Хонконгийн 200 орчим жагсагчийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар өнгөрөгч ням гарагт эх газрын Хятадын талд оршдог Монкок дүүрэгт болсон Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалд оролцсон 200 орчим хүнийг баривчилсан гэж “Сянган линъи” цахим хуудсанд мэдээлжээ. Залуучууд голдуу хэдэн зуун жагсагч Хонконгийн дүүргүүд дэх худалдааны томоохон төвүүдэд цугларсан аж. Жагсагчдад зай барьж, наймаас олон хүн нэг дор цуглахыг хориглосон журам зөрчсөнийг цагдаагийнхан сануулан, тарахыг шаардсан байна. Монкок дүүрэгт жагсагчид замаар хог тараан, шатаахыг оролджээ.

Хонконгт цар тахлын байдал сайжрахын хэрээр өнгөрсөн зунаас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжих болсон байна. Өнгөрсөн гурван долоо хоногт Хонконгт дотооддоо халдвар авсан тохиолдол илрээгүй бөгөөд эрх баригчид хязгаарлах арга хэмжээг сулруулах болсон юм. Харин жагсагчид өөрсдийгөө сануулах гэж худалдааны зарим төвд эсэргүүцлийн ажиллагаа үе үе явуулахыг оролдох болжээ.

Хонконгт Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалыг дахин эхлүүлж болохгүй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн газраас тавдугаар сарын 6-нд мэдэгдсэн байна. Хятадын төв Засгийн газар энэ явдлыг зүгээр хараад суухгүй бөгөөд Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын үндэс суурийг сүйтгэхийг зорьж байгаа хүчнүүд дахин идэвхжихийг зөвшөөрөхгүй гэж тус улсын эрх баригчид онцлон тэмдэглэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)