Холын хотын “хориг” манай нийслэлийн зовлонг нимгэлэхгүй

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх метрополис хотод утаа, түгжрэл, хөрсний бохирдол, ядуурал, стресс, замын эвдрэл гэмтэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гээд түмэн янзын зовлон бэрхшээл тулгарсаар. “Өнөөдөр” сониныхон утаа улам даамжрахыг 20 гаруй жилийн өмнөөс л сануулж, хотын удирдлагад хорт хийн баг бэлэглэж байв. Үүний адил замын түгжрэл хэрээс хэтрэхийг, соёлт хотын хөдөлгөөнд хөдөө малдаа явж байгаа юм шиг оролцдог жолооч нарт ухамсар суулгах ёстойг ч мөн л олон жилийн өмнөөс сануулан нийтлэл бичсээр ирсэн. Гэвч эрх баригчид, шийдвэр гаргагчид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар, төсөвлөсөн хэдэн төгрөгийг нь хувийнхаа эрх ашгийн төлөө халаасалчихсаныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн удаа бий. Ийнхүү амин хувийн эрх ашгийнхаа төлөө татвар төлөгчдийн төлсөн мөнгө, гадаадын зээл тусламжаар орж ирсэн хөрөнгийг шамшигдуулснаас болж ирээдүй, хойчис утаа, тортогт хордож, өвчилсөн уушгитай, эрүүл бус хүн болж өсөх болчихоод байна. Энэ мэт бэрхшээл, зовлонг олон байдгийн нэг нь түгжрэлээс үүдэлтэй утаа, тортог.

Хотын удирдлага жил бүрийн намар, хичээл сургууль цуглаж, хотын замын ачаалал нэмэгдэхийн өмнөхөн түгжрэл бууруулах нэрээр янз бүрийн арга хэмжээ авдаг. Ганц, хоёр жилийн өмнө дөө, Энхтайвны өргөн чөлөөнд зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр гаргаад, олигтой үр дүнд хүрэлгүй, иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарснаар цуцалж байв. Уг нь түгжрэл, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд л хийсэн ажил. Гэтэл энэ жил бас “Хотын замыг бүсчлэн хувааж, иргэдээ баян, ядуугаар нь ялгаварлан хөдөлгөөнд оролцуулах гэлээ” гэх шүүмжлэлд их өртөж буй шийдвэр гарган, хэрэгжүүлэхээр судалж байгаа билээ. Гадаадын орнуудад хэрэгжүүлж байсан туршлага Монгол хөрсөнд буухгүй байх тохиолдол цөөнгүй. Тиймээс иргэд шүүмжлээд буй билээ.

Зарим жишээ баримт дурдъя. Орчны бохирдлоос болж Лондон хотод жилд дунджаар 1000 хүн астма өвчин тусан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй судалгаа гарсныг BBC агентлаг мэдээлж байв. Автомашинаас ялгарч байгаа утаа, тортог, замын хөдөлгөөний ачаалал үүнд нөлөөлсөн гэж тус хотын удирдлага үзээд, түгжрэлийг сааруулж, оршин суугчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс нэгэн арга хэмжээ авсан хэмээн уг мэдээнд онцолсон байв. Тэр нь “түгжрэлийн төлбөр төлөх” буюу манайхны одоо хэрэгжүүлэх гээд буй авто замаа бүсчлэн, хөдөлгөөний ачаалалтай үеэр зорчиход нь төлбөр авах зохицуулалт. Замын хөдөлгөөний ачаалал, авто зогсоолын хүрэлцээгээ дэлхийн жишиг болохуйц байдлаар шийдэж чадсанаараа Лондон бусад улсын нийслэлээс онцлог. 

2000-аад оны эхэн үеэр авто замын төлбөртэй бүс байгуулж, авто зогсоолын асуудлаа шийдсэн арга нь олон улсад загвар болсон гэхэд хилсдэхгүй. Өдгөө манай нийслэлийн удирдлага ч тэднээс үлгэр жишээ авч, замыг бүсчлэх зохицуулалт мөрдүүлэхээр ярилцаж байна. Гэвч арга нь арай л биш. Манайх шиг авто замаа бүсчлэн хуваагаад, зарим бүсэд иргэдээ нэвтрүүлэхгүй гэсэн хатуу хориг тавьсан улс дэлхийд бараг л алга. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, эдийн засгийн хохирлыг багасган, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахдаа дэлхийн хотууд эхлээд “хөрсөө” бэлддэг жаягтай. Ингэхдээ иргэддээ сонголт үлдээж, эрх, эрх чөлөөг нь хангадаг байна. Тухайлбал, Лондонгийн иргэд тодорхой замуудаар зорчихдоо өдөрт 11.5 фунт стерлинг төлөх ёстой. 

Хэрэв төлбөрөө тухайн өдрийнхөө 22.00 цагаас өмнө төлөхгүй бол дахин торгууль ногдуулдаг юм байна. Гэхдээ эл шийдвэр зөвхөн ажлын өдрүүдэд, тэр дундаа 07.00-18.00 цаг хүртэлх хугацаанд л хүчинтэй. Товчхондоо 18.01-06.59 цаг хүртэлх хугацаанд Лондоны бүх жолооч тухайн бүсэд төлбөр төлөхгүй нэвтэрч болно гэсэн үг. Мөн эл шийдвэрийг тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй аж. ОХУ ч ийм төлбөртэй бүстэй, дээрх шиг зохицуулалттай. Тэгвэл нийслэлийн удирдлагын хэрэгжүүлэхээр ярьж буй бүсчлэл манайд тохирох уу. Үүнийг хэрэгжүүлэх хөрсийг нь бэлдсэн бил үү.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрынхны өгсөн мэдээллээр Улаанбаатарын замд өдөрт 300 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцдог бөгөөд энэ тоо өсөн нэмэгдэж буй тул иргэд тун удахгүй зам дээрээ нам зогсоно гэцгээж байгаа. Тиймээс замыг гурван бүсэд хувааж, тодорхой шалгуураар зорчуулдаг байх зохицуулалтыг энэ сарын 15-наас мөрдүүлэхээр батлуулах гэж буй. Цаашид орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийг өдрийн цагаар Улаанбаатарт оруулахгүй байх шийдвэр гаргахаар өдгөө судалгаа хийж байгаа гэсэн. Хотын төв буюу Бага тойрууд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах тухай ч яриа чих дэлсэж байна. Сайшаалтай нь, энэ ажлынхаа хүрээнд Бага тойруу дахь төлбөртэй зогсоолын тоог гурав дахин нэмэх гэнэ. Эцэст нь эл арга хэмжээг хэрэгжүүлснээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоотой.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн удирдлага энэ мэт шинэ ажил санаачилж, хэрэгжүүлсэн удаа олон гэдгийг дээр дурдсан. Энхтайваны өргөн чөлөөнд зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр үр дүн гаралгүй, баахан зардал, чирэгдэл болсон тул, цуцалж байв. Шалтгаан нь Улаанбаатар хот туслах зам ховортой, тиймээс зарим хүн гэр рүүгээ орох гэж 4-5 км зам туулдгаас болсон гэдэг. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, жолооч нарын сахилга батыг сайжруулах замаар хөдөлгөөний ачааллыг 30 хувиар бууруулах ажил эхлүүлсэн байдаг. Гадаадын улсуудын мөрддөг зохицуулалт, гайхалтай үр дүн өгнө гэж тухайн үед нийслэлийн удирдлага хэлж байсан нь ч өнөөдөр хэвлэлийн хуудсанд тэмдэглээтэй бий. 

Гэвч зөрчил гаргасан жолоочид торгууль ногдуулж эхлээд таван сар орчим болж байхад үр дүнгээ өгөөгүй л байна. Түгээлтийн автомашинууд л түгжээ үүсгэдэг, тиймээс шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулна гэсэн шийдвэр ч гаргаж байсан. Хэрэв эхлээд Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдийг шөнө ажилладаг болгосон бол эл шийдвэр нэлээд үр дүнд хүрэх байсан нь дамжиггүй. Энэ мэтээр зуслангийн замд хөрвөх эгнээ хэрэгжүүлэх гээд бэлтгэлээ базаагаагүй хэрнээ иргэдээ гэнэт цочроосон шийдвэр гаргаж байлаа. Энэ удаа ч бүсчлэлийн зохицуулалтыг урьд урьдын адил “гэнэтийн бэлэг” болгон задлах нь тэр. Гэхдээ холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зарлаж, ийм шийдвэр гаргаснаа зарлахдаа бэлтгэл болгож ямар зохион байгуулалт хийж буйгаа дурдаагүй.

Замын хөдөлгөөний ачааллаа бууруулж, хянахын тулд бүсчлэлийн дүрмийг бүгд л хэрэгжүүлж байгааг Улаанбаатарын удирдлага олж харсан нь сайшаалтай. Гэхдээ гадаадын улсуудад автомашины өнгө үзэмжийг харж, зөрчил гаргасан, эсэхээр нь хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт байхгүйг онцлох нь зүйтэй болов уу. Хэн, ямар машин унаж, хаагуур зорчих нь хуулиар олгогдсон эрх нь учраас тэр. Тиймээс л бүсчлэлийн дүрмийг мөрдөхдөө сонголт үлдээж, төлбөртэй болгодог хэрэг.

Гадаадын хотууд ийм зохицуулалт хийхээсээ өмнө автобусныхаа тоог нэмж, чиглэлийг нь өргөтгөн, тэр ч бүү хэл, нийтийн тээвэр, такси зорчих замын эгнээ гаргадаг жишигтэй юм билээ. Мөн тэд авто зогсоолоо мартдаггүй. Бангкок хот зогсоолоо шийдсэн жишээг эш татъя. Тус хот таван жилийн өмнөөс замын түгжрэлээ бууруулахын тулд бусдын жишгээр “бүсчлэлийн дүрэм” мөрдүүлсэн аж. Гэхдээ онцлогтой, иргэдээ тулган шаардаагүй, сонголт хийх эрхийг нь хангажээ. Тодруулбал, “Sky road” буюу гүүрэн зам олныг барьж, түүнийгээ төлбөртэй болгосон байгаа юм. Яарч яваа хүмүүс төлбөрөө төлөөд тэр замаар давхиад зорьсон газартаа хүрч болно. Мөн зогсоолын тоогоо даруй долоо дахин нэмсэн аж. Орон сууцны хотхон, хороолол, их сургуулийн комплекс дунд давхар зогсоол барьж эхэлжээ. Цементэн талбайг ихэсгэж, тоосжилт үүсгэхгүй зэргээс авхуулаад давуу тал олонтой байгаа биз. Арван машин байрлуулах талбайд 100 машин зогсооно гэсэн үг л дээ.

АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүргийнхэн саяхнаас мөн ийм дүрэм мөрдөж буй. Гэхдээ бидний хэрэгжүүлэхээр судалж буйгаас урвуу хамааралтай. Тансаг зэрэглэлийн хороолол руу чиглэсэн авто замаар зорчиход ахиу төлбөр авдаг бол түгжрэлтэй хэсгийн оршин суугчдад 90 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэнийг www.nytimes.com цахим хуудсанд бичжээ. Хаа газрын төв хэсэгт төрийн үйлчилгээнээс авхуулаад олон байгууллага төвлөрсөн байдаг тул иргэддээ чирэгдэл бага учруулах үүднээс үе шаттай нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ хамтад нь хэрэгжүүлдэг байна. Улмаар авсан хураамжаараа нийтийн тээврийн салбарынхаа хүчин чадлыг сайжруулж, дүүргийнхээ оршин суугчдад автобус, метрогоор зорчиход хөнгөлөлт үзүүлдэг байхаар шийдсэн аж. Түүнчлэн бүсчлэлийн дүрэм мөрдөхөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх магадлалтай гэж үзээд нийтийн тээврийн тусгай үйлчилгээ ч нэвтрүүлсэн байна. Ийнхүү цогц арга хэмжээ хэрэгжүүлсэний дараа мэдэгдэхүйц үр дүн гарчээ. Замын түгжрэл 30 хувиар багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд ч нэмэгдсэн гэнэ. Үүнээс гадна орчны бохирдол 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотын удирдлага ч өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ийм зохицуулалт хийхээр төлөвлөсөн нь гарцаагүй. Гэхдээ “Зорилго нь аргаа зөвтгөдөг” гээд мугуйд зүтгэж боломгүй. Манай нийслэлд өдгөө 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагийн 70 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахаа больсныг албаны эх сурвалжууд нь байнга хэлдэг. Түүнчлэн Бага тойруу орчмын авто зогсоолын тоог хэрхэн нэмэх нь тодорхойгүй байгаа гэсэн. Алга дарам газар ч нүдний гэм болчихсон хэсэгт зогсоол нэмж байгуулах талбай олдохгүй нь мэдээж. Тэгэхээр нийтийн эзэмшлийн талбайг хашиж, төлбөртэй зогсоол болгох нь ойлгомжтой. Мөн нийслэлийн авто замыг хянадаг камеруудын нэлээд хэсэг нь эвдэрсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс нь хэлж байна. Тэгэхээр “А” бүсэд зөрчилтэй машин нэвтэрсэн, эсэхээ ч хянаж чадахгүй гэсэн үг. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдэлд автозамаа хянаж, торгууль ногдуулдаг 96 камер байдгийн бараг тал нь ажилладаггүй гэх юм билээ. Үүнээс үзэхэд бүсчлэлийн дүрэм мөрдүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй байна. Холын хотуудын жишгийг өөрийн хоттойгоо харьцуулахад иймэрхүү дүр зураг гарах нь. Үр дүн өгөх, эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

Бэлтгэсэн: Г.Аривжих


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)