Хомсдолын хоёр шалтгаан

“Сомо” брэндийн үйлдвэрсайжруулах

-Монголд хөдөлмөрийн сэтгэлзүйч үгүйлэгдэж байна-

Манай улсад 50-80 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 14.7 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртжээ. Тооны хувьд эзэнгүй ажлын байр 18 200 байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Баялаг бүтээж, улсаа хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрлэл, барилгын салбарт ажлын хоосон байр хамгийн олон гэнэ. Нэг хэсэг нь ажиллах хүчгүй баларч байхад нөгөө талд “Ажил олдохгүйгээс амьжиргаагаа залгуулж чадахгүй, ядуу амьдарч байна” гэх иргэн цөөнгүй. Эрэлт, нийлүүлэлтийн шугам огтлолцохгүй байгаа эл асуудал хөдөлмөрийн зах зээл төдийгүй улсын хэмжээнд нүүрлэсэн гажиг гэж ажил олгогч, горилогч, судлаачид дүгнэлээ.

ЖИЛД 70 000-80 000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛДОГ

Ажиллах хүч хомсодсон нь хоёр шалтгаантайг судалгааны үндсэн дээр тогтоосноо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар хэлсэн. Эхний шалтгаан нь ажил олгогчийн алдаа гэв. Цалин бага, ажиллах орчин нөхцөл тааруу компаниуд хүний нөөцийн хомсдолд өртжээ. Харин хоёр дахь шалтгаан нь хувь хүний хандлага, мэдлэг, чадвар аж. Залуус ажил голдог, биеийн амрыг бодон, хялбар аргаар их мөнгө олохыг хүсдэг нь үүнд нөлөөлсөн байна. Тухайлбал, барилгын салбарт туслах ажилчин хамгийн дутагдалтай гэнэ. Нарийн мэргэжил шаардлагагүй учраас эл ажлыг гэртээ дэмий суугаа залуус хийж болох атал уриад, “залаад” ч ирдэггүй. Түүнчлэн шинэ залуу боловсон хүчнүүдийн мэргэжлийн ур чадвар тааруу, хамгийн гол нь сэтгэл гаргаж ажилладаггүйг ажил олгогч эзэд хэлэх болсныг И.Энхбаатар онцоллоо.

Тэрбээр “Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдээр манай улс “хахаж” байна. Харин үйлдвэр, барилгын салбарын ажилчид дутагдалтай. Сүүлийн дөрвөн жилд ажиллах хүч хомсдох болсон. Судалгаанаас үзэхэд, голдуу жижиг аж ахуйн нэгжүүдэд хүн тогтдоггүй. Харин томоохон компаниуд эл асуудлыг шийдэхийн тулд сургалтын системтэй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажил горилогчоос мэргэжлийн ур чадвар шаардахгүй. Харин хувь хүний хандлага, үзэл бодол, тууштай ажиллах чин эрмэлзэл, зорилго зэргийг нь харгалзан ажилд авдаг болсон. Мэргэжлийн ажлыг бол зааж сургадаг жишиг тогтлоо. Жишээ нь, “Говь” компани ийм системтэй. Уул уурхайн компаниуд ч операторуудаа сургаж, дадлагажуулсны дараа ажиллуулж байгаа” хэмээв.

Спорт хувцас үйлдвэрлэгч “Сомо” брэндийн үүсгэн байгуулагч С.Ганзориг саяхан дөрвөн давхар байр ашиглалтад оруулжээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөтгөснөөр 80 ажлын байр бий болгосон ч оёдолчин олдохгүй байгаа аж. Орон сууцын зоорийн давхарт 20 жил үйл ажиллагаа явуулаад арай гэж үйлдвэртэй болтол ийм асуудал үүсжээ. Ойролцоох дэлгүүр, хороо, сонин, сайт зэрэгт зар байршуулаад, сургасны дараа ажиллуулна гэсэн ч тус болоогүй гэнэ. Уг нь энэ мэтээр улсын хэмжээнд жил бүр 70 000-80 000 ажлын байр бий болдог. Энэхүү нөөц боломжоо ашиглавал хөдөлмөрийн насны ихэнх хүн тогтсон орлоготой болж, түүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал ч буурах боломжтой. Тэр дундаа ажилгүйдлийн түвшин дөрөв (өдгөө 8.6 хувьтай) хүрч багасах магадлалтай юм билээ.

БАРИЛГЫН САЛБАРТ 100 000 АЖИЛЧИН ХЭРЭГТЭЙ

Сургууль, цэцэрлэг барих ажил яагаад урагшлахгүй байгааг БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан тайлбарлахдаа “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бүтээн байгуулалтыг одоогоор 500 гаруй компани гүйцэтгэж байна. Барилгын компаниудын ажил удааширч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Аж ахуйн нэгжүүдэд тохиолддог нийтлэг дутагдал нь хүний нөөц хангалтгүй, мэргэжлийн инженер, техникч дутмаг. Улсын хэмжээнд бүх салбарт бүтээн байгуулалт ид өрнөж байхад өдөрт 50-60 мянган төгрөгөөр ажиллах хүн олддоггүй” хэмээсэн удаатай.

Барилгын салбарт 55 000, 60 000, 100 000 ажилчин бий гэсэн янз бүрийн зөрүү мэдээлэл байдаг аж. Гэтэл бодит байдалд ердөө 45 000 гаруй л ажилчин бийг Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэлсэн. Тус холбоо уг нь 1200 орчим гишүүн байгууллага, аж ахуйн нэгжтэй. Гэтэл тэдгээрийн дотор үндсэн 100 ажилчинтай компани хуруу дарам цөөн юм байна. “Томоохон компанийн захирлууд сүүлийн үед хүний нөөцийн асуудлыг нэлээд хөндөх боллоо. “Ажилчин олдохгүй байна, бүгд БНСУ руу явчихсан юм уу” гэх. “Олдсон хэд нь өдөрт 100 000 төгрөг амласан ч ажиллахгүй, тэгсэн хэрнээ чадвар муутай” гэдэг. Барилгын салбар бригадын системд шилжчихлээ. Хамгийн бага үнэ хэлсэн нь тендерт ялдаг хачин “юм” манайд байдаг шүү дээ. Тэгэхээр компани төсөв хэмнэхийн тулд хамгийн түрүүнд чанаргүй материал авдаг. Хоёрдугаарт, ажилчдынхаа цалинг хасдаг.

Үүнээс болоод боловсон хүчин тогтвортой ажилладаггүй. Том компаниуд ямар нэгэн аргаар ажил олж авчихаад гүйцэтгэгч байгууллагаар хийлгэхгүй. Бригадын ажилчдыг авчраад, тэрбумын ажлыг 500 сая төгрөгөөр хийлгэдэг. Үүнийгээ цавчаа гэж нэрлэдэг. Тэднийг хамгийн хямдаар ажиллуулж, дундаас нь ашиг олж байна. Цавчаанд орсон ажилчид чанаргүй юм хийдэг. Жишээ нь, нэг бригадын дарга хэдэн хүнтэйгээ 12 давхар чанаргүй байшин барьчихаад алга боллоо гэхэд хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл барилгын акт, бичиг баримтад ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд гарын үсэг зурдаг хуультай. Ажилчдын цалин бага байвал цаашаа л явна. Тиймээс сургууль төгссөн хүүхдүүдийг дадлагажуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой. Шинэ хүн ирэхээр бохир ажил хийлгээд, дэл сул юманд зарж нурууг нь авч, хашраах биш, зааж сургах систем үгүйлэгдэж байна” гэж М.Батбаатар ярилаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас энэ жил 150 000 айлын орон сууц барих “Орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан. Үүний зэрэгцээ өөр төсөл, хөтөлбөрүүд ч хэрэгжүүлнэ гэж тооцвол тус салбарт ойрын 5-6 жилд 100 000 орчим ажилчин хэрэгтэй гэнэ. Энэ орон зайг хэрхэн нөхөх нь өдгөө тус салбарынхны толгойны өвчин болжээ. Дотоодоос олдохгүй бол үйлдвэрлэлээ явуулахын эрхэд гадаадаас гэрээт ажилчин авахаас өөр аргагүйг зарим компанийн төлөөлөл хэлсэн.

Ж.ДАШХҮҮ: ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖ ДЭЛХИЙН ДУНДЖААС 3.5 ДАХИН БАГА БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, доктор, профессор Ж.Дашхүүтэй цөөн хором ярилцлаа. Ажиллах хүчний хомсдолыг шийдэх арга замын талаар түүнээс тодруулсан юм.

-Хүн амын бүтэц дэх хөдөлмөрийн насны буюу эдийн засгийн идэвхтэй иргэдийн тоо өссөөр байгаа учраас онолын хувьд уг нь манайд ажиллах хүч хомсдох үндэсгүй юм байна. Гэтэл “гажиг” үүсчихлээ, яах вэ?

-“Ажиллах хүч олдохгүй байна, яах вэ” хэмээн ажил олгогчид гасалж байгаа шалтгаан нь залуус олноор гадаадад ажиллах болсонтой холбоотой. 385 000 монгол хүн харийн оронд хөдөлмөр эрхэлж байна. Ажлын байрыг олон улсад өндөр, дундаж өндөр, дундаж, нам технологитой гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр ангилдаг. Манай сургуулийн багш нарын судалгааны бүтээлүүдээс харахад, Монголд бий болж буй ажлын байрын олонх нь дундаж болон нам технологитой, нарийн мэргэжил төдийлөн шаардахгүй гэсэн үг. Гэтэл бэлдээд байгаа боловсон хүчнүүд нь тэдгээр ажлыг сонирхдоггүй. Мэдээж гол асуудал нь цалин хөлс. Хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн дунджаас 3.5 дахин бага учраас монгол залуус эх орондоо ажиллахыг хүсэхгүй, гадаад руу явахыг эрмэлзэх болсон. Тэд харийн оронд очоод өндөр технологийн бус, тухайн улсдаа нэлээд доогуур үнэлэгдэх ажил хийдэг нь нууц биш. Хэдий тийм ч Монголд авах цалингаас 2-3 дахин ихээр хөдөлмөрөө үнэлүүлж байна шүү дээ.

-Ажил горилогчийн мэдлэг, чадвар муу байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсэх хоёр дахь шалтгаан болохыг судалгаагаар тогтоожээ. Эл асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бол?

-Монголд 160 орчим их, дээд сургууль бий. Ажилчин бэлддэг мэргэжлийн сургууль 37 бий. Ингэхээр монгол залууст боловсрол эзэмших боломж хангалттай мэт харагдаж байгаа биз. Харамсалтай нь, сургуулиудын сургалтын чанар тааруу. Монголд бэлдэж буй ажиллах хүч гадаадад бүү хэл эх орондоо гологдож байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 70 хувь нь мэргэжлийнхээ ажилд орж чаддаггүй. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нэвтрүүлбэл эл доголдлыг засна. Хүн бүхнийг чаддаг байх албагүй. Харин ганц гоц авьяасаа илрүүлж, тохирох ажлаа хийх ёстой. Үүнд нь мэргэжлийн чиг баримжааг олгох үйлчилгээ тусалдаг. ХБНГУ-д ийм үйлчилгээ бий. Хүүхдүүдэд бүр багаас нь мэргэжлийн чиг баримжаа олгодог. Үүнийг хийдэг гол хүн нь хөдөлмөрийн сэтгэлзүйч. Хөдөлмөрийн биржүүдэд нь ийм мэргэжилтэн ажиллаж, тухайн хүн ямар ажил хийх боломжтойг тодруулдаг, тусалдаг хэрэг л дээ. Манайд ийм мэргэжилтэн даанч алга.

-Биржүүдийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ?

-Манайд хөдөлмөрийн биржийн боловсронгуй тогтолцоо бүрдэж чадаагүй. Олон улсын жишгээр бол биржүүд бие даасан бизнесийн байгууллага шиг ажилладаг. Гурван гол эх үүсвэрээс санхүүждэг. Иргэдийг сурган, мэргэжил эзэмшүүлсний хариуд төлбөр авдаг. Мөн ажиллах хүч олоход зуучилсны төлөө ажил олгогч мөнгө төлнө. Гурав дахь нь төрийн дэмжлэг. Мөнгө авна гэсэн үг биш л дээ. Бодлогын хувьд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж болно. Гэтэл манайд төр нь бирж ажиллуулж байна. Уг нь хувийн хэвшлийнхэн бирж ажиллуулан, төр хяналт тавих ёстой.

Бэлтгэсэн: Ч.Мөнх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)