Хог “асран хамгаалагч”-тай болжээ

Тайланд улсын зүүн хойд хэсэгт шар айрагны 1.5 сая гаруй шилээр хийсэн сүм байдаг. Ват Па Маха Чеди Кийв хэмээх хуварга босгосон бөгөөд хаягдал шилээр дахин барилга барихад нь түүнд орон нутгийн эрх баригчид дэмжлэг үзүүлж, шил цуглуулан өгчээ. Шил гэрэл сайн нэвтрүүлдэг, цэвэрлэхэд хялбар байдаг учир тэрбээр сүм босгожээ.

Испанийн Мадрид хотод хаягдлаар хийсэн “Beach Garbage” гэх зочид буудал бий. Тус буудлын ханыг 100 хувь хаягдлаар хийсэн төдийгүй хаалганы бариулыг оймсоор, гэрлийн бүрхүүлийг нь ундааны саваар “босгосон” гэдгээрээ жуулчдын анхаарлыг их татдаг юм байна.

Европын Холбоо нэг удаагийн хэрэглээний сав үйлдвэрлэхийг зогсоож, 2030 он гэхэд хуванцрыг дахин боловсруулдаг болох төлөвлөгөө гаргажээ. Дэлхийн улс орнууд энэ мэтчилэн хаягдлыг баялаг болгон ашиглаж байна. Ингэхийн тулд иргэдээ хогоо ангилан ялгаж хаях дадалтай болгосон ажээ. Харин манайд хогоо ангилж хаядаг хүн цөөн ч иргэдийн хандлага өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнө бид хогийг зориулалтын саванд хийхийг уриалдаг байсан бол одоо ангилан ялгаж хаяхыг санал болгож байна.

Тэдний нэг нь “Хогоо багасгая” фэйсбүүк группийнхэн. Тэдний төлөөлөл 120 гаруй иргэнээс гадна АУШУИС, ШУТИС, МУИС-ийн оюутнууд гурван тонн орчим хогийг хуванцар, лааз, гялгар уут, цаас, шил гэх зэргээр ангилан ялгаж, түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаажээ. Ингэснээр тэд 100-500 жилийн турш хөрсийг бохирдуулах байсан хуванцар сав, гялгар уутны хор уршгийг бага ч болов “нимгэлсэн” юм. Тэд нэг кг лаазыг ойролцоогоор 600, хуванцар савыг 150 төгрөгөөр дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаасан гэнэ.

Түүнчлэн олсон мөнгөөрөө орон сууцны хогийн цэгүүдийн дахивар хогийг ангилан, ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан Г.Өнөрбатын тэргэнцрийг сольж өгөх болжээ. Аянд нэгдсэн хүмүүс цаашид ч гэр болон албан тасалгаанаас гарсан хогоо ангилж хаяна гэдгээ хэллээ. Иргэд энэ мэтчилэн хогийг баялаг гэж үзэн бусдыгаа уриалж байна. Хотод хэрэгжүүлж буй зарим төслийг танилцуулъя.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгахыг хэвшүүлэх төсөл” Хан-Уул дүүргийн I, II, III хороонд өнгөрсөн оны найман сараас хэрэгжиж байна. Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга энэ төслийг дэмжин тухайн нутаг дэвсгэр дэх байгууллагуудыг хог хаягдлаа ангилж хаяхыг уриалжээ.

Баянзүрх, Хан-Уул дүүргийн “Сансар өргөө”, “Олимп виллаж”, “Тайм таур”, “Хунгийн хотхон”-ууд хог ангилан ялгаж хаях цэгтэй болов. Тус цэгүүд цаас, хуванцар, шил, лааз, бусад гэсэн дөрвөн хэсэгтэй аж. “Хогийн цэг битүү дээвэртэй учир гялгар уут, цаасны хог хийсэж ойр орчимд хөглөрөхөө больсон, ангилалт хийсэн тул эвгүй үнэр гарахаа больсон” гэж оршин суугчид хэлэв. Уг төслийн хэрэгжилтийг хариуцан ажилласан “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Хог хаягдлын тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард шинэчлэн баталсан.

Хуулийн заалтад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, аж ахуйн нэгжүүдийг хогоо ангилж хаях тусгай зориулалтын хогийн савтай байна гэж заасан. Мөн Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт 2017-2020 онд хогоо ангилж хаях, хэмжээг бууруулах гэсэн зорилттой. Дээрх хууль, хөтөлбөр хоёр адил зорилготой учир өнгөрсөн оноос Хан-Уул дүүргийн долоон хороонд дахивар хогийг ялгаж хаях зориулалттай хогийн цэг байгуулсан.

Иргэд, СӨХ, үйлдвэрийн эзэд ч энэ төслийг дэмжин “Нэгдье”, “Үйл ажиллагаагаа сайжруулъя”, “Хог хаягдлаа ангилан, ялгаж хаях боломж бүрдүүлье” гэж байна. Түүнчлэн 20 СӨХ-ныхон хогоо ангилж хаядаг цэгтэй болсон. Тус цэгүүдээс дахин боловсруулах үйлдвэрийн машинууд тогтсон хуваарийн дагуу дахивар авдаг. Жишээ нь, лхагва гарагт шил, лааз, хагас сайн өдөр зөвхөн хуванцар, ням гарагт цаасны хаягдлыг авдаг. Энэ нь хотын нэг соёл төдийгүй тохижилттой холбоотой учир өөр олон хүн энэ аянд нэгдэж, эрүүл мэндээ хамгаалахаас гадна байгаль орчинд ээлтэй санаачилгыг дэмжээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хашаанд өвлийн хүйтэнд хөлддөггүй, шавж мэрэгч үүрлэх боломжгүй, хог ангилан хаях боломжтой, вакуум хогийн сав байрлуулжээ. Уг савыг газар ухаж байрлуулсан тул хог цуглуулах, ачих үйл явцыг хөнгөлжээ.

Мөн хотын төв гудамж болон албан байгууллага, автобусны буудлуудын хажууд дахивар, энгийн гэсэн тасалгаатай хогийн сав байрлуулаад удаж буй. Гэвч нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хаягдлын 80 хувийг огт ангилахгүйгээр хогийн цэгт хүргэж байна гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн. Хэрэв ус, ундааны сав, цаас зэргийг хогийн савны “дахивар” гэсэн хэсэгт хийж заншвал бид дахин боловсруулалтыг нэмэх боломжтой аж.

Монгол Улсын хэмжээнд жилд 1.4 сая тн хоёрдогч түүхий эд “үйлдвэрлэдэг”-ээс 2018 оны байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 16 үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 206 цэг, түүнд 20 мянган ажилтан ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн манай улсад жилд 2.4 сая тонн хог үүсдэгийн 50 хувийг дахин боловсруулах бололцоо байдаг гэнэ. Гэвч ангилалт хийгээгүйн улмаас дахин боловсруулах үйлдвэрүүдэд маш бага хэмжээний түүхий эд очдог гэнэ.


Г.Баясгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)