Хоосон амлалт, зоосонд шоглуулсан өмч

Халаасандаа ширхэг ч зоосгүй хүнийг гэнэт баяжуулж, овсгоо самбаатайг нь УИХ-ын гишүүн ч болгох “газар” хэмээх шидтэний увдис гурван сарын дараа дуусах нь. Уг нь Монгол Улсын иргэн бүр хэн нэгний туслалцаа, дэмжлэггүйгээр харьяа орон нутгийнхаа холбогдох албанд хүсэлт гаргаад, 0.07 га газар өмчилж авах эрхтэй. Тэр эрхийг нь зохицуулж, баталгаажуулсан хууль ч бий. Харамсалтай нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг мөрдөж эхэлсэн 2003 оноос хойш нийт хүн амын 20 орчим хувь нь л өмчдөө газартай болсон байх юм. Шалтгаан нь тун энгийн, газар өмчлүүлэх ажлыг хууль, журмынх нь дагуу зохион байгуулаагүй, улстөржүүлж, мөнгө олох хэрэгслээ болгосны гор энэ. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг нь хоёр удаа сунгасан эл хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хойш үйлчлэхгүй. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байна. Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Нийслэлд л гэхэд долоон дүүргийн 44 байршилд 69 836 иргэд газар өмчлүүлсэн боловч нэг нь ч тийш нүүсэнгүй. Тэдний 22 370 нь сугалааны ялагч болж, өмчилсөн газраа голсон байгаа юм. Дэд бүтэцгүй, сургууль, цэцэрлэг, авто замгүй тул иргэд нүүж очихоос татгалзах нь ойлгомжтой. Тухайн үеийн хотын удирдлага сэтгэл хөдлөлдөө автаж, хуумгай шийдвэр гаргасны улмаас өдгөө 3501 га газар эзэнтэй, үгүй нь тодорхойгүй болсон гэсэн үг. 

Нийслэлийн харьяат 1.1 сая иргэний олонх нь 10 жил амьдарсан хашааны газраа өмчилж авч чадаагүй байхад харьяаллын бус 300 гаруй мянган өрх үерийн ам, уулын орой дээрээ хашаа хатган аж төрж, гэрчилгээ нэхэж буй гэх. УИХ-ын үе үеийн сонгуульд нэр дэвшигчид “Газартай болгож өгнө” хэмээн тэднийг нийслэл рүү авчирсан талаар албаныхан хэлдэг. Үр дүнд нь авто зам тавих газар ч нийслэлд хомс болчихоод буй. 

Нөхцөл байдал ийн хүндрэхэд газрын наймаа, авлига нөлөөлсөн нь нууц биш. Арав гаруй жил амьдарсан хашааныхаа газрыг өмчилж чадаагүй ахмадууд нийслэл, дүүргийн Газрын албаар өдөр бүр “айлчилсаар”. Нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд иргэдээс хахууль нэхэж, газар өмчлөх эрхийг нь боомилсон гэдгийг тэд хэлдэг. Түүнийг нь нотлох баримтаа ч үзүүлдэг. Чоно борооноор гэгчээр төрийн албаныхны хүнд суртал, дарамт шахалтыг далимдуулан зөвшөөрөлгүйгээр хашаа хатгачихаад бусдыг мэхлэн худалдах хүн ч олшроод буй. Сэлбэ гол дагуу болон Гачуурт, Толгойт гээд сул газар элбэгтэй хэсэгт энэ төрлийн залилан олон гарсан нь үүнийг нотлох биз. 

Иргэн бүрт газар өмчлүүлэх ажил хангалтгүй байгаа учраас хууль үйлчлэх хугацааг дахин сунгаж магадгүй талаар ярих хүн цөөнгүй байна. Гэвч 15 жилийн хугацаанд 537 мянган хүн л газартай болсон гэхээр нийт иргэнд газар өмчлүүлэхэд багадаа 100 жил шаардлагатай байж мэдэх нь. Олонх хүн аймаг, суманд бус, нийслэлд газартай болох хүсэлтэйн улмаас Улаанбаатарын ачаалал ихсэж, орон нутагт газар өмчлүүлэх ажил удаашралтай байгаа гэсэн. Нэгдсэн зохион байгуулалт, нарийн төлөвлөгөөний дагуу уг ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан тунгаана биз ээ.

“Сая төгрөг өгвөл газрын чинь гэрчилгээг гаргаад өгье” 

Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2008 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа, үнэ төлбөргүй газар өмчлөх эрхтэй болсон. Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлд газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусгавар болно. Гэтэл өнөөг хүртэл газраа өмчилж чадаагүй иргэн байна. Нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгоныг зорилоо. Тус хорооны иргэд хууль хүчин төгөлдөр болсон цагаас газраа өмчлөхөөр кадастрын зургаа гаргуулж, хүсэлтээ өгчээ. Гэсэн ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэдний хүсэлтийг шийдсэнгүй. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн биднийг тосож уулзсан юм. Тэрбээр 1977 онд нийслэлд нүүж ирээд Гачууртад суурьшсан аж. Хүүхдүүддээ газраа өмчлүүлэхээр, хашаа хатгаж, байшин барьсан ч газар өөр хүний нэр дээр захирамжтай, гэрчилгээ нь гарсан гэх шалтгаанаар байшингаа нураалгажээ. 60 нас шүргэж яваа тэрбээр мөн нэг хүүдээ гурван сая төгрөгөөр хашаа худалдан авч, байшин барьж өгсөн ч өнөөх газар нь мөн л өөр хүний эзэмшлийн гэрчилгээтэй нь тогтоогдсон байна. Газраа өмчлүүлэхээр өгсөн өргөдөл, бичиг баримт нь цүнх дүүрснийг бидэнд харууллаа. 

2008 онд хууль хэрэгжиж эхлэх үед УИХ-д нэр  дэвшиж байсан нэгэн эрхэм Гачуурт тосгоны Гялалзахын энгэр гэх газрыг “Унаган иргэдэд нь өгнө. Та бүгд энэ газраа эзэмших эрхтэй” гэсэн сонгуулийн сурталчилгаа явуулсан нь 10 жил үргэлжлэх маргааны үндэсийг тавьсан гэнэ. Нэр дэвшигчийн тараасан зарын дагуу тухайн үед 3-4 иргэн нэгдэн ажлын хэсэг байгуулж, иргэдээ төлөөлж газар өмчлүүлнэ гэдэг нэрийн доор айл бүрээс 50 мянган төгрөг хураасан гэх. Иргэд итгэл найдвар тээж мөнгөө хураалгасан ч хоосон хоцорчээ. Иргэдийн төлөөлөл гэх ажлын хэсгээс болж хохирсон иргэн Т.Батбаяр “Хэн ч амьдарч байгаагүй ногоон зүлгэн дээр би хашаа хатгаад байшин барьсан. Нэг өдөр “Иргэдийн төлөөлөл” гэж өөрсдийгөө нэрлэсэн хоёр хүн гэрт ирж “Сая төгрөг өгвөл газрын чинь гэрчилгээг гаргаад өгье. Өгөхгүй бол эндээс нүү” гэсэн шаардлага тавьсан. Төрөөс үнэгүй олгоно гэсэн газрыг би худалдаж авахгүй гээд гаргасан юм. Гэтэл миний газрын гэрчилгээг урд нь амьдарч байгаад, Өмнөговь аймаг руу нүүсэн хүний нэр дээр гаргасныг хоёр жилийн дараа мэдсэн. Газрын албаныхнаас асуухаар гэрчилгээний эзнийг дагуулж ирээд шилжүүлээд ав гэдэг. Гэрчилгээний эзэн нь эхлээд “Би тийм газар аваагүй, мэдэхгүй” гэснээ дараа нь мөнгө нэхээд ирээгүй” гэж ярив. 

Энэ мэт газрын наймааны золиос болсон иргэн Гялалзахын энгэрт цөөнгүй байсан юм. Тус газарт том блокон хашаа барьсан, 2-3 давхар байшин олон. Үүнийг иргэд “Хотын баячууд”-ых гэж тайлбарлалаа. “Хотын баячууд том хашаа хатгаж, байшин барихад гэрчилгээ нь дорхноо гардаг. Ядарсан биднийх л 10 жил хөөцөлдөөд ч бүтдэггүй” хэмээн халаглана. 

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд төрж өссөн н.Лувсандагва мөн л цөхрөнгөө барсан нэгэн аж. Хууль хэрэгжиж эхэлж, УИХ-д нэр дэвшигч амлалт өгөхтэй зэрэгцэн газар эзэмших хүсэлтээ өгч захирамжаа гаргуулсан байна. Гэтэл бас л өөр хүний нэр дээр гэрчилгээтэй. Тухайн хүнээ хайж очин уулзахад “Би тийм газар аваагүй, Гачууртад очиж ч үзээгүй” гэжээ. Улмаар тухайн хүнээсээ “Энэ газар минийх биш” гэдэг бичиг хийлгэн, нотариатаар баталгаажуулаад Газрын албанд очиход газар нь дөрвөн сая төгрөгөөр зарагдсан тухай шинэ мэдээ сонсов.

Учир зангилаа нь олдохгүй энэ маргааны талаар тодруулахаар дүүргийн Газрын албыг зорьсон юм. 

Хуулийн хугацаа дуусах дөхсөн болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. XX хороог хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаяртай уулзахад “Гялалзахын энгэрийг 2007 онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас амины орон сууцны хороолол болгохоор баталж, газар эзэмшүүлэх иргэдийн захирамж гарсан. Гэвч УИХ-ын 2008 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшигч Гачууртын иргэдэд “Унаган иргэд газар өмчлөх эрхтэй, хотын иргэдэд энэ газрыг эзэмшүүлэхгүй” гэж хэлээд замбараагүй байдал үүсгэсэн. Ингэснээр Гачууртын төвд амьдарч байсан иргэд нүүж тухайн газарт суурьшсан байдаг. Үүнээс болж газар өмчлүүлэхийг түр зогсоосон. Харин иргэд өөрсдөө “Төрийн алба оролцохоор бүтдэггүй” гээд ажлын хэсэг байгуулсан нь явсаар байгаад газрын наймаа болсон юм билээ. Тухайн ажлын хэсэг нь манай албатай ямар ч хамаагүй” гэсэн юм. 

Энэ бол нийслэлийн ганцхан хороонд өрнөсөн асуудал. Цаана нь хэдэн дүүрэг, хороонд ийм асуудал үүссэнийг хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд асуудлаа шийдээгүй Газрын алба үлдсэн хоёрхон сарын хугацаанд шийдвэрлэж чадах уу. Эсвэл дээрх иргэд бүгд энэ чигээрээ хохироод үлдэх үү?

ДЭЛХИЙ ЖИШИГ - Газрын асуудлыг Үндсэн хуулиараа зохицуулдаг

Аливаа орны удирдлага газраа өмчлөх эрхийг баталгаажуулах, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэхэд саад болохгүй, улсад харьяалагдах газрыг үнэгүйдүүлэхгүй байхыг гол зорилгоо болгодог. Гэхдээ улс бүр газрынхаа асуудлыг Үндсэн хуулийнхаа дагуу харилцан адилгүй шийддэг аж. Тухайлбал, Украины иргэн бүр таван хэсэг газрыг үнэгүй авах эрх эдэлдэг. Их Британид иргэн нь тухайн газарт 15, түүнээс олон жил амьдарснаа нотолбол өмчлөх эрх нь нээгддэг байна. Гэтэл Швейцарь улс газраа 100 хувь хувьчилжээ. Тиймээс газрын асуудалд оролцдоггүй, гэхдээ Европын холбооны иргэн, эсвэл тус улсад оршин суух зөвшөөрөлтэй хүн газар худалдан авах эрх эдэлдэг аж.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ - Э.БОЛОРЧУЛУУН: Засаг дарга нар захирамж гаргаж өгөөгүйгээс газрын маргаан үүсдэг

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.

-Монгол Улсын иргэн бүр газар өмчилж авах хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Нийслэлийн иргэдийн хэчнээн хувь нь газраа өмчилж аваад байна вэ?

-Иргэдэд өмчлүүлэх газар нийслэлд хомс. Гэр хороололд амьдардаг иргэдийн хашааны газрыг өмчлүүлэх л боломж бий. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар өмчлүүлэх ажил 86.4 хувьтай байна. Гэхдээ үүнийг иргэн бүрт хуваарилахаар хувь нь багасаад, 14-15 болж буурдаг. Эзэмших гэрчилгээг өмчлөх болгож, зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэх гээд ажил их бий. Тиймээс бид газар өмчлүүлэх ажлыг нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хийхийг зорьж байгаа. Ингэхийн тулд хороо, дүүрэг бүрт мэргэжилтнээ ажиллуулж байна. 

Өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хилийн цэсийг тогтоосон юм. Энэ хүрээнд бид нийслэлийн төвийн зургаан дүүргийн газраа өмчлөх боломжтой иргэдийг судалж, зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Үр дүнд нь 2571 иргэн газраа өмчилж авлаа. Цаашид уг ажлыг улам боловсронгуй болгож, хотыг тэлэх бодлоготой уялдуулан газар өмчлүүлэх бодлогоо тодорхойлно гэсэн үг. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, авто замтай бүсэд газар олгохыг зорьж байгаа учраас тэр. 

-Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр иргэд газраа өмчилж чадахгүй байна, шалтгаан нь Газрын албаны мэргэжилтнүүдтэй холбоотой гэж байсан. Энэ үнэний ортойг УИХ-ын гишүүд ч хэлсэн шүү дээ.

-Иргэдийн 70 гаруй хувь нь газраа өмчилж авч чадахгүй, бэрхшээлтэй тулгарч байна гэдэг яриа тэр үеэр гарсан. Уг нь тухайн хэлэлцүүлэгт газартай холбоотой өргөдөл, гомдол гаргасан 500 гаруй хүн л оролцсон. Эдгээр хүний асуудлыг шийдчихвэл нийслэл дэх газрын маргаан үгүй болно гэж хэлж ч болох юм. Дээрх өргөдөл гомдлын 90 орчим хувь нь иргэнээс шалтгаалах зүйл байсан. Иргэд мэдээлэл дутмагаасаа болоод асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байх тохиолдол бий. Түүнчлэн дүүргийн Засаг дарга нар ч үүнд буруутай. Тэр хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга нарыг оролцуулсан бол илүү үр дүн гарах байв. 

-Тодруулахгүй юу?

-Нийслэлийн Газрын алба долоо хоног тутам хуралдаж, газрын асуудлыг хэлэлцдэг. Ингээд хуульд заасан хугацаанд багтаан судалж үзсэний дараа дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэст шилжүүлдэг юм. Тус хэлтэс нь Засаг даргад шилжүүлж, захирамж гаргуулах учиртай. Үүний дагуу дүүргийн дарга нар нэр шилжүүлэх өргөдлийн хариуг 14, гэрээ сунгах, шинээр газар олгоход 30 хоногт багтаан хариу өгөх ёстой гэж хуульд заасан. Харамсалтай нь, Засаг дарга нар захирамжаа гаргаж өгдөггүй. Үүний улмаас Газрын алба иргэнд гэрчилгээг нь бичиж өгөх боломжгүй болох нь элбэг. Дүүргийн Засаг дарга нар захирамж гаргаж өгөөгүйгээс газрын маргаан үүсдэг гэж хэлж болно. Тиймээс бид энэ онд газрын харилцаанд IS:09001 стандарт нэвтрүүлэхээр Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагатай хамтран ажиллахаар болсон. Ингэснээр иргэний гаргасан өргөдөл, хүсэлт хаанахын хэн гэдэг мэргэжилтэнд байгаа нь ил болох юм.

Өнгөрсөн хугацаанд 52 байршилд цахимаар газар өмчлүүлсэн. Уг ажил хэр үр дүнтэй байв. Нийслэлд цаашид өмчлүүлэх газар байгаа юу?

-52 байршлын 44-т нь газар өмчлүүлсэн. Судалгаа хийгээгүй, сансрын зураг хараад газар өмчлүүлснээс болоод нэлээд бэрхшээл үүссэн. Цахимаар газар өмчилсөн хүмүүсийн нэг нь ч нүүж очоогүй. Дэд бүтцийг нь шийдээгүй учраас иргэд суурьших дургүй байна гэсэн үг. Нийслэлийн суурьшлын бүс дэх 76 мянга гаруй нэгж талбарыг иргэдэд өмчлүүлэх бололцоо бий гэдэг судалгааг бид гаргасан.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ - Та газар өмчилж авсан уу? 

Н.МӨНХЦЭЦЭГ (Сонгинохайрхан дүүргийн III хорооны иргэн): -Өмчилж аваагүй. Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ жил гаруйн өмнө хоёр ч удаа цахимаар хүсэлт гаргасан. Нэгэнд нь ч хариу ирээгүй. Огт болдоггүй юм билээ. Нэг их хөөцөлдөж чадаагүй. Ирэх тавдугаар сарын 1-нээс газар хувьчлахаа болино гэж сонссон. Цагаан сарын дараа л хөөцөлдөнө дөө.

Б.НАРАНЦОГТ (Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн): -Газар хувьчилж аваад удаж байгаа. Одоогоос тав, зургаан жилийн өмнө хүсэлт гаргаж байсан. Одоо газар хувьчилж авахад хэцүү болчихсон байгаа шүү дээ. Материал бүрдүүлэхээс эхлээд явдал чирэгдэл ихтэй, төрийн байгууллагынхан хүнд сурталтай. Хэдэн жилийн өмнө бол өргөдлөө гаргаад л ямар ч саадгүй шууд өмчилж авсан. Гэхдээ эзэмших нь гарчихсан, гэрчилгээгээ аваагүй байгаа.

Д.ТУЯА (Сонгино­ хайрхан дүүргийн VI хорооны иргэн): -Ямартай ч цахимаар бүртгүүлсэн. Гэхдээ одоо болтол газар аваагүй л байна. Зарим хүн бүртгүүлчихээд ямар ч саадгүй авчихсан байдаг. Би хоёр ч удаа бүртгүүлсэн. Хоёулаа бүтээгүй.

Б.МЯГМАР-ОЧИР (Баянгол дүүргийн иргэн): -Манайх Баянзүрх дүүрэгт хашаа байшин барьсан. Гэхдээ газар өмчлөх гэрчилгээгээ авч чадаагүй л байгаа. Хүсэлт гаргаад нэмэр алга. 2016 оны намар сонгуулийн үеэр дүүргийн Засаг дарга солигдсон. Нийслэлийн ЗДТГ-аас тамга, тэмдгээ авна гээд бичиг баримт нь шийдэгдэхгүй л байна. Монгол Улсын иргэн боловч газраа өмчилсөн бичиггүй, хашаа байшинтай. Гэрчилгээгээ авчихвал хэрэгтэй ч шийдэгдэхгүй байна шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)