Хонконгийн авлигатай тэмцэх бие даасан хорооны VII симпозиумд оролцов

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, гишүүн Б.Ганхөлөг нар Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооноос зохион байгуулсан долоо дахь удаагийн  симпозиумд оролцлоо.

Уг арга хэмжээнд 120 орны 200 байгууллагын 500 гаруй төлөөлөгч оролцож авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ололт амжилт, саад бэрхшээл, мөн хүний эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар ярилцаж, өөрсдийн орны сайн туршлагаасаа хуваалцав. Тухайлбал, Шинэ Зеланд Улсад өндөр түвшний авлига байхгүй болсон ч цагаачлал, соёл, уламжлалын зөрчилдөөний улмаас бага түвшний авлига газар авч байгаа талаараа Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Жули Рэд ярьсан байна.

Швейцарийн Басэлийн Төрийн удирдлагын институтын үйл ажиллагаа хариуцсан захирал Гретта Фэннэр гадаад улсуудын эрх бүхий байгууллагын эрүүгийн хэрэгт туслалцаа үзүүлэх замаар хамтран ажиллаж, гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг эргүүлэн авчирсан туршлагаас хуваалцжээ.

Хонконгийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жэффри Ма Тао-Ли авлигатай амжилттай тэмцэхэд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг дурдсан бол БНХАУ-ын Хяналтын үндэсний хорооны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга Мин Жулэ тус улсын Ерөнхийлөгч Ши Зиньпиний удирдлага дор эрс шийдвэртэй үйл ажиллагаа явуулж, авлигатай идэвхтэй тэмцсэний үр дүн гарсан бөгөөд цаашид гадаадын улс орнуудтай энэ талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Симпозиумын үеэр Дэлхийн шударга ёсны төслөөс Төрийн эрх мэдлийн хязгаарлалт, авлигын нөхцөл байдал, нээлттэй засаглал, хүний эрх, аюулгүй байдал ба хэв журам, хуулийн хэрэгжилт, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтээр судлан хууль дээдлэх ёсны жил бүрийн индексийг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд 2019 онд 0,55 оноо авч 126 орноос 53 дугаар байранд жагсаж, бүс нутагтаа 15 орноос 8 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Авлигатай тэмцэх газар нь Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороотой 2007 онд харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш уулзалт, сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон ажиллаж байна.

БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд тус хорооны төлөөлөгчид ирэх сард Монгол Улсад албан айлчлал хийж, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын албан хаагчдад туршлагаасаа хуваалцах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)