ХОНОГИЙН ЗЭЭЛ

М.НАРАНБААТАР

“Нас залуу сан бол биеэ үнэлээд ч хамаагүй өрнөөс гарах сан... Хэрвээ эрэгтэй хүн байсан бол өрнөөс гарахын тулд хулгай дээрэм хийх байх... Хүүхдүүд маань яаж өрнөөс салах вэ гэж шаналж, хэрэг төвөгт орчих гээд... Өрнөөс болж хорин хэдтэй охин лангуун дээрээ өөрийгөө боомилж үхсэн... Гэр бүлтэйгээ ойлголцож амьдрах аргагүй болон салж, хүүхэд маань өнчирсөн... Биеэ үнэлэхийг шаарддаг...” Санаа алдаж, харуусалд живмээр эдгээр үгс бол зээлийн боолуудын яриа. Энэ сарын 22-нд “Малчин”, ТВ-10, 25-нд MN25 дугаар суваг телевизээр гарсан “Хоногийн зээл буюу зээлийн боол” нэвтрүүлэг амьдрах гэж зүтгэсэн олны хөлс хүчийг хувалз шиг сорох мөнгө хүүлэгчид, нөгөө талд нь зээлийн мөлжлөгт байдгаа барж, туйлдаж сөхрөн унаж байгаа зээлдэгчдийн тухай тодорхой үзүүлсэн.

Зээлийн мөлжлөгт барьцаалагдан сүйрч байгаагийн шалтгаан нь өндөр шаардлагатайн дээр жирийн олонд олддоггүй банкны зээл юм. Банкны зээл бол хөөрхий “дордосын” хувьд азын сугалаа. Банк санхүүгийн системийн энэ харалган хатуу нөхцөлийг орлох “өгөөмөр бирд”-үүд, мөн эцэстээ амьдралыг там болгогчид бол өдрийн зээл гэгч луйврын пирамидын эзэд юм. Хуульгүй, хууль нь тодорхой биш, тодорхой байлаа ч хэрэгждэггүй, иргэд нь хууль эрх зүй, санхүүгийн талаарх ойлголт, мэдлэггүй ийм л нийгмийн харанхуй золиос нь худалдаа үйлчилгээ эрхлэгч нэгэн давхаргынхан болчихоод байгаа юм санж. Нийтээрээ мэдэхгүй л явжээ, бид. Мэдсэн нэг нь үл мэдэгчийн дүрээр чимээгүйхэн алхахдаа юу бодож явсан нь гайхмаар.

Барьцаагүйгээр гар дээр нь шууд мөнгө тавих мөнгө хүүлэгчдэд хяналт хамжаарга гэж алга. Тэр битгий хэл, зээлдэгч дөрвөн сая төгрөгийн зээл аваад, гурван сая гаруйг нь төлчихөөд 10 гаруй сая төгрөгийн өрөнд унах жишээний шүүхийн шийдвэрүүд олноороо гарч байж. Хууль шүүх нь хүртэл ийм жишгээр нэрмээс болж байхад зүдэрсэн иргэд хэнд хандаж, хэнээр хамгаалуулах вэ? Эзэнтэй, төртэй Монгол Улсын иргэн хэнд, юунд найдах вэ? Масс гэгддэг олонх яагаад ийм дорой, харанхуй, мэдлэг, мэдээлэл, боломж нөхцөлөөр туйлаас дор байна вэ?

Өдрийн зээлийн сарын хүү янз бүр. Ямартай ч доод тал нь 10 хувь байдаг гэнэ. Гол луйвар нь өдөр тутам эргэн төлөлт хийдэг зарчимдаа байдаг юм байна. Жишээлбэл, нэг сая төгрөгийн зээл аваад, өдөр тутам 50.000 төгрөг эргүүлэн төлнө. 10 хоногийн дараа зээлсэн мөнгөний тал нь буцаж эзэндээ очсон байх бөгөөд наймаачны бараа ч багассан байна. Зээлсэн мөнгөө бүтэн эргэлдүүлэх боломжгүй байгаа биз. Тэгэхээр дахиад нэгэн мөнгө хүүлэгчээс өдрийн зээл авна.

Өдөрт эргүүлж төлөх мөнгөний дүн нэмэгдэнэ. Ахиад хэд хоноход бараа нь багасна. Дахиад нэгнээс нь авна. Эргэлт багатай, орлогогүй үедээ дараагийн мөнгө хүүлэгчээс авч, өмнөхийнхөө өрийг дарж явсаар нэг мэдэхэд өрийн сүлжээнд орж хүчрэхээ ч болино. Хүү, алданги нь замаа алдаж, мухардаж эхэлдэг байна. Хүчинд автан байгаа бараагаа, лангуугаа булаалган амь амьжиргааныхаа эх үүсвэрээс ч салж, өр зээлээ дарахын тулд байгаа бүхнээ зарахыг нь зарж, шүүхийн шийдвэрээр алдахыг нь алдан, юу ч үгүй арга мухардсан зарим нь архинд орж, амиа ч хорлосон бодит жишээ байна.

Асуудал нэгэнт баримттайгаар ил боллоо. Одоо харин ингээд үргэлжлээд байх уу, эсвэл төр, засаг даруйхан шийдэж цэрийг цээжинд, бөөрийг нь бөгсөнд байлгах учиртай юу гэдэг асуулт үлдээд байна. Мөнгө хүүлэгч тодорхой үеүдэд ихэсдэгийн нэг нь эдийн засгийн уналтын үе байдаг бөгөөд нийгмийн хамгаалалт сул, орхигдож хаягдсан бодлого, онгорхой цоорхой хуулийн хөрс суурин дээр энэ нь цэцэглэдэг аж.

Тийм ч учраас өдрийн зээл гэгч санхүүгийн луйврын эзэд өнөөдөр улсад нэг ч төгрөгийн татвар төлөлгүй, далд луйвраар мөлжиж, хөл“жиж байгаа юм. Тэднээс хууль ёсны, хүнлэг энэрэнгүй, хүн ёсны харилцаа хүлээх боломжгүй, тэд энэ луйврын сүлжээгээ дарамт, доромж, элдэв далайлт, тэр бүү хэл, хуулийнхантай хүч хавсран гүйцэлдүүлдгийг “Зээлийн боолууд” нэвтрүүлэг үзүүлсэн. Зээлдэгчид бол тэдний мөнгийг ямар ч аргаар хамаагүй өсгөж өгч л байх ёстой

“Манкурт боол” болдог. Багыг зээлээд ихийг эргүүлэн авч, дарамтад орж, сүйдэж буйг нь харж суудгаараа тэд “маньяк” төрлийнхөн. Энэ орон зайг нь хуульчлан хумьж, хууль нь хууль шиг иргэнийхээ төлөө байвал мөнгө хүүлэгчдийн тааваараа туйлах орон зай үгүй болно. Орон гэрээ зарж, хамаатан садандаа ад үзэгдэн, байгаа бүхнээсээ салсан бүсгүй уйлна. Хэрэв хоёр хүүхэд нь байгаагүй сэн бол аль хэдийнэ амиа хорлочихоор байсан гунигт тавилангаа итгэн уудалж сууна лээ.

Овоо дэвжин, өөдөлж байсан амьдрал нь хоногийн зээлийн хүүнд дарлуулж явсаар нэг л мэдэхэд амьсгалахаас бусдаар бусдын эрхшээлд дөрлүүлсэн харанхуй амьдрал болж хувирсан аж. Хоногийн мөнгө зээлсэн босс нь түүнийг дуртай цагтаа дуудна. Очихгүй бол өрийн дарамтаар айлгана. Эхлээд өөрөө түүнтэй бэлгийн харьцаанд ордог байснаа сүүлдээ хэн нэгэнд бэлэглэж, баяр ёслол болоход найз нөхдөдөө үйлчлүүлэхээр дуудна. Амиа хорлож чадахгүй яваа бүсгүйн амьдралын эцсийн цэг хаана хүрч төгсөхийг таашгүй.

“Эрх мэдэлтнүүдийн нуусан асар их хөрөнгө ил болоход өршөөлд хамрагдана. Татвараас бултсан нь ч өршөөгдөнө. Үнэндээ тэдний зээл, хулгай, луйвар л өршөөгдөхөөс жирийн ардад ямар ч хүртээлгүй хууль дуулиан, дэмжлэг ихтэй батлагдаж, хэрэгжинэ. УИХ-ын гишүүд, сайд дарга нар хэнийг өршөөх гэж хууль баталсны гаргалгаа тодорхой. Гэтэл төрийн жинхэнэ өршөөл, хайр өрийн дарамтад орж, амь амьдралаа алдаж буй иргэдэд яагаад хүрсэнгүй вэ? Яагаад судалсангүй, мэдсэнгүй вэ? Тэд ард олноос хэдий чинээнд хол, дээр залардгийн жишээ энэ.

Өрийн сүлжээнд орсон иргэдийн өрийн дүн нийлээд ч нэг эрхтэн дархтны казинод алдсан мөнгөнд хүрэхгүй шүү дээ” гэж агсрах, аргаа барахын дундуур хэлсэн наймаачны үгнээс бурууг хайх гээд чадсангүй. Эрхэм хууль тогтоогчид оо! Та бүхнийг ийм л ядруухан ард иргэд чинь алба суудалд аваачиж залсан. Харин та бүхэн хэний төлөө ажиллаж, ард түмний нэрийн өмнөөс хэнийг өршөөв? Жинхэнэ ард түмэнд зориулсан, аюулгүй, эрсдэлгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, амьдралтай хууль чинь хаана байна вэ?

Зээлээ төлөхийг шаардаж, лангуун дээр нь ирэх өр нэхэгчийн өмнө хүч мөхөстөн бүлтэгнэж, орох байх газраа олж ядах бүсгүйг хамгаалах, байгаа бүхнийг нь хамж одох харгис дээрэнгүй нэгэнд үйлчлэх хууль үгүй. Эргүүлж төлөх ёстой гэсэн хатуу харгис “ширэнгийн хууль” л үйлчилнэ. Энэхүү зээлийн үйлчилгээг олон улсад хориглодог. Төрөөс нь бодлогоор зогсоодог, тэмцдэг.

Харин манайд бол далдуур дэмжих талдаа ажилладаг нь нэвтрүүлгээс харагдсан. Цагдаа, хүчний байгууллагад энэхүү шударга бус зээлийн талаар гомдол гаргаад хэрэггүй, зээлдэгчид буруутаад л дуусдаг. Ямар хэлхээ холбоотойг бид мэдэхгүй ч мөнгөтэйд нь үйлчилдэг Монголын бичигдээгүй хууль Үндсэн хуулиас ч хүчтэй цаг үед бид амьдарч буйгаа улам мэдрэх хоржоонтой гашуун үнэн санаанд бууж байна.

Иргэн Б.Г хоногийн зээлийн өрийн дарамтад орж, ах дүү нараасаа ч мөнгө зээлсээр нэг л мэдэхэд “Зальдагч” гэх алдартай болсон нэгэн. Одоо түүнээс ах, дүү нар нь бүх харилцаагаа тасалж, найз нөхөд нь ч нүүр буруулжээ.

Өөрөөр хэлбэл, тэрээр нийгмээс тусгаарлагдаж, өрийн сүлжээнд гүн шигдэж, архинд донтсон нэгэн болж хувирсныг зээлийн боолуудтай уулзахдаа олж мэдлээ. “Би маргааш ч гэсэн архийг хаяж чадна. Уухгүй байж чадах ч эрүүл болоод ирэхээр өр зээл нэхэгсэд шаналгаж, зээлээ яаж төлөх вэ гэж сэтгэлийн дарамтад ороод үнэхээр хэцүү болдог юм. Амиа хорлох гэхээр согтуу ч гэсэн ээждээ харагдаад явж байя даа гэж бодох юм байна шүү дээ” гээд санаа алдаж суух юм.

Хэн нэгнийг зүхэж, буруутгалгүй “Болохдоо л болно” гэж явсаар хамаг байдгаа “Хоногийн зээл”-д алдсан наймаачин эр. Харин одоо бол “Нарантуул” захын накчин.

Өнөөдрийн эрх баригчид “Амьдрал сайхан байна” хэмээн дуулж, “Иргэдийн амьдралын чадамж өссөн” гэх худал тоо баримтаар ард түмний тархийг угаахаар оролдож, өөрсдөө ч түүндээ итгээд байх шиг. Тэд ихийг хийсэн хэмээн бардамнаж, дахин сонгогдож, төр барина хэмээн шунан зүүдэлж байна. Гэвч ард түмний амьдрал “Боолын гэрээ”-нд гинжлэгдэж, өдрөөс өдөрт уруудан доройтож, өрийн сүлжээнд талхилагдаж байна. Энэ бол Монголын уруу дорой амьдралын нэлээд хэсгийнх нь үнэн төрх. Дурдаж дуусашгүй өчнөөн асуудал дахиад ч бий.

Өглөөний нарыг тайван угтах нөхцөлгүй хоногийн зээлийн өртнүүд жил сар, өдөр өдрөөр нэмэгдсээр хүн амын багагүй хувийг эзлэх хэмжээнд нэгэнт хүрсэн байна. Монгол Улсын худалдаа, үйлчилгээний бүх газрыг хэрсэн байна. Улс орны хөгжил өргүй, элэг бүтэн, аз жаргалтай хувь хүн, өрх гэрээс эхэлнэ.

Харин зээлийн дөнгөнд өндийх аргагүй болсон ард иргэдээ ингээд л хөсөр хаячихвал дарангуйлал, боолчлол, мөлжлөг, зэрлэг сэтгэхүй, яахаас ч буцахгүй гэмт хэрэгтнүүдийн үе давхаргад сэм сэмхэн эзлэгдэх нь ээ, энэ улс орон. Худалдааны төв, захуудаар яваад үзээрэй. Цаашлаад зарим баар, үйлчилгээний газраар ороод ярилцаарай.

Хууль гэдэг ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг зохицуулахаас эхэлдэг. Гэтэл “Ард түмэнд зориулсан ганц ч хууль сүүлийн арван жил батлагдаагүй юм шүү дээ” гэж цагийн сайханд ОХУ-д хуулийн чиглэлээр сурч байсан гэх согтуу эр өгүүлж байна. “Би архичин. Гэхдээ ард түмний нэрийг барьж нэг шил архи хүнээс гуйж үзээгүйдээ төрд буй 76-гаас нэр цэвэр хүн” гэж бардамнах аядана. Тэрбээр бас л хоногийн зээлийн өрөнд орж, сүүлдээ орон гэргүй болж, эхнэрээсээ салснаас хойш эргэлт буцалтгүй энэ замаар орсон нэгэн.

Тэдний үгийг төр сонсдоггүй, харин эрх мэдэл, мөнгө хоёрын өмнө бүх зүйл бөхийж байна. Аваагүй мөнгөний хүү, алдангид амьдралаа алдаж, буруутан болдог “ширэнгийн хууль”-тай хар бараан амьдрал хөшигний цаанаас ил болж эхэллээ. Эх орондоо, эрх хангагдсан эрх зүйт нийгэмд амьдрахсан даа, монгол хүн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)