“Ховор агшин” фото зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

Өнөөдөр дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Оросын соёл шинжлэх ухааны төв болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран гэрэл зураг сонирхогчдийн дунд “Ховор агшин” фото зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг зохион байгуулав. Үзэсгэлэнд нийт 100 гаруй бүтээл ирсэн бөгөөд гурван хүнийг байр эзлүүлэн шагнахаар зэхэж байгаа юм.

Уг үзэсгэлэнгийн нээлтээр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев “Дэлхий дээр гэрэл зураг үүссэний 181 жилийн ой өнөөдөр болж байна. Хамгийн анх гэрэл зургийг 1839 оны 08-р сарын 19-нд Францын шинжлэх ухааны академид гэрэл зургийг анх патентжуулсан түүхтэй.

Мөн энэ жил ОХУ Монгол улсын хооронд тогтоосон дипломат харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан хотын амьдрал ахуй, хүрээлэн буй орчин, байгаль, дэлхийд тохиолдох маш сонирхолтой торгон агшин гэрэл зурагт буулгах зорилготой дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм” гэж хэллээ.

Харин тус үзэсгэлэнгийн талаар Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар хэлэхдээ "Ховор агшин" үзэсгэлэнд оролцогчдыг сурагчид /5-12 анги/, насанд хүрэгчид гэж хоёр ангилж зохион байгуулж байгаа. Уг үзэсгэлэн маань РЦНК буюу ОХУ-ын соёлын төвд хоёр долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болно. Үзэсгэлэнд байгаль орчин, хотын аж амьдрал зэрэг сэдвээс гадна тэр бүр хүмүүсийн хараанд өртөөд байдаггүй ховор агшнуудыг харуулсан бүтээлүүд байгаа юм.

Монголд гэрэл зургийн салбар анх 1870-аад оны үед оросын судлаачдыг мөрөөр орж ирсэн. Монголд анх албан ёсоор 1935 оны 10 дугаар сарын 11-нд гэрэл зураг, киноны алба үүсэж өдгөө 85 жил болж байгаа” гэлээ.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)