Хориотой бараа зөөсөн гэх дипломат ажилтны мэдээлэл ирээгүй байна

ОХУ-ын Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан А.Батсайханыг тамхи хил дамнуулан зөөсөн хэрэгт сэжиглэн Польшийн хууль хяналтынхан улсынхаа хил дээр саатуулжээ. Тэрбээр өмнө нь Варшав дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан аж. ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг түүнийг их хэмжээний тамхи гаргах гэж байгаад баригдсан гэсэн мэдээлэл өчигдөр цацагдав.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад -А.Батсайхан амралтаараа Польшид явж байгаад саатуулагдсан. Түүний ачаа тээшнээс тамхи, хуулиар хориотой бараа гарч ирсэн гэх мэдээлэл одоогоор тогтоогдоогүй байна. Манай ажилтныг гэнэт саатуулсан болохоор хардаж ийм яриа гаргасан байх. Энэ талаарх асуудлыг манай газрынхан тодруулахаар ажиллаж байгаа гэв.

О.НАМЧИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)