Холливудын уран бүтээлчид Монголд ирнэ

Монголын кино урлагт шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард нээгдэх гэж байна. Тодруулбал, “Хануй фильм” ТББ-аас Монголын кино урлагийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, уран бүтээлчдийг чадавхжуулах, шинэ санаа сэдлийг өгөх, эх орноо сурталчлах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам зохион байгуулахаар болжээ. 

Тавдугаар сарын 1-7-нд үргэлжлэх тус арга хэмжээнд Холливудын А зэрэглэлийн, дэлхий дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг 16 уран бүтээлч оролцохоор болжээ. Тэдгээрийн дунд Холливудын алдартай жүжигчин Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон нарын дасгалжуулагч, мэргэжлийн багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх юм байна. 

Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум” зохион байгуулах бөгөөд кино зохиол бичих, продюсероор ажиллаж, найруулах, жүжигчдийн сонгон шалгаруулалт хийх, зураг авах, жүжиглэх, дууны найруулга хийх, өнгө тавих, кино наадмуудад хэрхэн оролцох талаар сургалт хийж, үзэсгэлэн гаргах аж. Мөн “Лос-Анжелес таймс”-ын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увдис”-ыг Монголын уншигчдад танилцуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)