Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор “амь орлоо”

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор дөрвөн жил “дуншсаны” эцэст Дархан-Уул аймгийн Хонгор суманд өнөөдөр ашиглалтад орж байна. Энэ нь мал үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр, угсааг нь сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй мэргэжлийн байгууллага юм.

“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс анх удаа олон улсын жишигт нийцсэн томоохон цогцолбортой болсноор манай эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүд үйлдвэрлэл, туршилт явуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу бэлтгэн зах зээлд борлуулах боломж нээгдэх гэнэ.

Засгийн газрын 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү цогцолбор нь хөврөл шилжүүлэн суулгах иж бүрэн лабораториудаас гадна малын генийн санг хадгалах зориулалтын агуулах, тэжээл боловсруулах цех, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах газар, тэжээл, бордооны хэсэг, сургалт судалгааны байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн цэг зэрэг 18 объектоос бүрджээ.

Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутгийг түшиглэн дэд бүтэц сайтайгаар нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд Малын удмын сангийн үндэсний төвийг байгуулсан нь бусад аймаг, суурин газруудын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулсан чухал шийдвэр гэдгийг удирдлага нь онцолсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)