Хоолны хордлогын балаг буюу хариуцлагагүйн уршиг

Нийгмийн, хувь хүний хариуцлага гэж юу юм бэ. Ерөөс хариуцлага гэдгийг хэрхэн ухаж ойлгох вэ. Энэ асуултад ухамсар, сэтгэл, хүндлэл, шударга байдал, хүн чанар гэж хариулж болно. Аливаад, бусдадаа чин сэтгэлээсээ хандаж, хүндэлж, хаана ч, хэний ч өмнө шударга байж чаддаг ухамсартай хүнийг итгэл даадаг, хүнлэг, хүмүүжилтэй, тулхтай гэж үнэлдэг шүү дээ. Хариуцлага гэдэг зүйлийг нэг эрхтэн гэж үзвэл эдгээр зан чанар түүнийг бүрдүүлэгч эд, эс нь байж таарна.

Монголчуудад хариуцлага дутаад байна. Үгүй ээ, бүр ямар ч хариуцлага алга. Тиймээс л утаа, хавдар, ханиад, томуундаа “бариулж”, нийгмийн хөл, толгой, хүзүү, сээр хаана байгаа нь мэдэгдэхгүй, бужигнасан, замбараагүй байдалтай явна. Энэ сард олон нийтийг цочирдуулсан хоолны хордлого гарсан нь ч хүн чанаргүй, хариуцлагагүйн хар гай. Жил болгон шахам “Иргэд архинд хордлоо” гэсэн хар мэдээ дуулддаг нь мөн л үүнтэй холбоотой. Хүүхэд зоддог харгис багш, зорчигчдыг үл хүндлэн хээвнэг тамхилдаг жолооч, ээж, аав шигээ настай хүнийг дээрэмддэг залуус бүгд л хариуцлагагүй нийгмийн бүтээгдэхүүн. Энэ бүхэн эцэстээ хүн чанарын доголдол юм. Ялангуяа хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний доголдол бол цэвэр сэтгэл дутсантай холбоотой.

Монголд олныг хамарсан хоолны хордлого гардаг “уламжлал” тогтсон гэхэд хилсдэхгүй болов уу. Нэр төртэй сайхан эмчээ хүртэл хоолны хордлогод “өгчихсөн” улс шүү дээ, бид. Энэ асуудал ингэтлээ ужгирсны буруутан нь хувь хүн, иргэд. Тийм ээ, бид өөрсдөө буруутай. Эцэст нь бидний хариуцлагагүйн “ачаар” үр хүүхэд, гэр бүл, хайртай дотнын хэн нэгэн минь эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах эрсдэлд орж, бас дэлхийн хэмжээний компанийн нэр сэвтэхэд хүрлээ. KFC түргэн хоолны Зайсан дахь сүлжээ зоогийн газарт хооллосон олон иргэн хордож, эмнэлэгт хэвтсэн нь тус газрын удирдлага, ажилтнуудын сэтгэлгүй, хариуцлагагүйн баталгаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 

“Таван богд фүүдс” компанийн “KFC-Зайсан” салбарт хийсэн шалгалтын дүгнэлтэд “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журмыг ноцтой зөрчсөн. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд хяналт тавьдаггүй. Хоол үйлдвэрлэлд оролцдог ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй. Эрүүл ахуйч эмч ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн”

гэж дурджээ. ХӨСҮТ-ийн эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр тус газрын хоол үйлдвэрлэлийн хэсгийн хоёр ажилтнаас шигел хэмээх савханцар бактери илэрсэн. Гарал үүслээрээ е.коли болон салмонелтой адил эл бактери нь хүн, амьтны ялгадсанд үрждэг гэсэн. 

Тэгэхээр хордлогод орсон иргэд баастай хоол иджээ гэчихэд нэг их хол зөрөхгүй. Ийм байхад үйлчилгээний сэтгэл ханамжийн талаар яриад ч нэмэргүй. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг манай байгууллага, компани, хувь хүмүүсийн дунд мэргэжлийн үнэмлэх болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй нь хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Харин хүний төлөө гэсэн сэтгэлгүй нь нэлээд жин дардаг гэдгийг иргэд өдөр бүр мэдэрч, харж байгаа. Хэрэв бид хаана хаанаа хичээгээд, таньдаг, таньдаггүй хамаагүй бусдыг гэр бүлийнхэн шигээ хайрлаж, хүндэлж, сэтгэлээ “дэвсдэг” бол хэзээ ч ийм муу зүйл тохиолдохгүй.

Нөгөөтээгүүр, нийгэм даяараа хариуцлагагүй байгаагийн уршгаар хэн дуртай нь ямар ч хяналтгүйгээр хоол “хутгаад”, түүнийг нь бид нүдээ “анин” ходоод руугаа оруулдаг нь яавч зөв үйлдэл биш. 

Нүүрс ухсан мэт хар хумстай, тос, өөхөнд дагтаршчихсан дээл, хувцастай хүнээс гудамжинд хуушуур, цай, шорлог худалдан авч иддэг, үүнээс болж элдэв нян тээгч болдгоо мэддэггүй “гүндүүгүй” зангаа бид гээхгүй л бол горьгүй.

Уг нь хоол бол бидний амьд явах баталгаа. Тиймдээ ч улс орнууд хоол, хүнсийг үндэсний аюулгүй байдлын түвшинд тавьдаг. Гэтэл бид амиараа дэнчин тавьж, бүр мөнгө төлөөд “баас” идэж байна. Айхтар зүйл болж хэдэн зуугаараа хоолны хордлого авчихаад, тэр талаар амтай бүхэн ярьж, шуугиад байхад л цагаан сахалтай, инээмсэглэсэн өвөөгийн зургаар “гоёсон” хоолны газарт үр хүүхдээ дагуулаад оччихсон байх юм, зарим эцэг, эх. Нөгөө талаас нь харахад, өчнөөн хүн хохироосон тэр байгууллагын удирдлага салбаруудынхаа үүдийг ухамсраараа барьчихгүй, мэргэжлийнхний дүгнэлтийг хүлээх нэрээр хэд хоног ажиллаж л байсан. Ёстой л сүх далайтал үхэр амар гэдэг шиг ийм хачин, замбараагүй, хариуцлагагүй явдал Монголоос өөр газарт байдаг болов уу.

Байгууллага, тэр дундаа гадаадын том брэндийн нэрээр хөлжсөн хүмүүс яах вэ, “таван” төгрөгийн торгуулийг ядах юмгүй төлчихнө. Харин эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд мөнгөөр хэмжих аргагүй хохирол учирч байгааг яах вэ. Элэгний В, С вирус шиг насан туршид нь “дагах” нэг “юм” тээгч болж, цаашлаад нийгэмд халдварлуулж, магадгүй үр удамдаа ч дамжуулж мэдэхээр аюултай нөхцөл байдал бий болжээ. Үүнд зөвхөн тухайн газрыг буруутгаад орхиж яавч болохгүй. Энэ бол яам, тамгын газрууд, төр, засгийн удирдлагад хамаатай асуудал. Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаараагүй ЭМЯ, эрүүл баталгаатай хүнсээр хангахад хяналт тавих ёстой байгууллагууд ч үүнд буруутай. Эцэст нь, иргэн та өөрийн болон өрөөлийн эрүүл, амьд явах эрхийг зөрчиж, баталгаагүй хоол хүнсээр үр хүүхдээ хордуулсан учраас хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ийм хууль журам батлах зайлшгүй шаардлага байгааг эл үйл явдал дахин санууллаа. Эс бөгөөс буруутай хэмээн чичлэх төдийхнөөр хэдэн өдөр шуугьж, торгосноор гэмтнийг “гэсгээсэн” болоод, иргэд л хохироод үлддэг явцуу байдал хэзээ ч арилахгүй.

Бэлтгэсэн: Ж.Цэцэг

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Төвлөрсөн зах, худалдааны төвүүдийн цайны газруудыг цэгцлэх цаг болжээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдал ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Тус төвийг онцолсон нь санамсаргүй хэрэг биш. Энд олон гуанз, цайны газар ажилладаг, үйлчлүүлэгч ч олон байдаг билээ.

“Халуун хуушуур, пирожки байна” хэмээн орилох хүмүүстэй захын үүдээр ороод цөөнгүй таарав. Пирожки зарж байсан иргэн Б “Бүтээгдэхүүнээ гэртээ хийдэг. Захын наймаачид миний хоолонд ам сайтай. Мэргэжилгүй учраас чаддаг юмаа хийж хэдэн хүүхдээ тэжээж байна” гэж учирласан. Энэ мэт гар дээрээс хоол зардаг хувь хүн болон “Нарантуул” зах дотор үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй цайны газрынхан эрүүл ахуйн шаардлага хангаж ажилладаг, эсэхийг тус худалдааны төвийн эрүүл ахуйч Ж.Алтанцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Гар дээрээс худалдаа хийдэг хүмүүсийг хянаж чаддаггүй. Цагаан сарын өмнө хувь хүмүүсийн борлуулж байсан хоол, бэлэн

бүтээгдэхүүнийг хураан авч, устгасан. Ийм арга хэмжээ авдаг ч гар дээрээс бүтээгдэхүүн зардаг хүмүүс хаширдаггүй. Дахиад л ирдэг. Бидэнд торгууль ногдуулах эрх байхгүй учир дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Харин цайны газруудад саяхан шалгалт хийж, ажилчдыг нь эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй” гэв. Түрээслэгч нарт хүргүүлсэн түүний мэдэгдэлд гартаа идээт шархтай хүн хоол хийж байсан тухай дурджээ. Тэр тогооч гараа эмчлүүлсэн тул одоо ажлаа хийж байгаа гэнэ. Үүнээс гадна хоол үйлдвэрлэлд хэрэглэж байсан мах, махан бүтээгдэхүүн, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний гарал үүслийн болон шинжилгээний бичиг дутуу, үйлчилгээ эрхлэх явцад хоол, түүхий эдийн хадгалалтын горимыг зөрчсөн, түргэн муудаж, чанараа алдах хүнсний ногоог хөргүүрт хадгалаагүй, хоолны дээжээ шинжилгээнд авдаггүй зэрэг зөрчил цайны газруудаас илэрсэн байна.

“Нарантуул” зах доторх зоогийн газрын олонх эзэн 10 гаруй жил тасралтгүй үйлчилгээ эрхэлж байгаа гэнэ. “Мөнхжин” цайны газраар ороход бүх ажилчин нь зориулалтын хувцастай, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг бүрэн байв. Гэвч гартаа бөгжтэй, хумсаа будсан, үс нь ил гарсан, малгайгүй ажилчин байсан төдийгүй шал нь бохир харагдав. Тэд өдөрт 100 гаруй хүнд үйлчилдэг гэнэ. Хамгийн сайн гүйлгээтэй хоол нь пирожки бөгөөд тосоо хоёр хоногт нэг удаа сольдгийг тус газарт 13 дахь жилдээ ажиллаж буй тогооч Н.Бурмаа хэлсэн.

“Солонгос, Монгол хоол-3” нэртэй цайны газрынхан мөн л хоолны дээж аваагүй, ажлын байрны цэвэрлэгээ дутуу нь илт байв. Хоолныхоо дээжийг яагаад аваагүй талаар ерөнхий тогоочоос нь асуутал халуунаа баригч төмөр савнаас “дээж” авч, дутуу угаасан шилэнд хийчихэв. Зөөгч нь мэргэжлийн үнэмлэхгүй аж. Тэнд хоол идэж байсан үйлчлүүлэгчдийн олонх нь орон нутгаас ирсэн байв.

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 4000 гаруй газар байдаг гэх. Энэ жил тэдгээрээс дунд болон их эрсдэлтэй 315 газрыг шалгалтад хамруулна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч О.Нямдаваа хэлсэн. Тэрбээр “Нарантуул” захын цайны газруудад Цагаан сараас өмнө шалгалт хийгээгүй. Иргэд ямар тогооч өөрт нь үйлчилснийг мэдэх эрхтэйгээс гадна, тухайн газрын гал тогоонд нь орж орчныг нь харж болно. Зоогийн газруудад ч гаднын хүнд зориулан нөмрөг, улавч бэлдэх ёстой. Тогооч нар мэргэжлийн сургалтад хамрагдсан, зөөгч нь тусгай үнэмлэхтэй байхыг бид шаарддаг. Манай байгууллагад иргэдээс ирүүлдэг санал гомдлын ихэнх нь зориулалтын бус байранд буюу орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг газруудтай холбоотой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зөвхөн нэрийг нь зарласан газарт хяналт, шалгалт хийнэ гэж заасан. Дунд болон их эрсдэлтэй газрыг бид мэдээллийн сангаас шүүж шалгалтад хамруулахаас гадна очихын өмнө мэдэгдэл хүргүүлэх журамтай” гэв. Ганц “Нарантуул” ч биш, хүн олноор үйлчлүүлдэг төвлөрсөн зах, худалдааны төв нийслэлд олон бий. Ийм газрууд дахь цайны газар, гуанзны ажлын байрны нөхцөл, орчин бараг адилхан. Эдгээрт тавих шалгалтаа чангатгахгүй бол хоол үйлдвэрлэлээс үүдэлтэй нийтийг хамарсан халдварт өвчин гарахгүй гэх баталгаа алга гэдгийг холбогдох байгууллагынхан анхаарах биз ээ.

Бэлтгэсэн: Г.Баясгалан

ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.ХОНГОРЗУЛ: Томоохон зоогийн газруудын ихэнх нь эрүүл ахуйч ажиллуулдаггүй

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Хонгорзултай ярилцлаа.

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанартай холбоотой гомдол хэр олон ирдэг вэ?

-Цөөнгүй гомдол ирдэг. Өнгөрсөн жил гомдлын дагуу 1702 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж, 27 417 зөрчил илрүүлсэн. Олон хүн хоолонд хордсон хэрэг, зөрчил 38 бүртгэгдсэн. 1028 хүн хордож, 328 иргэн эмнэлэгт эмчлүүлсэн байна. Хүүхдийн байгууллага, ширхгийн хоол зардаг болон албан байгууллагын цайны газар, хурим найр зохион байгуулдаг ресторанд голдуу хордлого гарсан.

-Ямар шалтгаанаар хүмүүс олноороо хоолонд хорддог бол?

-Ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой зөрчил их. Жишээ нь, стандартын шаардлага хангаагүй бодисоор аяга, тавгаа угаадаг. Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан тушаалаар хүнсний зориулалттай бодисоор угаалга, цэвэрлэгээ хийх ёстой ч мөрддөггүй. Гарал үүсэл тодорхойгүй цайруулагч, ариутгагч, угаагч шингэн хэрэглэдэг. Ихэнх цайны газар гал тогооныхоо өрөөнд гар угаах хэсэггүй. Нөгөөтээгүүр мэргэжлийн сургууль төгссөн боловсон хүчин хоол үйлдвэрлэх ёстой атал манайд хэн дуртай нь зоогийн газар нээж байна. Мөн зоогийн газруудын хаалган дээр “Угаагч, бэлтгэгч авна” гэсэн зар түгээмэл харагддаг. Ийм жишгээр хэнийг ч хамаагүй ажилд авдаг. Ажилд орохоор ирсэн хүнээс эрүүл мэндийн шинжилгээний бичиг шаарддаггүй, явцын дунд, шалгалтын сургаар л шинжилгээнд хамруулдаг. Дээрээс нь хүнс нийлүүлдэг байгууллагаас гарал үүслийн бичиг шаарддаггүй, гэрээ ч байгуулдаггүй.

-Олон хүн үйлчлүүлдэг, ширхгийн хоол бөөнөөр хийдэг газрууд хиншүү сорох зориулалтын төхөөрөмжгүй гэсэн шүүмжлэл их гардаг.

-Зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдагтай энэ нь холбоотой. Хиншүү сорогчоос гадна цэвэр, бохир усны шугам нь ч зориулалтын бус байдаг. Нэмж хэлэхэд, зоогийн газрууд ундны усаа тогтмол шинжлүүлдэггүй. Хоолны дээжээ ч тогтмол шалгуулдаггүй.

-Эрсдэлээс сэргийлэх үүргийг зөвхөн удирдлага хүлээх үү?

-Удирдлага үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ 50-иас цөөн ажилтантай аж ахуйн нэгжүүд гэрээгээр эрүүл ахуйч ажиллуулах эсвэл сард нэг удаа зөвлөгөө авах ёстой. Үүнээс олон ажилтантай бол эрүүл ахуйч тогтмол ажиллуулах заалт Эрүүл ахуйн тухай хуульд бий. Харамсалтай нь, томоохон зоогийн газруудын ихэнх нь эрүүл ахуйчгүй. Сая хоолны хордлого гарсан КFС ч эрүүл ахуйчгүй байсан.

-Иргэд зоогийн газарт очихдоо юу анхаарах ёстой вэ?

-Хооллох газраа л зөв сонгох хэрэгтэй. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын ариун цэвэр, эрүүл ахуй нүдэнд ил харагддаг. Үйлчилгээний ажилтны соёлоос гадна хооллох танхим, ширээ сандал цэвэр, эсэх зориулалтын хувцас өмссөн, үгүйг анзаараарай. Хоол аягалж буй хүн амны хаалт, нэг удаагийн бээлийгүйгээр үйлчлэх ёсгүй.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Нийтийн хоолны газрын чанар, аюулгүй байдал ямар байна вэ?

Б.ЭНХТУНГАЛАГ (НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хүнсний аюулгүй байдал судлаач):

Бэлэн болсон хоолыг хоёр цагаас илүү хадгалах ёсгүй. Гэтэл нийтийн хоолны газрууд бэлэн болгосон бүтээгдэхүүнээ удаан хадгалах, эсвэл урьд орой нь бэлтгэх зэргээр чанар, аюулгүй байдлыг нь алдуулах тохиолдол элбэг. Хүнсний аюулгүй байдал, чанарыг сайжруулахын тулд хувь хүн болон хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, хандлага, үүрэг хариуцлага, ухамсарыг дээшлүүлэх хэрэгтэй. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллагад ажилд орох хүсэлтэй хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тэр ч бүү хэл удаан хугацаанд чөлөөтэй байсан, халдварт өвчинтэй хүн асарч байгаад ирсэн, ээлжийн амралтаас ажилдаа орох гэж буй иргэн үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой. Яагаад гэвэл зарим хүн өвчин үүсгэгч нян биедээ тээдэг. Өөрт нь зовиур илрэхгүй ч бусдад халдааж, санамсаргүй байдлаар хоол хүнс бохирдуулдаг. Энэ тохиолдлыг эрүүл нян тээгч гэдэг. Бизнесийн ашиг хэт хөөсөн, хариуцлагагүй зарим хүнээс болж иргэд хохирдог нь харамсалтай. Нөгөө талаас харсаар байж эрүүл ахуйн шаардлага хангаагүй газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг нь буруу.

Б.БАДАМСЭРЭЭТЭР (Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн):

-Япон Улсын хоолны газрууд эрүүл ахуйн өндөр шаардлага хангаж ажилладаг. Зарим зоогийн газар нь хаанахын хүнсний ногоо хэрэглэсэн тухайгаа тодорхой бичсэн байдаг, түүнд тавих хяналт ч өндөр. Энэ нь ч бусад хоолны газраас ялгарах давуу тал болж, үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёрын дунд итгэлцэл бий болгодог. Тиймээс манай улсад үйлчилгээ эрхэлдэг хоолны газрууд ил тод байдлыг эрхэмлэх нь зүйтэй. Иргэд цайны газраар үйлчлүүлэхдээ ямар хүнсийг хэн, хэрхэн боловсруулсан талаар сонирхдоггүй. Энэ нь чанаргүй хоол бэлтгэдэг газрууд олшрох нөхцөл бүрдүүлдэг байж болох юм. Хоол үйлдвэрлэлийн салбарын орлого 2017 оны эцэст 298 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 67.4 (29.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гэж уншсан юм. Энэ тооноос хоол, үйлчилгээний салбарынхан ашигтай ажиллаж буй нь харагдана.

Э.ЦЭЦЛЭН (Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн):

-Гадуур хооллохдоо тухайн газрын хоолны чанар, аюулгүй байдалд анхаардаг ч үйлчилгээний ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, эсэхийг асуудаггүй. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд анхаарч сайн ажиллавал хоолны чанарт асуудал үүсэхгүй байх. Хотын төвд байрлалтай, сайхан орчинтой газраас ч том зөрчил илэрч олон хүний эрүүл мэндийг хохироолоо. Тэгэхээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жижиг газраас ямар зөрчил илрэхийг төсөөлөхөд бэрх. Садангийн минь дүү хоолны томоохон сүлжээ ресторанд олон жил ажилласан юм. Тэндхийн гал тогооны ширээ, сандал, тоног төхөөрөмж маш бохир, ариутгал хийдэггүй, хүнсний ногоогоо удаан хадгалах зорилгоор янз бүрийн бодис ашигладаг байсан гэнэ лээ. Тийм газрыг яагаад ажиллуулаад байдгийг мэдэхгүй юм. Хөрөнгөтэй газар болохоор бүх асуудлаа мөнгөөр шийдчихдэг байж мэднэ.

Б.ТАМИР (Технологийн дээд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний багш):

-Зоогийн газруудын хоолны чанар, аюулгүй байдлыг сайжруулахын тулд хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үрийг хөрсөнд суулгахаас эхлээд хэрэглэгчийн тавганд орох хүртэл бүх үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх ёстой. Үйлчилгээний газрууд үйлдвэрлэлийн зохистой дадал болон олон улсын НАССР (үйлдвэрлэлийн явцад аюулаас сэргийлэх, эрсдлийг бууруулах) систем нэвтрүүлэх нь зүйтэй. Зоогийн газруудад хийж байгаа хоол, ундаа нь хэрэглэгчийн өдөрт авах ёстой илчлэгийн тодорхой хувийг нөхөх ёстой. Хүнсний аюулгүй байдал гэсэн ойлголтыг бид зоогийн газрын хоол бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлаар л хязгаарлаж болохгүй.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Ажилтнаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй бол өндөр торгодог

Дэлхийн ихэнх улс хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний ариун цэвэр, аюулгүй байдалдаа онцгой анхаарч, стандарт баталдаг. Зоогийн газар, зочид буудал зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах эрх авч, зэрэглэл тогтоолгохын тулд юуны түрүүнд баталгаат хүнс хэрэглэх, ариутгал, халдваргүйтгэлийн горим баримтлах, иргэдийн аюулгүй байдал, цаашлаад сэтгэл ханамжид хэрхэн анхаарах талаараа танилцуулдаг юм байна. Ингэхдээ манайхан шиг зүгээр л баахан “сараачсан” хэдэн цаас үзүүлдэггүй гэсэн. Бүх зүйлээ жин тан болгосныхоо дараа мэргэжлийнхнийг газар дээр нь авчирч танилцуулдаг юм байна. Нөгөө талаас хянаж, батлах ёстой хүмүүс нь хариуцлагаа ухамсарлан ажиллаж, стандартад зааснаас гажсан зүйл байгаа, эсэх, зориулалтын дагуу үйлчилгээгээ явуулахад зай талбай, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж хангалттай юу, ажиллагсдын бичиг баримт, мэргэжлийн зэрэглэлийн гэрчилгээ бүрэн үү гэхчлэн бүгдийг дүрэм журмын дагуу шалгадаг аж.

Японд ажилладаг нэг монгол эмэгтэй 

“Би Монголд тогоочийн дамжаанд сурч, үнэмлэх авсан. Японд хоолны газарт ажиллахыг хүсэж, мэргэжлийн үнэмлэхтэй гэдгээ хэлсэн ч “Манай улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ байх ёстой” гээд халгаагаагүй. Тэндхийн зоогийн газруудад аяга, таваг угаагч, цэвэрлэгчээр ажиллахад ч стандартын дагуу бичиг баримт, гэрчилгээтэй байхаас гадна эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой. Тэр ч бүү хэл, хоолны хэрэгсэл, аяга, таваг угаадаг бодисыг хүртэл хянадаг юм билээ” гэж ярьсан. 

Энэ оны эхний өдрөөс ОХУ-д мөрдөж эхэлсэн нэгэн хуулиар бол хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өчүүхэн төдийд дутуу савласан тохиолдолд үйл ажиллагааныхаа эрхийг хасуулах хүртэл шийтгэл хүлээх болсон. Үүнтэй адил зоогийн газрын стандарт, эрүүл ахуйн журмыг зөрчсөн, тодруулбал, Монголын “KFC-Зайсан” салбарт гарсан шиг зөрчлүүд илэрвэл тухайн газрын эрхийг цуцалдаг сайн жишиг хойд хөршид бий. Ингээд зогсохгүй хохирсон иргэдэд нөхөн олговор гаргуулдаг байна.

Олон улсын шинжээчдийн мэдээлснээр, зоогийн газрын хоолноос хордсон тохиолдлуудын 97 хувь нь тухайн ажилтны хариуцлагагүйгээс болсон байдаг аж. Бүр тодруулбал, хувийн ариун цэвэр сахиагүй, эрүүл ахуйн горим баримтлаагүйгээс хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүнд халдвар тархдаг гэнэ. Энэ нь эрүүл ахуйн дотоод хяналт сулын илрэл. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудад зоогийн газрын стандарт, журамд энэ төрлийн заалтыг маш нарийвчлан тусгадаг байна. Жишээ нь, “Үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ыг зөрчсөн байгууллагыг өндөр торгохоос эхлээд, тухайн хүнийг хууль зөрчсөнд тооцон, шийтгэдэг гэнэ. Зоогийн газруудад түр ажиллах хүмүүст ч энэ нь хамаатай байдаг аж. Үүнээс гадна цэвэрлэгээний горим зөрчсөн, агааржуулалтын систем нь доголдсон зэрэг зөрчил илэрвэл түр хугацаанд үйл ажиллагааг нь түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авдаг байна. Энэ бүхэн аливаа халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг ажээ.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)