Хориглосон бараа, бүтээгдэхүүн худалдахгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургуулиудын орчимд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор сурагчдад зориулсан хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага, түүнийг тогтоох журам баталсан ч хэрэгжихгүй байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцлов. Мөн тэрбээр “Үдийн хоол” хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлэх болсон ч ерөнхий боловсролын сургуулиуд зориулалтын цайны газаргүй байгаад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.

Дараа нь сургууль, цэцэрлэг орчмоос 150 метр хүртэлх зайд согтууруулах ундаа, хий, цавуу зэргийг худалдаж байгаа нь мансуурах донтой сурагчдын тоог нэмэхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг хуралдаанд оролцогчид тэмдэглээд, энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгааг холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Төлөвлөгөөт шалгалтын хүрээнд ерөнхий боловсролын болон их, дээд сургууль орчим дахь 958 газарт хяналт, шалгалт хийсэн. Тэдний 69 нь тамхи, 376 нь шар цавуу, 590 нь жижиг савласан хий, 613 нь гутлын тос, хоёр дэлгүүр тутмын нэг нь архи, согтууруулах ундаа борлуулж байсан. Улмаар 725 зөрчилд есөн сая төгрөгийн торгууль ногдуулж, харьяа яам болон бусад 17 байгууллагад үйл ажиллагааг нь хаах тухай албан бичиг хүргүүлсэн” гэсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа “Бид хууль болон эрх зүйн орчны уялдаа холбоог сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Ингээд хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газарт уламжлах болж, хариуг нь олон нийтэд мэдээлнэ гэж Өргөдлийн байнгын хорооны дарга хэлэв.

Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)