Хорт хийн агууламжийг шалгахыг анхааруулав

2019 оны эхний найман сард 157 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж, 23 нь нас баржээ. Нийт ослын 14.6 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11.5 хувь нь ус хангамж, бохир ус зайлуулах систем, цэвэрлэх байгууламжид гарсан байна. Бохир ус цэвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, стандартыг хэрэгжүүлээгүйгээс үйлдвэрлэлийн осол нэмэгдэж буйг МХЕГ-аас анхааруулав. Тухайлбал, сүүлийн найман сард энэ төрлийн осол тав бүртгэгдэж, 22 хүн өртөн, долоо нь амиа алджээ. Мөн 14 хүн хүнд, нэг иргэн хөнгөн гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

МХЕГ-ын газар Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Бохир ус цэвэрлэх байгууламжид гарч байгаа осол, хордлогоос урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай. Цэвэр, бохир усны худагт орж ажиллахын өмнө хүчилтөрөгч болон хорт хийн агууламжийг заавал шалгаж, аюулгүй байдал хангасан, эсэхийг нягтлах дүрэмтэй. Гэтэл эл журмыг мөрдөөгүйгээс хүний амь үрэгдсэн осол нэг бус удаа гарсан. Тиймээс холбогдох байгууллагын ажилтнуудыг хорт хийн багаар хангаж ажиллана уу хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд албан бичиг хүргүүлсэн. Хариуг одоо хүртэл ирүүлээгүй байна” гэв. Хязгаарлагдмал орчинд ажиллахын өмнө хүчилтөрөгч болон хорт хийн агууламжийг заавал шалгах ёстой гэх заалт хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журамд бий. Гэвч манайд хорт хий хэмжих багаж байдаггүй. Цэвэрлэх байгууламжийн ажилтнууд амиа алдсан харамсалтай явдал сүүлийн жилд нэг бус удаа гарсны дараа л УСУГ-аас хорт хий мэдрэгч, дохиоллын багаж тавих болжээ. Одоогоор хорт хий шүүгч 120 хошуувч, хэмжилтийн хоёр багаж, агаар нөөцлөгч нэгийг авчээ.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)