Хонконгод 80 гаруй жагсагчийг баривчилсныг эсэргүүцэв

Хонконгод хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглаанд оролцсон хэмээн 80 гаруй хүн баривчилсныг АНУ эсэргүүцэж байгааг Төрийн департаментын хэвлэлийн албаны удирдагч Морган Ортэгус мэдэгджээ. “Хонконгийн байдал тогтвортой байж, хөгжин цэцэглэх нь жагсаал, цуглааны үеэр хүний эрх, үг хэлэх болон бусад үндсэн эрх чөлөөг сахиж мөрдөхөөс шалтгаална” гэж тэрбээр Бээжинг ээлжит удаа шүүмжлэхдээ хэлэв. “Хятадын засаг захиргааны тусгай бүс нутгийн эрх баригчид хууль сахиулах байгууллагуудаа улс төрийн зорилгод ашиглан, хуулиа дээдлэх, хүнийг хүндэтгэх, тэр дундаа жагсаж, цуглах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж буйд бид харамсаж байна. Баривчилгаа нь БНХАУ баримтлахаар амласан “Нэг улс, хоёр систем” зарчмыг Бээжин бүрэн үгүйсгэснийг харууллаа” гэж М.Ортэгус мэдэгдэв. БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баяр болсон, энэ сарын 1-нд Хонконгод эсэргүүцлийн хууль бус жагсаал, цуглаан болсон юм. Эл өдөр цагдаагийн 6000 ажилтан хэв журам сахиулсан бөгөөд Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал хийх гэсэн сөрөг хүчний хүсэлтэд шинэ төрлийн коронавирус тархах аюултай хэмээн эрх баригчид нь татгалзсан хариу өгсөн аж. Гэсэн ч идэвхтнүүд нь цахим ертөнцөөр дамжуулан хүмүүст хар хувцас өмсөж, эсэргүүцлийн уриа лоозон барин гудамжинд гарч, зам хаан, эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан байж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)