Хогийн цэгээс ялгардаг метаны хийг үйлдвэрлэлд ашиглана

Нарангийн энгэрийн болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2023 онд бүрэн хаахаар төлөвлөж, нийслэлийн холбогдох байгууллагууд өнгөрсөн зургадугаар сараас ажлаа эхэлсэн. Тодруулбал, Нарангийн энгэрийн хогийн цэгийн найм, Цагаан давааны дөрвөн га газрыг өдгөө хэсэгчлэн хааж, нөхөн сэргээж буй. Төвлөрсөн хогийн цэгүүдээс метаны хий их хэмжээгээр ялгардаг учраас үүнийг саармагжуулах зорилгоор агааржуулалтын 12 хоолой суурилуулжээ. Метаны хийг хуримтлуулж, ахуйн хий үйлдвэрлэх технологи нэвтрүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан БНСУ-ын “Судокон ландфилл” компанитай өчигдөр гэрээ байгуулжээ. Судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг хэдийн эхлүүлсэн гэнэ. БНСУ-ын Сөүл, Инчон, Геонги мужийн хог хаягдлыг төвлөрүүлдэг Нанжи цэгийг 1996 онд хааж, нөхөн сэргээн, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулсан нь өдгөө дэлхийн аваргын тэмцээн, олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг, жуулчин олноор очдог газар болжээ. Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах төсөл хэрэгжүүлэгчид энэ туршлагыг судалж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)