Хороо хуваах гэж хөгөө чирч байна

хот төлөвлөлт

Шилжилт хөдөлгөөн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эмнэлгийн анхан шатны үзлэг, оношилгоо гээд төрийн анхан шатны үйлчилгээг иргэд хорооноосоо авах ёстой. Гэтэл манай зарим дүүргийн хороодын “даац” хэтэрч, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж чадахаа больжээ. Жишээлбэл, орон нутгаас шилжин ирэх иргэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ихэвчлэн төвлөрдөг. Үүнээс болж тус хоёр дүүрэг хүн олонтой, 30 гаруй хороотой. Нэг хороо нь 20-30 мянган хүн амтай байв.

Тиймээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах талаар нэг хэсэг бужигнаж, зөв, буруугаа дуудалцсан. Улмаар 2018 онд Сонгинохайрхан дүүргийн бүх хороодын Иргэдийн нийтийн хурал хуралдсан аж. Тус хуралдаанаар дүүргээ хуваах уу, эсвэл хороодыг “задлах” уу гэдэгт санал хураажээ. Хуралд оролцогсдын 64 хувь нь хороо хуваахыг дэмжсэн байна. Учир нь дүүргийг хуваавал захиргааны байр барихаас авхуулаад хөрөнгө, санхүүтэй холбоотой томоохон асуудлууд “босож ирэх” тул шинэ хороод байгуулахыг олонх нь дэмжсэн гэнэ.

Улмаар эл асуудлыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн, нийслэлийн Засаг даргад өргөн барихаар шийдвэрлэжээ. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын 25, 21 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүрэгт 11 хороо шинээр байгуулах шийдвэр гаргасан.

Хүн ам хэт төвлөрснөөс төрийн үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй, нэг албан хаагчид олон иргэн ногдож буй хороодыг хуваах асуудлыг өнгөрсөн тавдугаар сард болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хэрэгжүүлэх болсон билээ. 2019 онд 20 хороог хуваан, өөрчлөн зохион байгуулах бөгөөд уг ажилд зарцуулахаар 6.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Сонгинохайрхан дүүргийн 11, Хан-Уулын тав, Налайхын нэг, нийт 17 хороо шинээр байгуулахаар тогтсон. Үүнээс Сонгинохайрхан дүүргийнхэн шинэ хороодоо байгуулж, ажлаа эхлүүлжээ. Хороодыг хэрхэн байгуулж буйг сурвалжиллаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 43 ХОРООТОЙ БОЛОВ

Сонгинохайрхан дүүрэг 321 мянган хүн амтай бөгөөд урьд нь 32 хороотой байв. Хан-Уул, Чингэлтэй зэрэг бусад дүүргийн нэг хороонд 4-10 мянган хүн ногдож байхад тус дүүргийн зарим хороо 25-27 мянган иргэнтэй байсан юм. Тиймээс энэ удаад 10 мянгаас дээш хүн амтай хороодыг хувааж, 11 хороо шинээр байгуулжээ. Ингэснээр нийт 43 хороотой болсон аж. Эл ажлын талаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатараас тодруулахад “Шинээр байгуулсан 11 хороо түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Засаг даргын түр орлон гүйцэтгэгч нарыг хуулийн дагуу томилсон. Хорооны үндсэн үйл ажиллагаа, иргэний болон аж ахуйн нэгжийн бичиг баримтыг шилжүүлэх зэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах нь мэдээж. Үүнийг нийслэлийн төсвөөс шийдэж буй. Дүүргийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй. 2020 оны дүүргийн төсөвт эдгээрийн зардлыг суулгах байх” гэлээ. Шинээр байгуулсан бүх хорооны барилгыг ирэх оноос цогцоор нь шийдэх аж.

Тус дүүргийн 26 дугаар хороог 2010 онд 10 758 хүн амтай байгуулжээ. Гэтэл 10 жил болоогүй байхад хүн амын тоо нь хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Тиймээс дээрх хороог хувааж, 36 дугаар хороог байгуулжээ. Нэгэн иргэний хувийн байгууламжийг түрээсэлж буй тус хороо одоогоор зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Засаг даргын түр орлон гүйцэтгэгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй юм. “2020 онд хорооны шинэ байрыг барьж, ашиглалтад оруулна гэсэн тул том талбайтай байр түрээсэлсэнгүй. 

Тэгээд ч албан хаагчдын орон тоо цөөн байгаа энэ үед өндөр түрээс төлж, том байранд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй” хэмээн тус хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгч М.Сампилноров хэлэв. Мөн зургадугаар хороог ч хоёр хуваажээ. Тус хороог 1992 онд байгуулсан бөгөөд 2012 онд 11 мянга гаруй хүн амтай байсан аж. Харин “Содон”, “Очир” зэрэг хорооллыг тус хорооны нутагт барьснаар хүн амын тоо эрс өсөж, 20 мянга давжээ. Тиймээс гэр хороолол, орон сууцны хүн амыг тусад нь салгажээ. Ингэснээр “Содон”, “Очир” хороолол, Ханын материалын комбинатын эцэст байрладаг орон сууцны иргэд 37 дугаар хороонд харьяалагдах болсон байна.

ОРОН ТОО НЬ БИЙ Ч АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЛГА

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодын албан хаагч болох зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг томилдог. Төрийн албаны шинэ хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгүүлсэн иргэдээс дээрх албан хаагчдыг авч, туршилтаар ажиллуулж эхэлжээ. Шинээр байгуулсан 11 хороонд зохион байгуулагчдыг нь томилсон ч нийгмийн ажилтан олдохгүй байгааг Д.Төмөрбаатар дарга онцлов. Тэрбээр “Төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэсэн иргэдээс шалгуур хангах хүн ирэхгүй байна” гэсэн юм. Тиймээс одоогоор шинэ хороод нийгмийн ажилтангүй үйл ажиллагаа явуулж буй гэнэ.

ЕСӨН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХУУЧИН ХОРООНООСОО АВНА

Шинэ байгуулсан хороодод хэсгийн төлөөлөгч, цагдаа, Өрхийн эрүүл мэндийн төв, халамж, улсын бүртгэлийн үйлчилгээ хараахан нэвтрүүлээгүй байв. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хороог нь хоёр хувааж, иргэдийн тоог бууруулсан ч дээрх байгууллагын албан хаагчдын ачаалал хэвээрээ үлдэх нь. Албаныхны хэлж буйгаар оны дундуур хийж байгаа ажил учир дээрх байгууллагуудын бүтэц, орон тоонд өөрчлөлт орох боломжгүй. Тийм төсөв ч байхгүй гэсэн. Тиймээс 2020 оноос тендер зарлаж, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулж, шинэ барилга ашиглалтад оруултал шинэ, хуучин хороодын албан хаагчид дотоод зохион байгуулалт хийж, хоёр газар ээлжлэн ажиллахаар болсон гэв. Ингэхээр угаасаа ачаалал ихтэй байсан албан хаагчид хоёр, гурван газарт “тэлээлэх” нь.

Тус дүүргийн 37 дугаар хороо (хуучин зургадугаар хороонд харьяалагдаж байсан)-ны нэгэн иргэн “Юу болоод байгааг ойлгоогүй байна. Урьд нь манайх зургадугаар хороо байсан. Саяхан хороонд очиж, халамжийн талаар лавлах гэтэл бараг хүнгүй “Танайх 37 дугаар хорооны айл болсон шүү. Тийшээ оч” гэсэн. Гэтэл тэр шинэ хороо нь хаана байгааг мэдэж чадсангүй. Мөн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хамран сурах тойргийг яаж өөрчилснийг мэдэхгүй байна” гэв. Түүнтэй адил бичиг баримтаа хэрхэн солиулах, хорооных нь байр хаана байгааг ч мэдэхгүй хүн цөөнгүй байсан юм.

Сонгинохайрхан дүүрэг 27 сургууль, 41 цэцэрлэгтэй аж. Энэ хичээлийн жилд нэг сургууль л гурван ээлжээр хичээллэх гэнэ. Тиймээс хороо хуваасантай холбоотойгоор шинэ сургууль барих шаардлагагүй. Хүүхдүүд хуучин сургууль, цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Уг ажилд тулгамдаж буй бас нэг асуудал нь интернэт. Хорооны улсын бүртгэлийн программ хангамжийг нэвтрүүлэхийн тулд зайлшгүй тусгай сүлжээ оруулах ёстой гэнэ. Үүнийг шийдэхгүй бол иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ч хийх боломжгүй юм байна.

Шинэ хороод байгуулах ажлыг урьдчилан бэлтгэлгүй эхлүүлснийг эндээс харж болохоор. Үйл ажиллагаа нь жигдэртэл иргэд ч, албан хаагчид ч зүдрэх бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)