“Хоосон” гэрийг хоногийн 100 000 төгрөгөөр хөлслүүлж буй нь хэтийдсэн дүн

Манай улсын аялал жуулчлалын улирлын идэвхжил зургадугаар сараас эхэлдэг. Үүнийг даган дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 6-10 дугаар сард өсөх хандлагатай байдаг аж. Тэгвэл энэ жилийн зургадугаар сард дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаасаа 56.8 хувиар нэмэгджээ. Ингэснээр сарын инфляцад үзүүлэх нөлөө 0.4 нэгж хүрснийг Төвбанкны тайланд дурдсан байна. Жуулчны бааз, амралтын газруудад тавдугаар сард нэг хуушуурыг 1000 төгрөгөөр борлуулж байсан бол зургаан сар гармагц 1500, гэр 100 000 төгрөгөөр хөлслүүлж байснаа 150 000 төгрөгт хүргэсэнтэй холбоотой. Ийнхүү үнээ ихээр нэмсэн шалтгаан болон дээрх өсөлтөд холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авах боломж бий, эсэхийг сонирхсон юм.

Улаанбаатар хотоос 60 орчим км-ийн зайтай газарт 20 гаруй гэр хөлслүүлэн, томоохон байшинд хоолны газар, ариун цэврийн өрөө, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тоглоом байрлуулсан гэр бааз бий. Энд дөрвөн ортой гэрт, нэг хоног буюу 30 орчим цаг амрахад 100 000 төгрөгийн хөлс төлдөг юм байна. Нэг тэвш түлээ үнэгүй өгөх ба ахин түлээ авахад 5000 төгрөг. Өөр ямар нэг үйлчилгээ байхгүй. Зоогийн газарт нь нэг таваг хоол 6000-10 000 төгрөг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний өртөг нь нийслэлийн дэлгүүрүүдийнхээс 20-30 хувь илүү үнэтэй. Энэ үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн, эсэх талаар тус баазын эзэн Г.Жамъяансүрэн “Манайх түрүү жилийнхээсээ нэг гэрийн үнийг 10 000-20 000 төгрөгөөр л өсгөсөн. 

Бид энэ хавьдаа хамгийн хямд үйлчилгээтэй нь. Бусад амралтын газарт гэрт хоноход 120 000-150 000 төгрөг төлдөг. “Хоосон” гэрт хоноход ийм их мөнгө авч буйд зарим иргэн гомдоллодог. Гэхдээ бензин, түлшний үнэ тогтмол өсөж буйтай холбоотойгоор тээврийн зардал буурахгүй байна. Мөн өвөл бидний ажил зогсонги байдалд ордог тул зун л орлого олох боломжтой. Тиймээс нэг жилийн орлогоо зуны цөөхөн сард олох зорилгоор ахиу үнэ хэлэхээс аргагүй” гэсэн юм. Гэр баазуудын нийтлэг төрх ийм аж. Зарим нь модон жорлонтой, гадна талбайдаа сагсан бөмбөгийн цагариг, гар бөмбөгийн тор байрлуулсан төдийхнөөр тохижилт нь хязгаарлагдах юм.

Үүнээс гадна гэр болон байшин хосолсон амралтын газрууд бий. Тэндхийн 2-4 ортой байшинд нэг хоноход 160 000 төгрөг аж. Жижиг оврын хөргөгчтэй тул үйлчлүүлэгчид хоол, хүнсээ өөрсдөө бэлтгээд оччих боломжтой. Харин хоол худалдан авбал хямд бус. Таван хуушуур, ногооны салатны хамт 10 000, бантан нэг аяга нь 6000 гэнэ. Мөн л гаднаа төдийлөн тохижилтгүй, эгнүүлэн барьсан олон гэр, жижгэвтэр байшингууд, зоогийн болон уушийн газартай.

...“4-5 жилийн өмнөх үетэй харьцуулахад жуулчид жижиг эдлэл, эсгий гэр, таавчиг сонирхох нь багассан. Харин ноолууран хувцас, дээл, үнэт металл, архи зэргийг авах нь нэмэгдсэн. Эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байдаг...

Спортын талбай, усан бассейн, бүжгийн клуб зэргийг барьж байгуулсан, олон зочин хүлээн авах боломжтой, тохилог амралтын газруудын 3-4 хүний багтаамжтай нэг байшингийн үнэ 350 000-450 000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Илүү тохилог нь хоногийн 350-450 ам.доллар ч хүрэх аж. Дотроо ариун цэврийн өрөөтэй бөгөөд өглөөний хоол үнэгүй өгдөг гэнэ. Зоогийн газрынх нь хоол нэлээд үнэтэй. Эндээс харахад гэр баазуудад ганц хоноход нэг хүн багадаа 25 000 төгрөг, нэр хүнд бүхий амралтын газарт 150 000-200 000 төгрөг зарцуулах нь. 

Энэ нь дөрвөн ханатай гэрт, нэг хүн ямар ч үйлчилгээ авалгүйгээр, нэг цаг саатахад 1000, тохилог байшинд нэг цаг болоход 25 000 орчим төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ бол бага мөнгө биш. Хэрэв жижиг амралтын газрууд жил бүр үнээ нэмэн, тохижилт болон үйлчилгээгээ сайжруулахгүй бол иргэд зорих нь багасна. Үйлчлүүлэгчийн тоо буурвал, орлого ч хумигдан тэр хэрээр үйлчилгээ болон өнгө үзэмж нь дээрдэхгүй хэвээр байх нь дамжиггүй.

Гадаадын жуулчдын очих дуртай байгалийн үзэсгэлэнт газруудад байрладаг жуулчны баазууд энэ жил аялагчаас нэг хоногийн 50-150 ам.долларын хөлс авч буй аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар өссөн дүн болохыг “Боргил тур” аялал жуулчлалын компанийн захирал Х.Ганболор хэллээ. Тэрбээр “Гадаадын аялагчдыг урин, аялал зохион байгуулдаг компани манайд олон бий. Ийм аж ахуйн нэгжүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь улам өрсөлдөөнтэй болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хямдруулахаас өөр аргагүйд хүргэж байна. Жишээлбэл, бид нэг жуулчныг тав хоног аялуулахад гурван жилийн өмнө 1000 “ногоон” авч байсан бол энэ жил ч тэр үнээрээ л авсан. Энэ нь компаниудын ашиг нэмэгдэхгүй, зардал өссөн ч үйлчилгээний үнээ хямдруулсаар байгаа хэлбэр. Орон нутагт байрлалтай жуулчны баазуудын өнгө төрх улам сайжирч байгааг үгүйсгэхгүй. 

Халуун, хүйтэн усыг нь шийдэн, боловсон жорлон байгуулсан нь сайшаалтай ч үнээ дур зоргоороо өсгөдөг хэвээрээ л байна. Морь, тэмээ унуулах, бог саалгах зэрэг үйлчилгээний үнэ нь дагаад нэмэгдчихдэг. Үүнийгээ иргэд болон тухайн байгууллага нь шатахуун, хэрэглээний үнийн өсөлттэй холбон тайлбарладаг. Ийм өрсөлдөөнтэй зах зээлд үнийн өсөлт хэтэрвэл аялал зохион байгуулдаг компаниуд үүдээ барихаас өөр аргагүй” хэмээн ярив. Эдгээрээс харахад аялал жуулчлалын салбарын үйлчилгээний үнэ тухайн байгууллага, хувь хүний “үзэмжээр” нэмэгддэг, ямар нэгэн жишиг байхгүй нь харагдаж байна.

Гадаадын жуулчид Монголоос ямар бүтээгдэхүүн түлхүү худалдан авдаг болон бэлэг дурсгалын зүйлсийн үнэ ханшийн хэлбэлзлийн талаар Х.Ганболор “4-5 жилийн өмнөх үетэй харьцуулахад жуулчид жижиг эдлэл, эсгий гэр, таавчиг сонирхох нь багассан. Харин ноолууран хувцас, дээл, үнэт металл, архи зэргийг авах нь нэмэгдсэн. Эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байдаг. Мөн зуны улиралд хямдрал зарладаг, сав баглаа боодол нь өнгө үзэмжтэй, хэний ч сэтгэлд нийцэхээр үйлдвэрлэдэг нь гадаадынханд таалагддаг болов уу” хэмээлээ.

Бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн хажуугаар гадаадаас нэг сая жуулчин хүлээн авах зорилготой. Ийм тооны жуулчин авах үүднээс аялагч хүлээн авдаг том, жижиг компанийн тоог олшруулах, хөтөч, орчуулагч, тогооч нарын ур чадварыг сайжруулах талаар олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр 1000 орчим хөтчийг гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх сургалтад үнэгүй хамруулжээ. 

Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, чанарт анхаарал хандуулж, хөөрөгдлийг бууруулах талаар ямар нэгэн ажил хийдэггүй. Ийм зохион байгуулалт хийх ямар ч боломжгүй тухай мэдээлдэг. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг, жуулчин, зочин хүлээн авдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, ханшид нөлөөлөх ямар ч боломжгүй. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал.

Дотоодын аялал жуулчлалын үнийн өсөлт нэг сарын дотор 50 гаруй хувиар өссөн гэх мэдээлэл ч бидэнд алга. Харин жуулчны баазуудыг халуун, хүйтэн ус, боловсон бие засах газартай болоход зориулж арилжааны банкуудтай хамтран ногоон зээл олгохоор болсон. Уг зээл нь бага хүүтэй бөгөөд хэрэглээний зээлийн шалгуураар олгох уян хатан нөхцөлтэй” гэсэн юм.

Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 215 780 жуулчин ирсэн байна. Энэ нь жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар буюу 13 000 орчим хүнээр нэмэгдсэн дүн аж. Түүнчлэн салбарын орлого жилийн хугацаанд 226.5 сая ам.доллар буюу 11.3 хувиар өсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)