190 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, үзлэгт хамруулахад 86 хувийнх нь шүд цоорсон, 44 хувьд нь өвчин хүндэрч, эрүү, нүүрний гажиг үүсгэсэн байж...


Хөтөлбөрт 2-12 насны 725 000 хүүхэд хамруулахад 2022 он гэхэд өвчний тархалт 30 хувь буурна гэж тооцжээ. Тодруулбал, ирэх таван жилд иргэдийг амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлд төлөвшүүлэх, сургалт, сурталчилгааны олон ажил өрнүүлэх гэнэ. Мөн хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ шүдээ угаах орчин нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад санхүүжилтийн зонхилох хувийг зарцуулах аж.

Уг мэдээллийн хажуугаар “Хүүхдийн шүд эмчлэх нэрийдлээр 50 тэрбум төгрөг салхинд хийсгэх нь” хэмээн хардах хүн ч цөөнгүй байв. “Хаппи веритас” оношилгооны төвийн дарга Ж.Амарсанаа “Хүүхдийн шүдийг эмчлэх нь маш чухал. Гэхдээ ямар өвчинд хэдэн төгрөг зарцуулахаа сайн бодох хэрэгтэй. Чихэр, ундааны төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахгүй бол 100 тэрбум төгрөг цацаад ч үр дүнд хүрэхгүй. Монгол Улс хэрэгцээнээсээ 10 дахин давсан чихэр, ийм төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Үр дагавар биш, шалтгаантай нь тэмцмээр байна” гэсэн юм.

ЦАХИУР ЦУХУЙМАГЦ АМНЫ ХӨНДИЙГ АРЧЛАХ ЁСТОЙ

Эрүүл шүд эр цэрэгт тэнцэхэд, эрүүл хүүхэд төрүүлэхэд ч нөлөөлдөг гэдэг. НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, нүүр, амны их эмч Б.Оюундариас хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн талаар зарим зүйл тодруулав.

-Хүүхдийн шүдийг хэдэн наснаас нь угаалгах ёстой юм бэ?

-Цахиур цухуйж эхэлмэгц тохирсон бүтээгдэхүүнээр амны хөндийг нь арчилж, өнгөрийг цэвэрлэх ёстой. Нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгах, аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэнэ. Томрох тусам нь л насных нь ангилалд таарсан, шүд цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

-Эцэг, эхчүүд хүүхдийн шүдэнд хар эм түрхэхийг буруу, шүдлэх явцыг удаашруулдаг гэх юм?

-Хар түрхлэг буюу сафорайдыг сүүн шүд нь эрдэсгүйжиж, цоорч эхлэх үед түрхдэг. Энэ нь шүдний цоорлыг зогсоох, эрдэсжүүлэх үйлчилгээтэй. Цоорсон хэсгээр өнгөр цайж, харладаг. Харин ч “Хар эм түрхүүлчихсэн юм чинь хүүхдийн маань шүд цоорохгүй” гэсэн буруу ойлголттой байна. Шүдийг нь байнга цэвэрлэж, арчлахгүй бол сафорайдгүй, болон бусад хэсгээрээ цоорч, өвчилдөг. Тэрнээс биш хар эм түрхүүлснээс болоод сүүн шүд унахгүй удна гэж байхгүй.

-Багачуудадад ямар оо сонговол зүгээр байдаг вэ?

-Саяхныг хүртэл ДЭМБ зургаагаас доош насны хүүхдүүд фторгүй оо хэрэглэхийг зөвлөдөг байсан. Гэвч сүүлийн үед фтортой оогоор угаахыг чухалчлах болж. Гэхдээ агууламжийг нь хянах хэрэгтэй. 0-3 насанд маш бага, 3-6-тайд вандуйны хэмжээтэй түрхэж хэрэглэнэ. Томрох тусам нь хэмжээгээ тохируулах юм. Монгол орны газар зүйн байршлаас хамаараад говийн аймгуудад ундны усан дахь фторын хэмжээ их байдаг. Тэндхийн хүүхдүүд фторгүй оо хэрэглэх нь зүйтэй. Ийм эрдсийн хэмжээ илүүдвэл шүд толботой болж, хэврэгшдэг. Хүүхдийн шүдийг буруу арчлах, дутуу цэвэрлэснээс болж нэг нас хүрэв үү, үгүй юү л “өргөснүүд” нь хорхойтож байна. Мөн хоол, хүнсний чанар, хооллох давтамжаас шалтгаалдаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ чихрийн агууламж өндөртэй, шүдэнд наалдамхай амттан, ундаа авч өгөх болжээ. Үүнтэй холбоотойгоор шүд цоорох өвчин нь хүндэрч, нүүр, амны гажиг ихээр үүсгэж байна. Хүүхдийн шүдийг зөв арчилж, цэвэрлэснээр олон өвчнөөс сэргийлэхэд тустай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)