“Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэгсэд ажлын цагаа уртасгах саналтай байдаг”

Монгол Улсын иргэнд шүүх эрүүгийн хариуцлага тооцсон л бол үйлдсэн хэрэгт нь тохирсон ял ногдуулдаг. Шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэн, ял эдлүүлэхэд хяналт тавьдаг. 2002 оны Эрүүгийн хуульд албадан ажил хийлгэх гэсэн шийтгэл байсан бол 2015 онд шинэчлэн найруулснаар нийтэд тустай ажил хийлгэх хэмээн нэрлэх болсон юм.

Нийслэлийн ШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнууд болон хорихоос өөр төрлийн ял, эдийн засгийн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажилладаг. 2002 оны хуульд зааснаар төрлийн ялаар шийтгүүлсэн хүнийг 100-500 цаг албадан ажил хийлгэж, өдөрт 3-8 цаг ажиллуулдаг байж. Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй хуульд ялтанд 240- 720 цагийн ажил хийлгэх, өдөрт хамгийн ихдээ дөрвөн цаг гүйцэтгэж болохоор өөрчилсөн. Нийтэд тустай ажлыг хийлгэхдээ ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч төрийн аль нэг байгууллагатай гэрээ байгуулан ялтныг ажиллуулдаг гэнэ. Мөн уг ялыг эдлүүлэхдээ ШШГЕГ-ын даргын 2017 онд гаргасан А/188 тушаалын хавсралтад заасан, 30 гаруй албан байгууллагад хийлгэдэг аж. Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн хүмүүсийн мэргэжил, боловсролыг харгалзан ямар газарт ял эдлүүлэхээ шийддэг. Гэсэн ч ял авсан иргэдийн 60-70 хувь нь эзэмшсэн мэргэжил, боловсролгүй байдаг. Тиймээс мэргэжилгүй ялтнуудыг дүүргүүдийн ТҮК-д нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэх, автобус баазад автобус угаах, орон сууцны хог ачих зэрэг ажил хийлгэн ял эдлүүлдэг юм. Харин мэргэжил, боловсролтой ялтнуудыг ажлын чадамж, онцлогоос нь хамаарч аль нэг байгууллагад туслахаар явуулдаг юм байна. Энэ онд 913 ялтан нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлэн, 667 нь биеэр эдэлж дууссан бол, 246 хүн ялаа эдэлж буй. Нийтэд тустай ажил хийж байгаад тухайн байгууллагадаа ажилтан болсон хүн ч цөөнгүй гэнэ. 

Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт ТҮК-д нийтэд тустай ажил хийн, ялаа эдэлж байхдаа жолоочийн туслах болсон ялтан өдгөө жолооч болж бүтэн цагийн ажилтан болжээ. Мөн ялаа эдэлж байсан ялтан ТҮК-д гагнуурчнаар ажилд оржээ. Шүүхээс ногдуулсан ялыг эдлэхгүй оргон зайлах тохиолдол ч цөөнгүй аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар 126 иргэн ял эдлэхээс зайлсхийж, шүүхээр ялыг нь хүндрүүлэн хорьсон байна. Эдгээр ялтны 124 нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ. Хэрэв ялтан ял эдлэхээс зайлсхийвэл шүүхээс хорих ялаар сольж, эдлээгүй ялын найман цаг нь, нэг хоногтой дүйцүүлэн тооцож хорьдог аж. Ялтан ялаа долоо хоногт хамгийн багадаа 10 цаг эдэлсэн байх ёстой. Долоо хоног бүр шийдвэр гүйцэтгэгч ялтны талаар ажиллаж байгаа байгууллагаас нь мэдээлэл авдаг. Хэрэв долоо хоногт 10 цагаас бага ажилласан бол хорих ялаар солих хуультай. Өмнөх хуулийн заалтад ялтан өдөрт 3-8 цаг ажиллаж болдог байсан. Тийм учраас богино хугацаанд эдлээд дуусдаг байж. Харин шинэ хуулиар өдөрт дөрвөн цаг ажиллах ёстой учир долоо хоног ажиллалаа гэхэд ялаас 28 цаг хасагддаг. Ял нь илүү удаан дуусдаг гэсэн үг. Шинэ хуулийн зохицуулалт ажил хийдэг, сурдаг хүнд илүү тохиромжтой, хүсвэл тухайн байгууллагатай гэрээ байгуулаад ажлын цагийг өөрт нь тохируулж солих боломжтой гэсэн.

“Ялтны олонх нь өдөрт ажиллах цагийг сунгах, өмнөх хуульд заасан шиг ажиллах цагаа сонгох боломжтой болгож өгөөч гэдэг. Өдөрт бага ял эдлэх хуультай болсон учир ялтнуудыг ажил хийлгэх, хог цэвэрлүүлэхэд дөрвөн цаг нь дуусчихдаг болохоор хүндрэлтэй. Тэгэхээр тухайн байгууллагынхан ялтанд чи ажлаа үргэлжлүүлээд хий гэж хэлэх ямар ч эрх байдаггүй” хэмээн нийслэлийн ШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгс хэллээ.

Өмнө нь жилд 200-гаад хүнд албадан ажил хийлгэх ял оноодог байсан. Гэвч шинэ хуулийн зохицуулалтаар ялтны тоо өсжээ. Цаашдаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэний эрхийг хүндэтгэдэг бол ял эдлэх хугацааг нэмж, зөвхөн төрийн байгууллага бус, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллавал ялын биелэлт өндөрсөж, ялтнуудад ч хэрэгтэй гэдгийг дээрх газрын ажилтнууд өгүүллээ.

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)