Хогондоо дарагдсан хотхонууд хотын үзэмжийг гутааж байна

 Чингэлтэй дүүрэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүнсний хаягдлыг нэгдсэн журмаар ачиж, туршилтын талбайд хүргэж эхэллээ. Мэргэжилтнүүд хүнсний хаягдлаар компост бордоо хийж, нийслэлийн ногоон байгууламж, доройтсон хөрсийг тордож, нөхөн сэргээхэд ашиглах гэнэ. Туршилт амжилттай болбол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан энэхүү төслийг бүх дүүрэгт хэрэгжүүлэх аж. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас санаачлан 28 хорооны 77 байршилд хогийн сав байршуулжээ. “Саруул” хотхоныхон хаягдал ангилах савтай болгож өгөөч гэж дүүргийнхээ удирдлагад санал тавьсныг Засаг дарга нь хүлээж авч, хэрэгжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтран хог худалдаж авдаг явуулын цэг ажиллуулж эхлэв. Өдөрт 300 тонн хаягдал ангилан ялгах хүчин чадал, дэвшилт технологитой хогийн үйлдвэрийг ирэх оны хавар Цагаан даваанд ашиглалтад оруулах боломжтойг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. “Home land” хотхоны СӨХ-ныхон хаягдал ангилах сав, агуулах бункер хийж, оршин суугчдынхаа шаардлагыг биелүүлжээ.

Төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах соёл, дадал хэвшүүлэх чиглэлээр бусдадаа үлгэрлэж, санаачилгатай ажиллаж буй энэ мэт баримт, жишээ олон. Ялангуяа орон сууцны хотхон, хорооллыхон ийм соёл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хотхоноо хогоор дарж, хотын үзэмжийг гутааж буй оршин суугч, СӨХ-ныхон ч байна.

“ХАРАХ БОЛГОНДОО БУХИМДДАГ”

Эхний барилгаа 2012 онд ашиглалтад оруулсан “Алтай” хотхоныхон отгон оршин суугчдаа өнгөрсөн жил хүлээж авсан. Тодруулбал, III ээлжийн барилга болох 52г байрыг 2019 онд ашиглалтад оруулсан юм. Энэ нь бусад байраас зайдуу учраас автомашины зогсоол хүрэлцээтэй, гаднах зам, талбайн тохижилт сайн гээд давуу тал олонтой ч нэг л зүйл оршин суугчдыг бухимдуулдаг. Тэр нь тус байрны хогийн савнаас ялгарах эхүүн үнэр, зарим иргэний соёлгүй үйлдэл.

“Нарлаг Алтай” СӨХ-ныхон хог ангилан хаях зориулалттай савыг эл байр ашиглалтад орсон үеэс л байршуулжээ. Чанар, эдэлгээг нь бодолцон төмрөөр хийлгэж, цаас, шил, лааз, хуванцрыг аль тасалгаанд хаях ёстойг ойлгомжтойгоор бичиж, гадна нь тэмдэглэжээ. Хүнсний хаягдал амархан мууддаг учраас эвгүй үнэртдэг, ялаа, батгана шавдаг учраас ийм төрлийн хогийг сууцны давхар бүрт байх нарийн хоолойгоор дамжуулж, гараашийн давхар дахь зориулалтын цэгт төвлөрүүлдэг байхаар шийджээ. Өөрөөр хэлбэл, гадна байршуулсан савнуудад хүнсний хаягдал хийх зориулалтгүй. Гэвч дуулгаваргүй иргэд үдэш, оройн цагаар ийм хогоо ил, задгай орхидгоос эко шийдэл бүхий савнууд “цэвэрлэх байгууламж” болж хувирдаг байна. Зарим нь уут, хайрцагтай хогоо дөхүүлээд л шидчихдэг гэнэ.

Оршин суугч Г “Хүүхдээ салхилуулах бүртээ үүнийг харж бухимдах юм. Заримдаа хэдэн минут тэвчихэд ч бэрх санагддаг. Гэрийнх нь үүдэнд байгаа хоолой руу хогоо яагаад хаячихаж чаддаггүйг ойлгохгүй юм. Хаяхаа мартаад, барьж гарч ирснийгээ ийшээ хийчихдэг бололтой” гэв. Харин иргэн Н “Манайх хоёрдугаар давхарт байдаг учраас их хэцүү. Цонх онгойлгохоор л өнөөх нь үнэртэнэ. Иргэд хогоо ном журмынх нь дагуу ангилж, хаяад хэвшчихвэл ингэж зовохгүй” гэв.

Ачигч машин хугацаандаа буюу 10 хоногт нэг удаа ирж, хог тээвэрлэдэг гэнэ. Зарим иргэний соёлгүй үйдлээс болж, хогноос үүдэлтэй зөрчил энэ хугацаанд нэлээд гардаг талаар “Нарлаг Алтай” СӨХ-ныхон онцлоод “Тээвэрлэлтийн хугацааг ойртуулж, иргэдийн хандлагыг өөрчлөхгүй бол хэчнээн олон хогийн сав байршуулаад нэмэр алга” гэв.

ХОГОН ОВООЛГОТОЙ ХОТХОН

Хан-Уул дүүргийн IV хороо, “Номин холдинг”-ийн чанх хойно шил толь болсон нэгэн орон сууцны хорооллыг өнгөрсөн өвөл ашиглалтад оруулжээ. Өнгө үзэмж, барилгын чанарын талаар оршин суугчид нь ам сайтай ч гаднах тохижилт, тэр дундаа хог хаях цэгийг шийдээгүйд сэтгэл гонсгор байдаг аж.

Зэргэлдээх үйлчилгээний төвийн хуучин гараашны гадна төмөр чингэлэг байршуулсан ч энэ нь долоо хонов уу, үгүй юу дүүрчихдэг гэнэ. Ачих машин ирэх хүртэл тэнд чингэлгийн дайтай хогон овоолго үүсэж, ялаа, шавж эргэлдэх нь энүүхэнд гэнэ.

Оршин суугч Ариунжаргал “Манайх 45 дугаар байранд амьдардаг. Жижиг хэмжээтэй хаягдлаа зориулалтын хоолойгоор урсгадаг ч овортойг нь гадаа ил хаяхаас өөр арга алга. Иргэд СӨХ-нд энэ асуудлаар хандаж, шийдэл нэхсээр л байгаа” гэсэн юм.

Японы Фүкоака хотод амьдардаг найз минь “Эндхийн барилгын компаниуд сууц барихыг цогцолбор байгуулах хэмжээнд авч үзэж, тав тух бүрдүүлдэг. Иргэд ч сууцаа сонгохдоо орчны тохижилт, шийдлийг чухалчилдаг” гэсэн юм. Харин манайд үүний эсрэг. Тэнгэр баганадсан, шил толь болсон зарим орон сууцны хотхон наад захын энэ мэт асуудлаа шийдээгүй атлаа оршин суугчдыг татах гэж улайрах нь түгээмэл.

ЗҮТГЭЛИЙГ НЬ ҮНЭЛСЭНГҮЙ

Баянзүрх дүүргийн III хороонд орших “Энх өргөө” хотхоны “Энх дэлгэрэх” СӨХ-ныхон оршин суугчдынхаа санал хүсэлтийн дагуу хог ангилан ялгах сав хийлгэж, байршуулжээ. Гэвч иргэд ангилах тэмдэглэгээг үл ойшоон, хаягдлаа замбараагүй хаяж, дэргэд нь хогийн цэг үүсгэх болсон гэнэ. Зарим нь сав дүүрээгүй үед ч хогоо ил хаячихдаг аж. Хуванцар түүж амьжиргаагаа залгуулдаг иргэд хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг нь талаар нэг тараадаг байна. “Энх дэлгэрэх” СӨХ-ны дарга Э.Цэлмэгсайхан “Угаасаа энэ саванд багтахгүй, ил задгай хаяцгаадаг юм чинь гээд хогоо ойролцоо нь орхидог хүн олон. Соёл түгээх гэсэн биш хэдэн цэвэрлэгч, үйлчлэгч маань хогийн сав “малладаг” ажилтай боллоо” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)