Хонконгийн зураач бүсгүй Монголд үзэсгэлэнгээ гаргана

Хонкконгийн залуу уран бүтээлч болох  Esther Chow-ийн “ALIVE”  үзэсгэлэн  аравдугаар сарын 2-нд "Pearl" галерейд нээлтээ хийнэ. Найм хоног үргэлжлэх эл үзэсгэлэнд аялагч-зураачийн сониуч хараанд Монголын дүр зураг, аж ахуй, энгийн амьдрал хэрхэн өртөж, бүтээл болон амилсныг харуулах юм.  Хөдөө талын цэцэгс өөрийн анхилуун сайхан үнэрээрээ бишрүүлж, уян зөөлөн, хайр татам, гайхалтай төгс гоо үзэсгэлэнг бий болгож буйг, ерөөс энгийн бүхэн тийм нэг амьд мэдрэмж, төгс зохицол, гайхалтай эрч хүчтэй аялгууг аниргүйхэн эгшиглүүлэн буйг харуулах нь зураачийн хүсэл эрмэлзэл гэнэ. Түүнчлэн залуу зураач бүсгүйн зөөлөн дулаан мэдрэмж, уран сэтгэмж, цогц шийдэл, сэтгэлийн гал цогийг та энэ үзэсгэлэнгээс мэдрэх болно. 

Сувд арт галерей

 

Хонконгийн  зураач Эстер Чоу бол Чикагогийн урлагийн хүрээлэнг төгсөж Хонконг, Шанхай, Лос-Анжелес, Чикаго, Прага хотод үзэсгэлэн гаргасан туршлагатай уран бүтээлч юм. 

Тэрбээр байгалийн өнгө хэрхэн хувиран өөрчлөгдөж буйг ажиглан, бүтээлдээ тусгадгаараа бусдаас ялгарна. Ялангуяа байгаль дахь өнгөний олон хувирал, цэцэг жимс, газар дэлхий нар сарны гэрэлд хэрхэн өнгөө хувирган өөрчлөгдөж буй нь түүний анхаарлыг ихээхэн татдаг аж. 

Энэ удаа тэрбээр хоёр сэдэвт, цуврал бүтээлээ танилцуулах юм. Байгалийн гоо үзэсгэлэн, аж байдлыг дүрсэлсэн эхний цувралаа тэрбээр Монгол орны үзэсгэлэнт  газруудын нэг  Гүн Галуут дахь хүүхдийн зусланд хоёр жил дараалан зусаж, бүтээжээ.  Зуны үдшийн наранд хувцасаа ээн хатааж буй залуу охин, сарны гэрэлд урцан дотроо амтат зүүд зүүдлэн унтаж буй жаахан хүү, ган гачигт өртсөн тал нутаг түүний бүтээлд тусгалаа олсон байна. Харин хоёр дахь цуврал зохиомжоо Эстер цэцэгсээр хийжээ.  Шинэхэн цэцэгс, хатан гандсан хуучин цэцэг болон зориуд зохиомжлон байрлуулсан цэцгэн хүрээг тэр зуржээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)