Ховор морин хууруудыг танилцууллаа

Янгир, үхэр, адууны толгойн хэлбэртэй, сарлагийн эвэр, арьс, ясаар урласан гээд олон төрлийн хуурыг өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн, олон нийтэд сонирхууллаа. Эдгээр нь урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.Бадрал, соёлын өв цуглуулагч О.Маш-Эрдэнэ нарын хамтран гаргасан “Хөхөө Намжил” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээл юм. 20 гаруй морин хуураас бүрдэх эл үзэсгэлэнг Монголд анх удаа дэлгэж байгаа аж. Багадаа 50, ихдээ 400 гаруй жилийн өмнөх үед холбогдох морин хуур, хусуур, цацлын халбага зэргийг эндээс үзэж болох нь. Үүний нэг нь ховд морин хуур. 120-130 жилийн өмнөх үед холбогдох эл хуурын цар нь дугариг хэлбэртэй, номин ногоон өнгөтэй. Мөн гурван төрлийн боржигин морин хуур энэ үзэсгэлэнгийн чамин үзмэрт тооцогдоно. Боржигин хуур нь өндөр “хүзүүтэй”, өргөн цартай, овор томтой бол өвөр монгол нь богино, жижиг хэмжээтэй гэнэ.

Соёлын өв цуглуулагч О.Маш-Эрдэнэ “Монголын сонин, содон морин хуур эдгээрээр хязгаарлагдахгүй. Хувийн цуглуулгад минь 40 орчим хуур бий. Хамгийн эртнийхэд тооцогдох 20 гаруйг нь энд дэлгэсэн. Энд морины толгойн яс, арьсан цартай хуур нэлээд бий. Арьс эдэлгээ удаан, чанга дуу гаргадаг учир эрт үеэс морин хуурын цар хийж ирсэн уламжлалтай. Хамгийн үнэ цэнтэй үзмэр нь Өндөр гэгээн Занабазарын үед холбогдох морин хуурын толгой. 400 гаруй жилийн өмнө бүтээсэн морин хуурын эл толгой өдгөө чулуужиж, хэврэгшсэн” гэв.

Үзэсгэлэнд мөн монгол, япон эрдэмтдийн, морин хуурын талаарх 30 гаруй судалгааны ажлыг танилцуулсан баримтуудыг дэлгэжээ. Түүнчлэн нэн ховорт тооцогдох ном, ая дангийн судар буюу монгол хөгжмийн ноот ч байна. Уг үзэсгэлэн энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)