Хоригт нийцүүлэн хуулиа өөрчлөв

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, ард нийтийн санал асуулга явуулах болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталсан тогтоолд тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор дээрх хуулиуд дахь “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуультай нийцүүлсэн нь энэ. 

Үүнээс гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тодруулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулах хүрээнд хугацаа заасан төдийгүй “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгосон гэнэ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгажээ. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байхаар хуульчлав.

Хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад буй. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж тодорхой шийдэлд хүрээгүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр “унасан” зарим саналын талаар эргэж ярихыг АН-ынхан шаардаж буй сурагтай. Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийг холимог системээр явуулах зэрэг саналыг АН-ынхан тулгаж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уламжилсан. Дээрх хуулиудыг баталсан нь зөвшилцлийн ажлыг урагшлуулах нэг алхам болж буй юм. Энэ тухайд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зөвшилцөх ажлын хэсгээс гарч байгаа зарим заалтыг нэмэх гарц бий болгох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталлаа” хэмээн тодотгоно лээ.

“САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХОРТОЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ”

Мөн сайжруулсан түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаар гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Дэгийн дагуу сөрөг хүчний гишүүдээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авсан. Тухайлбал, Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсээр сайжруулсан түлш хийх болсон шалтгаан, шахмал түлш үнэргүй ч их хортой гэсэн мэдээлэл үнэн, эсэхийг тодруулж байлаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан.

Үүний дагуу сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан түлш хортой гэдэгтэй санал нийлэхгүй. Үүнийг Багануур, Налайхын нүүрстэй харьцуулахад чийглэгийн хэмжээ нь 2-3.7, дэгдэмхий бодис 2.5 дахин бага, илчлэг нь 1.5-2 дахин их гэдэг нь тогтоогдсон. Нүүрсийг шатаахад бензол тэргүүтэй нэгдэл үүсдэг. Энэ хар утаа нь хорт хавдрын гол эх үүсвэр болдог. Харин шахмал түлшинд ийм зүйл байхгүй. Утаанаас ангижрахын тулд дэлхийн олон орон шахмал түлш ашиглаж ирсэн. Сайжруулсан түлшийг хүрэн нүүрс, коксжсон нүүрсний завсрын бүтээгдэхүүнээр хийж байгаа. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн. Шахмал түлшийг Япон, АНУ ашиглаж байсан. Гэр хорооллын дийлэнх айл хэрэглэж байгаа. Хүн угаартсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ онд нийт 86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байна” гэв.

“Тавантолгой түлш” компани болон ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд сайжруулсан түлшийг олон янзаар хийн туршжээ. Сонгинохайрхан дүүргийн найман хорооны иргэд сайжруулсан түлшийг хоёр дахь жилдээ хэрэглэж байгаа гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр хуучирсан зуух, яндан, ханан пийшингээс үүдсэн асуудал юм билээ. Цаашид ийм асуудал гаргахгүй байхын төлөө Засгийн газар ажиллаж байна. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага нүүрс түлдэг 27 уурын зуухтай. Эдгээрт сайжруулсан шахмал түлш туршихад утаа ялгаруулах хэмжээ 40 хувь буурсан гэсэн дүгнэлт гарсан. Шахмал түлшийг Монголын лабораториудад шинжлүүлснээс гадна гадаадынхад ч илгээсэн” хэмээсэн.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулсан ажлын хэсэг, Засгийн газарт чиглэл өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг, дэд хороо энэ долоо хоногт хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээнд хяналт тавьж, талуудын оролцоог тусгасан санаачилгыг бий болгох аж. Ингэхдээ хөндлөнгийн хяналт бий болгон, зохих ёсны дэмжлэг үзүүлж ажиллахыг сануулсан. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаанаас гаргасан зөвлөмжтэй танилцаж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийн талаар зохих дүгнэлт гаргаж хэрэгжүүлэхийг даалгалаа.

Б.НАРАНХҮҮГ “ХАСЛАА”

Энэ өдөр гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын, гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. Улмаар гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн, гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав. Үргэлжлүүлэн Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг оронд нь оруулах талаар санал хураасан ч дэмжигдсэнгүй. Гэсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд үйл ажиллагаа явуулдаг, зөвхөн тус байнгын хорооны гишүүд л оролцдог Ёс зүйн дэд хорооноос Б.Наранхүү гишүүн хасагдлаа. Байнгын хорооны гэлтгүй нэгдсэн хуралдаанд ч бараг оролцдоггүй Б.Наранхүү гишүүний оронд өөр хүн оруулах нь зүйтэй гэдгийг тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удаа дараа учирлаж байсан. Мөн “давхар дээл”-тэй Х.Баделхан, Д.Сарангэрэл нар удаа дараа дэд хорооны хуралд оролцохгүй байгаа нь тэднийг хасах үндэслэл болсон юм.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)