Хойрго гишүүдийг “хянах” хуулийг хойш нь тавьчихаж байгаа юм уу

Удтал хүлээлгэсэн УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гарагт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нөгөөдрөөс Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдахад бэлэн болжээ. Эл шийдвэрийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж гаргасан гэх ч Г.Занданшатар даргын гарын үсэгтэй захирамж үзэгдсэнгүй. 

Уг нь УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан захирамждаа хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг тодорхой товлодог. Харин энэ удаагийн чуулганаар юу хэлэлцэх вэ гэдгээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл эцэслээгүй бололтой. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлаа эцэслэн тогтоогүй учраас захирамжаа гаргаагүй юм даг уу даа. Ээлжит бус чуулган энэ сарын 29 хүртэл хуралдана. Үргэлжлүүлэн хаврын ээлжит чуулгантай золгоно.

Учир нь дараагийн ээлжит чуулганыг хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлэх ёстой. Үндсэндээ хоёр долоо хоног хуралдах ээлжит чуулганаар юу хэлэлцэх вэ гэдэг нь тун тодорхой байх ёстой. Энэ хугацаанд товлосон асуудлаа л хэлэлцэх хуультай.

Юутай ч УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн хэлснээр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь. 

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хаахдаа “Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж байгаа амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээн онцолсон. Гэхдээ Татварын багц хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын нэлээд хойгуур бий. 

Татварын ерөнхий хуулиас гадна Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтын 13-15-д эрэмбэлсэн. Эдгээрийг сугалж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа нь 2019 он, цаашлаад ирэх жилүүдийн улсын орлого, хөрөнгө мөнгөтэй шууд холбогдох тул ийн яаравчилсан байж мэднэ. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнөх чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын жагсаалтад байсан. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Цагаан сарын өмнө хуралдах үеэр Г.Занданшатар дарга “Төрийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Бизнес эрхлэгчид үүнийг их анхааруулж ирсэн. Энэ хуульд өөрчлөлт оруулбал бүтээн байгуулалтын ажил шуурхай болно” хэмээн онцолсон.

Мөн Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбат, АТГ-ын даргаар хурандаа Д.Даваа-Очир, дэд даргаар хурандаа Ж.Батсайхан нарыг томилох, эсэх талаар ярилцана. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэслэгч генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргаас чөлөөлснөөс хойш дөрвөн сар орчим эзэнгүй байгаа эл албанд тохирох хэн нэгнийг томилох хүлээлт хэдийн бий болсон. 

Харин Төрийн тэргүүний санал болгосон А.Ганбат генералд салбарынхан нь тун ам сайтай байдаг юм билээ. АТГ-ын удирдлагад нэр дэвшүүлээд буй хүмүүсийн нэр бараг жилийн өмнө тодорсон гэхэд болно. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-ын удирдлагаар хэнийг томилох вэ гэсэн агуулга бүхий санал асуулгыг цахимаар явуулсан бөгөөд Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг олон хүн нэр дэвшүүлсэн байдаг. 

Гэхдээ тухайн үед одоогийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан, эсэх талаар маргаан өрнөсөн. Өнөөдөр ч эл маргаан эцэслэсэн, эсэх нь тодорхойгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын оронд хэнийг томилох вэ гэдэг нь сураг төдий байна. Тухайлбал, “Х.Баттулгын өмгөөлөгч” гэгддэг Д.Пүрэвбаатарын нэр ч дуулдаж байгаа юм.

Уг нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг дараагийн чуулганаас урьтаж сайжруулах шаардлагатай талаар УИХ-ын дарга олонтоо онцолсон. Чуулганы завсарлагааны хугацаанд хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан. Тэрбээр “УИХ-ын чуулганы танхим популизм, хэрүүлийн талбар байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай.

Үүний тулд хуульд нь өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй” хэмээн онцолж байсан юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Цагаан сарын өмнө хуралдахдаа ч энэ тухай хөндсөн. Гишүүдийн сахилга, хариуцлага, чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарим асуудлыг хөндөх дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй ч байж мэдэх нь. 

Хууль тогтоох байгууллагын хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх эдгээр төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй бол хаврын чуулганы эхэнд лав баталж чадахгүй. Учир нь хэлэлцэн батлах хугацааг нь хуулиар тогтоосон төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл, гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд “зоочихсон”.

Түүнчлэн УИХ-ын дарга “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой”, агаарын бохирдол, батлан хамгаалах салбарт үүсээд буй байдлыг ч ээлжит бус чуулганаар ярилцах ёстой” хэмээн онцолж байсныг бодвол энэ мэт олон зүйл энэ чуулганаас орхигдох нь бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)