Хоригтой, томилгоотой, алдагдалтай төсөв баталсан чуулган өндөрлөлөө

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 17- нд эхэлж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны төсвийн тухай, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх зэрэг арав гаруй асуудал хэлэлцсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын наймдугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжээгүй.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан боловсруулсан бөгөөд үндэсний нэгдмэл үнэт зүйл, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, хүний болон ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүс нутаг, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн бүлэгтэй. Үүнийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын гишүүдийн олонхын саналаар баталлаа. Мөн коронавирусийн халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг зургаан бүлэгтэй боловсруулсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, зарим саналыг нэмж тусган батлав. Тодруулбал, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр яаралтай барих саналыг уг хөтөлбөрийн төсөлд тусгасан юм.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ГУРАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан бөгөөд дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлтэйгээ АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат илэрхийлэв. Учир нь уг хуулийг баталбал орон нутгийн сонгуулиас өмнө үзэл баримтлал, зүйл заалтыг нь олон нийтэд таниулж амжихгүй тул нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж тус намынхан үзжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутагт нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх эрх мэдлийг нь олгох томоохон өөрчлөлт хийх учиртай. Энэ хуулийг дагаад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Ингэснээр Дархан-Уул, Орхон аймаг хот болох эрх зүйн орчин бүрдэнэ. АН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэх хүрээнд гурван хоногийн завсарлага хүссэн учир хойшлууллаа” гэж мэдэгдэв.

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн зорилго нь санхүүжилтийн өртөг зардал болон зээлийн хүүг бууруулах талаар баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн үндсийг бүрдүүлж, хэрэгжилтийг нь хангах үүргийг холбогдох байгууллагад өгөх, парламентад тайлагнах, улмаар хяналт тавихад орших аж. Уг төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, 55.2 хувийн саналаар баталлаа.

Үүнийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН-ын гишүүдийн хамт мэдээлэл хийж, уг стратегийг өнөөгийн бодит нөхцөлд биелүүлэх боломж хомс, хадгаламжийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, гадаадын зээл тусламж, Засгийн газрын бондын тодорхой хэсгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох арга хэмжээ авах нь үр дүнтэй, энэ чиглэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж байв.

Дараа нь Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3, 19.9 дэх хэсгийн 2020 онд “5.1 хувиас” гэснийг онц байдал арилах хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсэн юм.

4.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ

2020 оны төсвийн, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дурдсан улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслөөс нэг арга хэмжээг хасаж, 34 төсөлд өөрчлөлт оруулснаар 12.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Төсвийн тодотголоор хасагдсан 37 төслийг буцаан багтаах, 18 арга хэмжээг санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын дөрвөн төсөл, арга хэмжээг өөрчлөхөөр тусгажээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3, БШУ-ы сайдын багцын эргэн төлөх цэвэр зээлийн зардлыг дөрвөн тэрбум, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235, УИХ-ын төсвийг 301.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, ҮАГ-ын урсгал зардлыг 536.3 сая, БШУ-ы сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр бууруулахаар болов. Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.7, зарлага нь 14.5 тэрбум төгрөг байхаар буюу 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа.

СЕХ-НЫ ДАРГААР П.ДЭЛГЭРНАРАНГ ТОМИЛЛОО

СЕХ-ны дарга, зарим гишүүнийг чөлөөлж, шинээр томиллоо. Тус хорооны гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилох хуультай. Үүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэв. Тэрбээр хуульч мэргэжилтэй, төрийн албанд 33 жил ажиллажээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал нарыг СЕХ-ны гишүүнд “сойв”. Ж.Болд нь 2017-2019 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын, 2019-2020 онд ЦЕГ-ын дэд даргаар ажилласан, саяхнаас ЦЕГ-ын даргын албыг хашиж буй юм. П.Дэлгэрнаран нь төрийн албанд долоо дахь жилдээ хүчин зүтгэж байгаа, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж буй аж. Э.Түвшинжаргал нь хуульч мэргэжилтэй, 2016 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албыг хашиж иржээ. Тэднийг СЕХ-ны гишүүнээр томилохыг олонхын саналаар дэмжив. УИХ-ын дарга Г.Занданшатар П.Дэлгэрнаранг СЕХ-ны дарга, Д.Даваа-Очирыг нарийн бичгийн даргаар томилуулах саналаа танилцуулж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Г.ЗАНДАНШАТАР: ИРГЭДЭЭ ТАТАХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ЗАСГИЙН ГАЗАР, УОК-Т ДААЛГАЖ БАЙНА

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 26, АН-ын бүлгээс 13, байнгын хороодоос 118, Засгийн газраас 18 санал авчээ. Хууль, тогтоолын 112 төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаан, тогтоолыг нь батлав.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэллээ. Тэрбээр “Ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан тав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, УИХ-ын 11 тогтоол батлав. Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд авах арга хэмжээг тодорхойллоо. Банкны тогтолцоог шинэчлэх, зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд уг стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг Монголбанк, СЗХ, Эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгож байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд жагсаалтад багтсан хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлуулах чиглэлээр Засгийн газар, ХЗДХЯ, УИХ-ын Тамгын газар, ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн зургадугаар зүйлтэй холбогдуулан, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг нэн даруй хийх нь зүйтэй” хэмээв. Түүнчлэн хорио цээрийн улмаас гадаадад гацсан иргэдээ авчрах ажлыг шуурхайлахыг Засгийн газар, ГХЯ, УОК-т даалгаж байгаагаа мэдэгдлээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)