Хонгор нутгийн бөхчүүд өнгөтэй байна

Адууны үнэртэй дугараа нь айргийн сөн дээр хүлээнэ

Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ

Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ

Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ

хэмээн дуунд өгүүлдэгчлэн монголчууд бид дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхлэхийг сэтгэл догдлон хүлээсээр. Наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлэн, хэн гээч харваачийн цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэх бол хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж. “Өнөөдөр” сонин улсын наадмын түрүү бөхийн таамагт багтдаг олон хүчтэнтэй аймгуудаас жилийн жилд сурвалжилга бэлтгэсээр ирсэн. Энэ удаа бид харин эсрэгээрээ улсын олон цолтонгүй ч сүүлийн жилүүдэд ур чадвар, амжилт нь ахиж яваа цөөнгүй хүчтэнтэй Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхон, наадмын сорилго барилдааныг нь сурвалжлахаар Сүүж уулыг зорилоо. Тэднийг онцолсон нь учиртай. Баянхонгороос улсын цолтон төрөлгүй олон жил болсон (хамгийн сүүлд буюу 2011 онд Ж.Чулуунбат улсын начин цол хүртсэн) бараан цуврал өнгөрсөн онд зогссон. Тэгэхдээ бүр Н.Золбоо улсын харцага, Д.Цэрэнтогтох начин болж, аймгийн хурц арслан Д.Эрдэнэхүүд улсын начин цол нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ. Нэг жил улсын наадмаас гурван цолтон төрсөн нь яах аргагүй бахдам амжилт. Тэр тусмаа аварга, арслангууд шил шилээ даран төрдөггүй, улсын наадмын түрүү, үзүүр булаалддаг хүчтэнгүй баянхонгорчуудын хувьд бүр ч илүү.

Улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүтэй Хонгор нутгийн 56 бөх “Сүүж” амралтад аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Б.Батгэрэл нарын удирдлагад наадмын бэлтгэлээ чамбайруулж байна. Биднийг очиход “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд галын наадмын бэлтгэлээ базаан, ганц нэг мэх давтаж байв. “Ээ, зөв. Одоо барьцаа лавхан атга. Хүүе, наад хөл өө. Ганцхан мэхээр учраа бөхөө өвдөг шороодуулахгүй дээ. Угсраа олон мэх хийх нь чухал” гэж шавь нартаа зөвлөгөө өгч байсан Б.Батгэрэл заан биднийг “За, сурвалжлагч залуу бөхчүүдийн маань өнгийг шинжихээр ирэв үү. Өнөө жил зуншлага сайхан байна” хэмээсээр угтлаа.

Олонх аймгийн бөхчүүд жилийн жилд улсын наадмын бэлтгэлээ Сүүжид хийдэг, Б.Бат-Эрдэнэ аваргаас авхуулаад олон хүчтэн тэндээс улсын том цол хүртсэнийг уншигчид мэднэ. Үүнийг бэлгэшээн, наадмын бэлтгэлээ Сүүжид базааж буй дэвжээнүүдийн нэг нь “Хонгор нутаг”-ийнхан. Тэд өнгөрсөн жил тэнд анх бэлтгэл хийгээд улсын гурван цолтонтой болсон. Түүнийгээ бэлгэшээн энэ жил Сүүжид дахин төвхнөж.

“Хонгор нутаг” дэвжээг 2006 онд байгуулжээ. Тус дэвжээний тэргүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан, ерөнхий менежерээр Р.Дамдин ажилладаг.

Хажууд сууж байсан хоёр залуу бөх нэгэн зүйлийн тухай их л нухацтай ярилцаж байгаа нь сонирхол татав. Тэд таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас өмнө сэргээсэн талаар “маргалдаж” байв. Нэг нь “Наадмаас бусад үед сэргээшийн шинжилгээ авсан нь хууль бус юм шиг байна лээ. Бөхчүүд барилдаж байж л амжилтад хүрнэ, ар гэрээ тэжээнэ. Спорт залуу насны ажил. Цаг хугацаа тэднийг хүлээхгүй” гэхэд нөгөөх нь “Буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээх учиртай. МҮБХ-ны шийдвэрийг би огт ойлгохгүй байгаа. 

Би энэ жил сэргээш хэрэглээд улсын цол авлаа гэж бодъё. Мэдээж хориотой бодис хэрэглэсэн юм чинь баригдаад, барилдах эрхээ хасуулж таарна. Тэгэхээр нь шүүхэд хандан, МҮБХ-нд өргөдөл гаргавал барилдах эрхийг минь сэргээх үү. Энэ асуудлыг дэвэргэж, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн толгойг нь илж болохгүй” хэмээн эрс үгүйсгэв. Р.Дамдин арслангаас энэ талаарх байр суурийг нь сонирхоход “Сэргээш хэрэглэх нь яавч зөв үйлдэл биш. Тухайн бөхийн эрүүл мэнд, удамд нь сөргөөр нөлөөлдөг. Сэргээшийн эсрэг нэгдсэн бодлого Монголд хэрэгтэй. Бөхчүүдийг сэргээш хэрэглэдэг гэж хардах, шүүмжлэх нь олон. Шударгаар өрсөлдөн, хөдөлмөрөөрөө амжилтад хүрч байгаа нь жин дарах болов уу. МҮБХ-ноос таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэнд гайхаж байна. Сэргээш хэрэглэсэн бөхийн эрхийг шүүхээс сэргээнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Иймэрхүү зүйл үндэсний бөхийн спортыг, бөхчүүдийг муухай харагдуулж байна. 

Бусад оронд сэргээшийн шинжилгээний хариу хэдхэн хоногийн дараа гардаг. Гэтэл Монголд тийм биш. Улсын наадмын үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний хариу таг болчихно. Хэдэн сарын дараа тэдэн бөхөөс илэрлээ, эсвэл илэрсэнгүй гэдэг. Үнэн, худлыг нь мэдэх аргагүй. Зургаан бөхөөс сэргээш илэрлээ гэхэд гурвыг нь зарлаад, бусдыг нь нууцалчихвал яах вэ. Танил талгүй бөхөөр хэдий болтол туг тахих вэ. Нөгөө талаар хоёр холбооны дунд бөхчүүд хэлмэгдээд байх шиг. МҮБХ-ныхон учир зүйгээ олж, нэгдмээр байна. Арай л хэтэрлээ. Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх зүтгэлтэй, бөхчүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг сонгож чадвал хэн удирдах нь хамаа алга. Хэдий хүртэл ингэж тэмцэлдэж, бөхчүүдийг талцуулах вэ. Нэгдвэл нэгдэхээр л хугацаа боллоо. Ямар ч ахиц алга. Монголд хоёр хуваагдаагүй юм хуруу дарам. Цөөнгүй спортын төрөл хоёроос олон холбоотой юм билээ. Сагсан бөмбөгчдийн амжилт, ур чадвар хэр ахив. Дэлхийн түвшинд хүрлээ. Даанч бас л олон холбоотой болохоор тамирчид нь хуваагдчихсан. Үндэсний бөхчүүд юуны түрүүнд нэгдэж, бусад спортынхонд үлгэрлэн, жишиг болох хэрэгтэй. Дараа нь сэргээш, цолны найраа зэрэг “шүдний өвчин” болсон асуудлыг цэгцлэхэд дөхөм болно. Одоо бол хэрэлдэх, бие биенээ үгүйсгэхээс өөр хийж чадах юм тэдэнд алга” гэв.

Бороо зөөлөн зүсэрч, тэртээ хол хөхөө донгодно. Сүүжид байрласан ихэнх гал өнөөдөр (уржигдар) бэлтгэл хийсэнгүй. Наадам дөхчихсөн, цөөнгүй нь өнөөдөр (өчигдөр) наадмын сорилго барилдаан хийсэн тул өмнөх өдөр нь амарчээ. Залуу бөхчүүд ихэвчлэн Д.Цэрэнтогтох, Б.Эрдэнэхүү хоёроос зөвлөгөө авах аж. Тэд ч бусдадаа чадах чинээгээрээ тусалж, дэмждэг юм билээ. Цэргийн арслан, аймгийн начин Г.Жамбалдоржийн бэлтгэл ханажээ. 2017 онд Бүх цэргийн наадамд түрүүлж, шуугиулсан тэрбээр өнөө жил цахиур хагалах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтана. Г.Жамбалдорж хэдхэн хоногийн өмнө улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго барилдаанд зодоглохдоо улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нарын шилдгийг өвдөг шороодуулан, шөвгийн наймд үлдсэн. Түүнийг энэ жил улсын цолны босгыг давах болов уу гэж таамаглаж суугаа хүн цөөнгүй.

Баянхонгорын цөөнгүй бөх галынхаа барилдаан эхлэхийг хүлээн, нэгэн байшингийн өмнө эгнэн суужээ. Тэднийг харсан нэгэн “Эрдэнэхүү начаан” гэж дуудав. Б.Эрдэнэхүү арслан гэнэт зочин харснаа “Ямар эвгүй юм бэ. Хүмүүс намайг улсын начин гээд байх юм. Би цолоо аваагүй байгаа шүү дээ. Тэгнэ, ингэнэ гэх тодорхой шийдвэр гараагүй байгаа” гээд инээмсэглэв. Тэрбээр өнгөрсөн жил Төрийн наадмын тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. Н.Ганбаатараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан тул Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа юм. Барагцаагаар түүнийг шинэ цолоо улсын наадмын өмнө юм уу авах болов уу гэж Б.Батгэрэл багш хэлсэн.

Ямар ч тамирчны амжилтыг дасгалжуулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Хонгор нутаг” дэвжээний дасгалжуулагч Б.Батгэрэл, Р.Лувсанпүрэв хоёрыг харахаар хамгийн түрүүнд “Гарьд магнай” киноны Молиго Очир санаанд бууж байлаа. Тэд шавь нартайгаа тулж ажиллан, амжилтад хүргэхийн төлөө борви бохисхийлгүй зүтгэж байгаа нь тийм сэтгэгдэл төрүүлсэн. Жүдогийн УАШТ-ий долоон түрүүтэй Б.Батгэрэл заан “Зүгээр сууж байгаа хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хөдөлмөрлө, зүтгэ. Бусад хүн нэг мэхийг гурван удаа давтвал чи таван удаа гүйцэтгэ. Тэгж байж л амжилтад хүрнэ” хэмээн бөхчүүддээ захина. Үүний сацуу “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд зургаан жил багшилсан Р.Дамдинг бөхийн хүрээнийхэн андахгүй. Тэрбээр зөвхөн нутгаасаа л гэхэд 100 гаруй хүчтэнийг үндэсний бөхөд хөл тавиулж, амьдралыг нь холбожээ. Өдгөө тэднээс 40 гаруй нь барилдаж байна. Р.Дамдин арслангийн шавь нараас улсын аварга С.Мөнхбат, заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар тэргүүтэй улсын есөн цолтон төрсөн нь хэр чадвартай дасгалжуулагчийнх нь илрэл.

Бөхчүүдийнхээ бэлтгэлийг хэрхэн базааж, улсын наадамд ямар зорилго тавьсан талаар нь аймгийн арслан Р.Дамдингаас сонирхоход “Манай аймаг хоёр дэвжээтэй. “Хонгор нутаг” дэвжээнийхэн энд, “Их богд”-ынхон өөр газарт бэлтгэл хийж байгаа. Бид наадмын бэлтгэлдээ гараад 10 гаруй хонож байна. Сүүлийн жилүүдэд бороо хур багатай, гандуу зусах болсон. Тиймээс бид өнгөрсөн жилээс газрын цээжинд гарч, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сүүж ууланд наадмын бэлтгэлээ базааж байгаа. Энэ газрыг онцлох, бэлгэшээх шалтгаан олон. Манай бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрсэн. Улс, аймгийн том цол хүртэх хэмжээний хэд хэдэн бөх бий. Яг тэр л цолоо ахиулна, дээгүүр барилдана гэж онцлоод яах вэ. Наадамчин олон манай аймгийн бөхчүүдээс Д.Цэрэнтогтох, Б.Эрдэнэхүү, Г.Жамбалдорж нараас өндөр амжилт хүлээж байгаа нь анзаарагдсан. Бөхийн спорт өндөр хөгжсөн, байнгын бэлтгэл хийдэг болсон одоо цагт тэр нь түрүүлж, энэ нь үзүүрлэх болов уу гэх багцаа, таамаг алга. Тэгэх бараг боломжгүй болж. Хэн өнгөтэй, өөртөө итгэлтэй, бэлтгэлээ сайн хийсэн нь л түрүүлэх байх. Бөхчүүдийн амжилтад галын зохион байгуулалт, дэмжлэг их чухал. Биднийг ивээн тэтгэж буй байгууллагуудад баярлаж явдаг. Ачийг нь амжилтаар хариулахыг хичээнэ. Бид наадмын бэлтгэлээсээ долдугаар сарын 10-нд буух болов уу. Өдөр, судар харж байгаад болно” гэв.

Энэ жил улсын наадамд ямар зорилготой зодоглох талаар нь улсын начин Д.Цэрэнтогтохоос тодруулахад “Цолоо баталж, ахиулахыг хүсэж байна. Бүх цол сайхан. Улсын аварга болохыг зорьж яваа. Өнөө жилийн тухайд улсын заан болох зорилготой. Барьц хэрхэн авах, давхар ачих зэрэг мэхний бэлтгэл түлхүү хийж байна. Улсын наадмын түрүү бөх П.Бүрэнтөгсийг давж, начин болсноороо бахархдаг. Зургаагийн даваанд нутгийнхаа бөх Н.Золбоотой барилдахад сайхан байсан шүү. Нэг нутгийн хоёр бөх улсын харцага цолны төлөө тунаж барилдсан нь ховор тохиолдол болов уу. Д.Цэрэнтогтох аваргатай адил нэр, овогтойгоо бэлгэшээж явдаг. Багадаа аваргатай уулзаж байснаа сайн санадаггүй. Би үндэсний бөхөөр таван жил хичээллэж байна. Багадаа жүдогоор барилддаг байлаа. Японд сурч байгаад нутагтаа ирснийхээ дараа ээжтэйгээ хөдөө жил гаруй амьдарсан. 2014 онд цэргийн алба хаасныхаа дараа үндэсний бөхөд хөл тавьсан” хэмээлээ.

НААДМЫН СОРИЛГО БАРИЛДААНД Б.ЭРДЭНЭХҮҮ ТҮРҮҮЛЭВ

Төд удалгүй бөхчүүд бэлтгэлээ дуусган, сорилго барилдаанд бэлтгэж эхлэв. Өнөө жил “Хонгор нутаг” дэвжээний сорилго барилдаанд 48 бөх барилдав. Сорилго барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү түрүүлж, Баацагаан сумын харьяат, аймгийн заан Д.Бямбасүрэн үзүүрлэв. Тэд нэг айлын хүргэн гэнэ.

Сорилго барилдаан 18.00 цагийн үед өндөрлөж, бөхчүүд тус тусын гал руугаа, наадамчин олон гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Цахиур хагалах, улсын том цол хүртэх цөөнгүй хүчтэнтэй “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, Төрийн наадмыг хоног тоолон хүлээж байна. Сүүлийн жилүүдэд шуугиулж буй тэд өнөө жил ч бас амжилтаа баталж, ахиулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)