Хоггүй Монгол

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн зун “Цэвэрхэн наадацгаая” аян зохион байгуулсан. Энэ удаа “Хандлагаа өөрчилье” ажлын хүрээнд “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг ирэх оны зургадугаар сарын 1 хүртэл зохион байгуулах болсныг бид өмнө нь мэдээлсэн. Аяны хүрээнд Нийслэлийн байгаль орчны газраас албан байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх уриалга хүргүүлсэн. Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах, урамшуулах, хариуцлагын системийг бүх шатны засаг захиргааны байгууллага, иргэдэд сурталчлах зорилготой уг аянд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Улаанбаатар” аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Байгаль орчны газар, Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл нэгдээд байна. 

Сар бүр аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлах болжээ. Аймаг, нийслэлийг зургаан бүсэд хувааж, сар бүр тус бүрээс шилдэг аймаг шалгаруулж, нэг сая төгрөгөөр шагнах гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд 21 аймаг дахь сав газрын захиргаа, БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргааныхан хамрагдах юм. Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савтай болгох ажил өрнүүлэх аж. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Англи хэлтэй оюутан” хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөлөл, БОАЖЯ-наас санаачилсан байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид нэгдэн гол нуурын ойролцоох их хэмжээний хур хогийг цэвэрлэж, тусгай цэгт төвлөрүүлжээ.

Бэлтгэсэн: Ж.Отгоо


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)