Хогон дундах ТУУЛ

Гомдол мэдүүлж чаддагсан бол хатан Туул түмэн зовлон тоочих л байх. Бохиртой холилдолгүй ганц удаа тунгалаг толио татуулан урсаж үзэх юм сан. Усыг тэтгэж, ундаргыг баяжуулдаг хэдэн бургасыг минь бүү огтлоосой. Хаа нэгтэйгээс цуглаж, хонон өнжин зугаалах хүний хөл шингэрдэггүй юм байх даа. Улаанбаатарчуудыг ундаалан тэтгэгч Туул энэ мэтээр олон гомдол өгүүлэх биз. Нийслэлийн иргэдээс гадна таван аймгийн 37 сумынхан сав газрынх нь доорх гүний уснаас ундаалдаг. Ха­рамсалтай нь энэ ач гавьяаг нь тоож үнэлдэг хүн цөөхөн. Харин ч хэн дуртай нь очиж зугаалдаг, эрэг дээр нь бие засдаг, хогоо хаядаг, элс, хайргыг нь дуртай цагтаа олборлодог. Хотынхны бүх бохирыг хагас дутуу цэвэрлэсэн болоод голд “шингээдэг”. Эмх замбараагүй энэ мэт үйлдлийн гороор Туул өдгөө 552 км газарт бохирдолтой урсаж байгаа. Нийт 717 км урт уг голын эх орчмын 165 км нь л цэвэр, үлдсэн нь ямар нэгэн хэмжээгээр бохирдсон нь Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийнхны судалгааны үр дүнд тодорхой болсон. 

Голын эрэг дагуу 10 хүрэхгүй метр зайтай барьсан майхан, түүний гадаа сойсон машинууд, нэг “айл”-д дор хаяж 4-5 хүн харагдана. Заримдаа суух сул газар ч олдохгүй. Сул байгаа нь хогийн цэг шиг болчихсон, түмэн зүйлийн хог өнгө алаглаж харагдана. Харуул хамгаалалт муу байдгийг ашигласан амрагчид эзгүй хээр эрх чөлөөгөө мэдэрч, дураараа дургиж гарна. Хөл үймээн ихтэй хотын, цэвэр агаар мөрөөдсөн иргэдийн хүслийг биелүүлснийхээ төлөө уг гол хэчнээн их хог новш тээдэг гэж санана.

Туулын хамгийн бохирдолтой хэсэг нь Сонгины гүүрнээс эхэлдэг. Түүнээс цааш Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумаар дамжин урссаар Орхон голд цутгана. Уг нь замын уртад хангалттай цэ­вэрших боломжтой ч бид Туулаа тунгалагших аргагүй болтол нь бохирдуулчихсан тул өдгөө адаг нь авах юмгүй, хүн байтугай мал ч тоохын аргагүй болжээ. Тийм учраас харьцангуй цэвэр урсах 165 км-т нь иргэд урин дулааны улиралд батгана адил шавж, зугаалдаг болсон. Ялангуяа Зайсангийн гүүрнээс дээш эх хүртэлх буюу хамгийн цэвэр тунгалаг хэсгийг нь сорчлон сонгож байна. 

Иргэд цугларахын зэрэгцээ шорлог, ойр зуурын наймаанаас эхлээд төрөл бүрийн үйлчилгээ ч Туулын ойр орчим бий болсон. Уг нь гол дагуу аялал жуулчлалын бүс бий болгож, зориулалтын барилга, байгууламж барина, гоё болгоно гэж манай төр, засгаас үеийн үед ярьж ирсэн. Гэсэн ч өдий хүртэл тэр хүсэл мөрөөдөл биелсэнгүй, гол дагуу хувийн хэвшлийн амралтын газрууд л хаа нэг тааралдана. Тэдгээр нь мэдээж багагүй үнэтэй.

Уул устайгаа ойр төдийгүй мөнгө бага зарцуулах учир ихэнх хүн голын эрэгт амрахыг илүүд үздэг. Дураараа дургидаг энэ байдлыг аялал жуулчлал гэхээсээ бүдүүлэг зугаалга гэж нэрлэж болмоор санагдана. Мэдээж тэнд бие засах газар, хогийн савны аль нь ч байхгүй. Сайныг санаж, зөвийг эрхэмлэн хаягдлаа шингээх газар хайлаа ч тусыг эс олох тул эрээд ч хэрэггүй. Энэ бол Туулын эргээс зунжин харж болох дүр зураг. Мянга мянгаараа ирж байгалиа бузартуулах хэрнээ Туулаа өрөвдөж хайрлах, хамгаалах хүн бараг үгүй. Идэж ууж, хонон өнжин тухалж, зугаагаа гаргасан жаргалтай хүмүүст байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл алга.

Хавар тавдугаар сараас эхлээд зуны чилийсэн гурван сарыг дамнаж, намар аравдугаар сар хүртэл Туул хамгийн эрэлттэй “амралтын газар” байж, олны их хөлийг арайхийн давж гарна. Ийм “халдлагын” дараа царай алдан, нүд халтирам болж, хогондоо дарагдаж үлдэнэ. Бусдаасаа арай дөнгүүр, ухамсартай зарим нь идэж уусан юмныхаа үлдэгдлийг машиндаа ачаад явдаг л байх. Гэхдээ гаргасан ялгадсаа шуудайлаад, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа ачаад явдаг хүн гэж үгүй. Хэчнээн ухамсартай байлаа ч энэ хэмжээний зориг гаргахад хүрэлцэхгүй. Хаяа залган майхнаа барьсан амрагчид хогон дунд зугаалчихаад буцдаг төдийгүй, өөрсдөө ч нэмэрлэдгийн учир ийм.

Жил бүр хэд хэдэн удаа голын эргийн хогийг цэвэрлэх кампанит ажил төрийн болон төрийн бус цөөнгүй байгууллагын санаачилгаар өрнөдөг. Тэглээ гээд барагдана гэж үгүй, тонн тонноороо гарсаар байдаг нь гомдмоор. Энэ онд хэр их хог цэвэрлэсэн талаар Туул голын сав газрын захиргааныхнаас тодрууллаа. Тэд он гарснаас хойш төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран голын эрэг дагуу 10 удаа цэвэрлэгээ хийжээ. Анх өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар тө­вийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхонтой хамтран Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 1.1 км газрын хогийг түүсэн байна. Тухайн үед гурван тонн хаягдал гарсан байх жишээтэй. 

Түүний дараа дөрөвдүгээр сарын 1-нд 5.4 тонн, мөн сарын 8-нд 13, 15-нд зургаан тонн хог түүж хаяжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд БОАЖЯ тэргүүтэй салбарын байгууллагынхан 1500 хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хар усан тохой, “River beach” амралтын газрын орчим цэвэрлэгээ хийж, 45 тонн хаягдал цуглуулсан аж. Энэ сарын 1-нд Сонсголонгийн гүүрнээс баруун тийш найман км газрыг цэвэрлэхэд нийт 50 тонн хог гарсан. “Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа” аяны хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн Улаанбаатар салбар Туул голын сав газрын захиргааныхантай хамтран өчигдөрхөн Яармагийн гүүрнээс “Цэлмэг” хотхон хүртэлх 2.8 км газрын хаягдлыг арилгаад байна.

10 удаагийн цэвэрлэгээгээр Туулын эргээс нийт 138.4 тонн хогийг арилгажээ. Тэгсэн хэр нь л өдгөө Зайсангийн гүүрнээс эх хүртэл нь явбал өнгө өнгийн гялгар уут, архины шил, шар айрагны лаазны “үзэсгэлэн” харагдсаар л байна. Бас хэрэглэсэн ариун цэврийн цаас нэмэлт “чимэг” болдог. Туул голын сав газрын захиргааныхан “Бид чадах ядахаараа ажиллаж, цэвэрлэгээний ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг уриалж, татан оролцуулсаар байна. Гэсэн ч дахиад л хогтой болчихдог. Хамгийн гол нь иргэд ухамсартай байх хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.

Арай ядан урсаж буй Туулын эргийг бохирдуулах нь энгийн хэрэг мэт дасал болжээ. Гагцхүү дараа нь үүсэх үр дагаврыг хэрхэн давж гарах асуудал тулгарч буй. Гэхдээ хожим юу болох, хариуцлага хүлээх этгээд нь хэн байхыг тооцсон хууль эрх зүйн зохицуулалт одоогоор алга. Уг нь хогонд дарагдах гэж хатан Туул урсдаггүй байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)