Хоолоо халбагадуулж, хогоо шүүрдүүлэх нь л дутуу байна

Монголын төр иргэдийнхээ гэрт очиж хоолыг нь хийж, хогийг нь шүүрдэх л дутуу байна. Ард иргэдэдээ таалагдахын тулд өмнөөс нь өвдөх нь холгүй жүжиглэдэг улстөрчид монголчуудыг улам залхуу, арчаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож гүйцэв. Иргэд галаа түлж, яндангаа хөөлж чадахгүй хэмжээнд хүртлээ арчаагүй амьдрах боллоо. Амьтан хүртэл үүрээ засаж, идэшээ бэлтгэн, өвөлд бэлддэг атал цас орж, хүйтний ам наашилчихаад байхад арчаагүй зарим нь өвлийн бэлтгэлээ хангах нь бүү хэл, яндангаа ч хөөлж чадахгүй, бусдын гар харж сууна. Орон гэрээ төвхнүүлэх, аюулгүй байдлаа хангаж, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх, үр хүүхдээ халамжлан өсгөх нь иргэний үүрэг, хариуцлага. Гэтэл бусдын өмнөөс амьдарч буй мэт “Ирээд гал түл, яндан хөөлөөд өг” гэх хүн олон байгаа нь даан ч гэхэд багадана. Удахгүй “Төр, засгийнхаан, ирж хоол халбагдаад өг” гэхдээ тулах нь.

...Төр, засаг нь иргэдийнхээ төлөө ажилласан мэт дүр эсгэн, өмнүүр нь гүйж, галыг нь түлж, янданг нь хөөллөө гээд тэдний амьдрал сайжрахгүй, улам л шимэгчид болж хувирлаа. Яг ийм л шалтгаанаар ажил хийдэггүй иргэн идэх хоолгүй байгаагаа төрийн буруу, пийшингээ хөөлөхгүй угаартчихаад бас л төрийн буруу, хурд хэтрүүлж осол гаргачихаад замын буруу, хашаандаа хогтой байгаа нь хорооныхны буруу хэмээн бурууг бусдад чихэж амьдардаг болов. Бүдэрч уначихаад чулуу өшиглөж тайвширдаг балчир хүүхэд шиг...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын удирдамжийн дагуу өнгөрсөн сарын 1-нээс “Яндангаа хөөлье” аяныг нийслэл даяар эхлүүлсэн. Ажилгүйдээ биш, арга ядсандаа л ийм аян эхлүүлсэн нь лавтай. Үүнээс хойш гэр хорооллын иргэд яндангаа хөөлж, галаа түлэхээс залхуурч, “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70119400 дугаарын утсанд өдөр, шөнөгүй дуудлага өгөх болжээ. Аравдугаар сарын 2-ны байдлаар тус төвд 14 987 дуудлага ирсэн байна. Одоогоор 300 гаруй яндан хөөлөгч ажиллаж буй бөгөөд 5687 айлыг хөө, тортгоос нь салгаж, галыг нь түлж өгчээ. Өдөрт хэдэн зуун дуудлага ирдэг. Тиймээс тэд дуудлага өгснөөс хойш 3-4 хоногийн дараа л очиж амждаг гэнэ.

Үнэгүй юманд нугасгүй гэгчээр яндангаа хөөлүүлэх шаардлагагүй иргэд ч төлбөргүй учир дуудлага өгч, зохиомол ачаалал үүсгэх болжээ. “Захиалга өгсөн, төлбөргүй биз дээ” гэж байн байн залгаж, яараад очтол голдуу залуу хүмүүс байдаг гэнэ. “Залуус их залхуу. Өөрсдөө яндангаа хөөлж чадах ч бэлэнчилж, гараа хумхиж суудаг. Ядаж хөө зөөхөд туслахгүй, зурагт үзээд суух нь олон” гэж яндан хөөлөгч нэгэн халагласан. Тэр ч бүү хэл, “Үнэгүй гэхээр нь та бүхнийг дуудсан юм. Хэрэв төлбөртэй бол өөрөө хөөлчихгүй яах вэ” гэж хээвнэг хэлдэг гэнэ. Өөрсдөө хөөлсөн ч дахин хөөлүүлэхээр дууддаг хүн ч бишгүй. Үүгээр зогсохгүй, дуудлага өгчихөөд эзэнгүй байдаг. Эсвэл пийшингээ галлачихдаг аж. Мөн айлын хөөтэй зууралдаж, халтайсан яндан хөөлөгчдийг “Пийшин эвдээд хаячихлаа, буцааж хэвэнд оруул, засвар хийж өг” гэж загнадаг хүн ч бий гэх. Зурагтын удирдлага тэвэрч суухын оронд ухасхийгээд амжуулчих ажлын төлөө төрийн байгууллагынхныг 3-4 хоног хүлээж хэвтдэг мөн ч ямбатай хүмүүс юм. Төр, засаг нь ч тун завтай. Айлын пийшин ухаад, “Нэг айлаас 70 кг хөө гарлаа” гээд сайд, даргагүй “гайхуулж” суух.

Өрхөө бүтээчихээд гал түлдэг, ядаж л тоононы дааганы (тоононы дотор талд дөрвөн өнцгөөс нь угласан хигээс мэт мод) жижиг нүхийг онгойлгож, агаар сэлгэж мэдэхгүй, улсаас үнэгүй тараасан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өлгөчихөж чадахгүй, авдартаа хийгээд цоожилчихдог, ажиллахгүй байхад зайг нь сольчих ухаангүй амьдарч байна. Монголчууд ингэж дорд орж, арчаагүй, анхиагүй болчих гэж. Зарим нь бүр тамхи татахаар “чарлаад” байна гээд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө ад үзээд, хаячихсан гэнэ. Ад үзсэн тэр зүйл уг нь угаарын хийгээс сэрэмжлүүлж, дуут дохиогоо хангинуулан, амийг нь аврах “ачтан” юм сан. Ийм арчаагүй, мунхгаасаа болж амиа алдвал хохь гэхээс яах вэ.

Хуруугаа хөдөлгөхөд л яндан хөөлөх талаарх заавар, зөвлөгөө цахим орчинд өчнөөн. Дуурайгаад хийгээсэй гэсэндээ “Тавантолгой түлш” компанийнхан фэйсбүүк хуудсандаа яндан хөөлөх талаар зөвлөгөө, мэдээлэл оруулжээ. Гэтэл тэр зөвлөгөөний доор “Ирээд хөөлөөд өг” гэсэн хүмүүсийн сэтгэгдэл, утасны дугаар уртаас урт дараалал үүсгэн жагссан байв. Бүх юмыг бэлэнчлэх, амарчлах, ам руугаа хийлгэх гэсэн сэтгэлгээнээсээ болж монголчууд улам уруу дорой, ядуу амьдарч байгаагийн нэг л жишээ энэ.

Саяхан даа, гэрт амьдардаг нэгэн эмэгтэй яндангаа хөөлүүлэхээр “мэргэжлийн баг” дуудаж. Угтаа бол гэрийн яндан хөөлөхөд ядах юмгүй баймаар. Тэд гарын доорх материал ашиглан, гэртээ агааржуулалтын хоолой хийж болно гээд усны саваар “урлаж” өгч. Гэтэл түүнийг нь өнөөх эмэгтэй “Ийм юм хийж, хүн доромжиллоо” гээд фэйсбүүк хуудсандаа нийтэлчихэж. Энэ мэт хүмүүс удахгүй “Гэрт ирээд хоол хийж, хог шүүрдээд өг” гэвэл гайхах зүйл алга. Бэлтгэлтэй байгаарай, төр, засаг минь. Ийм болгон “хүмүүжүүлсэн” нь та нар шүү.

Иргэд, төр нь ч үүрэг, хариуцлагаа ялгаж, ухамсарлаж мэддэггүйн наад захын жишээ яндан хөөлөх ажил. Угтаа төр сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх, пийшин, зуухаа яаж хөөлөх, аюулгүй ажиллагааны талаар стандарт гаргаж, зааварчилж, мөрдөж буй, эсэхийг нь шалган, биелүүлээгүй бол хатуухан ярих атал иргэдийнхээ толгойг илсээр байна. Энэ нь иргэдийг улам л бэлэнчлэх сэтгэлгээтэй болгон ядуурлын ангал руу түлхэх болов. Харин иргэд нь амьдрах орчноо өөрсдөө хариуцаж, орон гэрээ төвхнүүлчихээд төр, засгаасаа арай дөнгүүр зүйл шаардах ёстой атал яндан хөөлүүлэх, гал түлэх төдийхнийг ярьж суух гэж. Өөрийн амьдралыг хариуцах хэмжээний чадваргүй, чадалгүй, арчаагүй, залхуу нь устаж үгүй болдог нь байгалийн жам. Үлдсэн нь тэднээс сургамж аваад урагшилдаг.

Өмнүүр нь орж бүхнийг хийж өгдөг ээж эцэстээ хүүхдээ бие даан амьдрах чадваргүй, хэн ч биш болгож орхидог гэдгийг судлаачид хэлдэг. Зарим гэр бүлийнхэн ч үүнийг бодитоор харуулдаг. Үүн шиг төр, засаг нь иргэдийнхээ төлөө ажилласан мэт дүр эсгэн, өмнүүр нь гүйж, галыг нь түлж, янданг нь хөөллөө гээд тэдний амьдрал сайжрахгүй, улам л шимэгч болж хувирлаа. Яг ийм л шалтгаанаар ажил хийдэггүй иргэн идэх хоолгүй байгаагаа төрийн буруу, пийшингээ хөөлөхгүй угаартчихаад бас л төрийн буруу, хурд хэтрүүлж осол гаргачихаад замын буруу, хашаандаа хогтой байгаа нь хорооныхны буруу хэмээн бурууг бусдад чихэж амьдардаг болов. Бүдэрч уначихаад чулуу өшиглөж тайвширдаг балчир хүүхэд шиг. Угтаа бол “Яндан хөөлөөд өгөөч” гэхийн оронд орон сууц барьж, орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах ёстой билээ.

Яндан хөөлөх ажилд 54 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гэх. Татварт төлсөн мөнгөө энэ мэтээр анхиа муутай нэгнийг өөгшүүлэхэд зарцуулах нь танд харамсалтай санагдахгүй байна уу. Яндан хөөлөгч сарын 700-750 мянган төгрөгийн цалинтай. Ийм төсвөөр 300 гаруй яндан хөөлөгчийг хэдий хугацаанд цалинжуулсныг тооцоход чамлахааргүй тоо гарна. Энэ мөнгө та, бидний халааснаас гарч байна. Зүдэрч олсон мөнгөө үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол, эрүүл мэндэд зарцуулж, үр өгөөжийг нь үзвэл дургүйцэх шалтгаан алга. Харин яндангаа хөөлүүлэх хэмжээний арчаагүй нэгнийг дэмжихийг хүсэхгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)