Хорт хавдарт найр тавьсан “хог” түлш

“Агаарын бохирдол жилээс жилд ихсэж, нийслэл маань өвчний “уурхай” боллоо”, “Зүрх, судасны өвчнөөр нас барах хүн олширч, Монгол агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж байна” гэх мэт мэдээллийг бид улиг болтлоо сонсож, хэвийн зүйл мэт тайван хүлээж авдаг болов. Эрүүл энх амьдарна гэдэг хүндхэн сорилт болоод буйг ойлгосон зарим иргэн энэ аюултай хэдийнэ дасан зохицож, “Яавал хорт утаанд бага өртөх вэ” гэж бодож суухад нөгөө хэсэг нь бүр нэрмээс болж “хөрөнгө оруулан” дэмжиж байна.

Тодруулбал, агаар дахь хорт бодисын хэмжээг ихэсгэдэг, нийлэг эд (полимер)-ээр хийсэн зүйлсийг зарим өрх, албан байгууллага түлшиндээ хэрэглэж, нийслэлчүүдээ хордуулсаар байна. Нийслэлийн Агаарын чанарын албаны Орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн М.Отгонбаяр “Нийлэг эдээс бүтсэн зүйлсийг түлшинд хэрэглэх нь агаарыг химийн хортой бодисоор баяжуулдаг. Нийслэлийн зарим хэсэгт ийм бодис хүлцэх хэмжээнээс их байдаг нь үүнтэй холбоотой” гэв. Агаар дахь химийн хортой бодисын хэмжээ нэмэгдсээр аюултай түвшинд хүрээд буй газрын нэг нь Сүхбаатар дүүргийн X, XI дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчим.

Агаар, хөрсний бохирдлоор дээгүүрт ордог, хүн ам, автомашины төвлөрөл ихтэй тухайн бүсэд нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт зорилоо. Бид 09.00 цагийн орчимд очиж, нийслэлийн Агаарын чанарын албанаас санаачлан бүтээсэн “Air pollution” аппликейшний тусламжтайгаар эхний хэмжилтээ хийхэд бага зэргийн бохирдолтой байв.

Мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээгээр бол бохирдлын түвшин ийм байхад агаар дахь тоос, хорт бодис нүдэнд харагддаггүй, нөлөөлөл бага гэх боловч зүрх, уушгины архаг өвчтэй өндөр настан, нярай хүүхэд, хэт мэдрэмтгий хүмүүст хүчтэй нөлөөлдөг гэнэ.

Тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэр азотын давхар исэл зэрэг хортой бодисын хэмжээ энэ өдөр МҮОНРТ орчмынхтой харьцуулахад бага байсан боловч өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их гэсэн үзүүлэлттэй байв. Жилийн өмнөх энэ өдөр агаар дахь хортой бодисын хэмжээ 180 (хорт бодисын хэмжээнээс хамаарч бохирдлыг 50-510 мкм гэсэн нэгжээр үнэлдэг) байсан бол энэ үед 363 болон өсчээ.

Амралтын өдөр болоод ч тэр үү, гадаа цас орсных ч юм уу, хөл хөдөлгөөн багатай байсан ч цаг өнгөрөхийн хэрээр нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн ихсэж, агаарын бохирдол ч “амилж” эхлэв. 10.30, 14.00 цагт дунд зэргийн бохирдолтой байснаа 16.00 цагт их гэсэн ангилалд шилжчихэв. X дугаар хорооны 36 дугаар байранд оршин суугч иргэн Х.Гантуул , З.Батболд нар “Цас орж байгаа учраас агаарын бохирдол ямар байгаа нь харагдахгүй юм. Энэ хавийн агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн” гэв.

100 айл орчмын агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд барилгын материалын худалдаа эрхэлдэг төв, дэлгүүрүүд ихээхэн “хувь нэмэр” оруулдаг гэж Агаарын чанарын албаны мэргэжилтэн хэлсэн. Түүний өгүүлснээр бол наймаачид өвлийн хүйтнийг давахын тулд хаймар (дугуй), гялгар уут, хөөсөнцөр, тавилгын үйлдвэрийн цавуутай хаягдал мод зэргийг түлдэг гэнэ.

“Муухай үнэртэй зүйлс шатааж, агаар бохирдуулж байна” гэсэн гомдол иргэдээс тус байгууллагад байнга ирдэг ч өнөөг болтол дорвитой арга хэмжээ авч чаддаггүй аж. Гэр ахуй болон албан тасалгааны тавилга захиалгаар хийж худалддаг “Энх тулга” дэлгүүрийн эзэн Б.Энхтунгалагаас энэ талаар тодруулахад “Оюуны өмч, улсын бүртгэлээс хойших хэсэг буюу Долоон буудал чиглэлд байдаг барилгын материалын, жижиг дэлгүүрүүд бүгд галладаг. Тэд хаймар, хөөсөнцөр түлж дулаацан өвлийг аргацаадаг байх” гэсэн бол “Чин тулга” худалдааны төвийн эзэн Ц.Наранмандах “Мод, нүүрс авахгүй, дугуй, хөөсөнцөр түлдэг дэлгүүрүүд бий. Зарим тавилгын дэлгүүр хаягдал материалаа шуудайлж зардаг.

“Бөбөөчид” буюу архаг архичид хаймар, хуванцар, хөөсөнцөр зарна гээд явж байдаг. Гэхдээ барилгын материалын дэлгүүрийнхэн л агаар бохирдуулдаг гэж ойлгож болохгүй л дээ” гээд хорт бодис ялгаруулдаг, хаягдал зардаг нэгэн дэлгүүр зааж өгсөн нь “Баян хараат” байв. Уг дэлгүүрт очиход цоожтой байсан бөгөөд зэргэлдээх дэлгүүрийн худалдагч бүсгүй “Эднийх ойрд онгойгоогүй. Наймаанд явсан бололтой. Тийм “түлш” зардаг нь үнэн” гэв.

Барилгын материал, тавилгын худалдаа эрхэлдэг цөөнгүй дэлгүүр, худалдааны төвд оров. Ес эхэлж, тачигнасан хүйтэнтэй золгоогүй байгаа учраас ихэнх нь галлаж эхлээгүй, худалдагчид нь зузаан хувцастай зогсоно. Түлшиндээ юу хэрэглэж, өвлийг давдаг талаар хэд хэдэн худалдагчаас асуухад “Боломжтой үедээ нүүрс, түлээгээ худалдаж авдаг. Заримдаа хаймар, хаягдал мод, үртэс, хөөсөнцөр, хуванцар зэрэг аахар шаахар зүйл түлдэг” гэж хэнэг ч үгүй хариулав.

Аахар, шаахар гээд буй зүйлс нь хэчнээн хүнийг хордуулж, хэр зэрэг хорт бодис ялгаруулдгийг тэдний хэн нь ч мэддэггүй аж. Хаймар, хөөсөнцрийг юугаар хийдэг, ямар нөлөөтэй талаар асуухад хариулчих хүн олдсонгүй. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Отгонхүү “Нийлэг буюу полимер эдээр хийсэн зүйлийг шатаахад бий болдог утаа нь хорт бодис агуулдаг учир улаан хоолой, уушги, зүрхний өвчин үүсэх нөхцөл болдог.

Тэр ч бүү хэл, нүдний салст бүрхэвчийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг. Ийм төрлийн материалаас хамгийн хортой нь хаймар. Түүнээс ялгардаг бензперин гэдэг бодис маш аюултай. Хөглөрүүлж, ил задгай хаяхгүй гээд шатаачихдаг гялгар уут ч бидний төсөөлснөөс хэд дахин их хэмжээний хортой бодис ялгаруулдаг” гэж халаглав.

Сүхбаатар дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын худалдаа эрхэлдэг 300 гаруй дэлгүүр бий гэнэ. Тэдний төлөөлөл болох, цөөн хүнтэй уулзахад агаар бохирдуулагч хортой бодисыг “үйлдвэрлэдэг” дээрх зүйлсийг түлж, өвлийн хүйтнийг давдаг тухайгаа нуулгүй ярив. Тун удахгүй ес эхэлж, дүн өвлийн хүйтэнтэй золгоход тэд үндсэн “түлшээ” хэрэглэж эхэлнэ. Өдийд аюултай хэмжээнд хүрээд буй агаарын бохирдол ч дээд цэгтээ хүрч, хорт бодисын “үйлдвэрлэл” ихэснэ.

Өртөг багатайг нь бодон химийн хортой бодис ялгаруулдаг “хог” түлш хэрэглэдэг барилгын материалын наймаачдыг хэрхэх вэ. Гэр хорооллын зам дагуу байрлаж, ТҮЦ, амбаар мэт жижиг байранд төрөл бүрийн бизнес эрхлэгчид, дугуй засварынхан ч бас тэдний “хамсаатан”. Гэртээ харих замдаа Баянбүрдээс Долоон буудал чиглэлд байрлалтай дугуй засварын хоёр ч газраар орж, эзэнтэй нь уулзахад “Нэгэнт хэрэглэхээ байсан зүйлийг дэмий хаялтай биш. Хямд өртгөөр зарчихдаг” гэсэн ижил зүйл хэлэв.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-ын гишүүн Н.Осорын хэлж буйгаар гадаадын зарим оронд агаар бохирдуулдаг, ийм төрлийн материалаар хийсэн зүйлийг түлшинд хэрэглэхийг хуулиар хориглодог аж. Харин манайд хэн дуртай нь ийм зүйл түлж байна. Уг нь Монгол Улсын Агаарын тухай хуульд “Суурин газрын хогийг хортой, халдвартай, эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаяж, шатаахыг хориглоно” гэсэн заалт бий.

Үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох эрх холбогдох байгууллагуудад нь ч байдаг юм байна. Гэвч бид үүнийг мэддэггүйгээс өөрийгөө ч өрөөлийг ч хохироосоор, хууль хэрэгжүүлэгч, хяналт тавигчид нь нүдэн балай чихэн дүлий суусаар л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)