“Ховлох”-оос өөр мэдэлгүй Төрийн албаны зөвлөл

Хүүхдээ хичээл, сургуульд нь албаны автомашинаар зөөдөг явдал байсаар байгааг саяхан нотоллоо. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийнхөн Тээврийн цагдаагийн алба хаагчидтай хамтран энэ сарын 11-нд гэнэтийн шалгалт хийж, албаны автомашинаа хувьдаа ашигласан хүмүүсийг илрүүлсэн билээ. Төрийн албаны зөвлөлийнхний хувьд анх удаа хийсэн энэ шалгалтад олон нийт ам сайтай байв. Гэвч хэн гэдэг сайд, газрын дарга, мэргэжилтэн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасныг тэд тодорхой мэдээлсэнгүй. Таван байршилд хийсэн шалгалтынхаа дүнг нэгтгэж, ёс зүйгүй төрийн албан хаагчдын талаар маргааш мэдээлнэ хэмээн тус зөвлөлийнхөн тухайн үед бардам хэлсэн ч өдий болтол таг. Тэд ёс зүйн алдаа гаргасан төрийн албан хаагчдыг зарлахгүй, хаацайлаад өнгөрөв бололтой.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙНХӨНД “ТОМЧУУД” ДАРАМТ, ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ҮҮ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон Ц.Нанзаддорж 00 34 УБЗ улсын дугаартай “Соната 8” маркийн автомашинаар “Орчлон” сургуулийн гадна хүүхэд хүргэснийг цахим сүлжээнд мэдээлжээ. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Э.Идэрцогт 80 04 УНЗ улсын дугаартай “Приус 30”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар 02 07 УНЗ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашигласныг дурдсан. Ийм мэдээлэл гарсны дараа томчууд Төрийн албаны зөвлөлийнхөнд дарамт, шахалт үзүүлсэн учраас ёс зүйгүй алба хаагчдыг нийтэд зарлахаас болгоомжилсон сурагтай. Уг нь албаны машинаар дэмий сэлгүүцэж, хүүхдээ зөөдөг хүмүүсийн нэрийг нийтэд зарлавал айхгүй ч гэсэн аягүй гэгчээр бусдадаа сануулга болохыг үгүйсгэхгүй. Цаашлаад төсвийн хөрөнгөөс үргүй зардал гаргадаг байдлыг өөрчлөхөд нэмэртэй гэж иргэд санал бодлоо илэрхийлж байгаа.

Албаны автомашин хувьдаа ашигласан хүмүүсийг илрүүлсэн шалгалтынхаа дүнг яагаад мэдээлэхгүй байгааг Төрийн албаны зөвлөлийнхнөөс асуухад “Байгууллагын дотоод нууц гэж юм бий” хэмээн тодорхойгүй үгээр ам тагласан. Ёс зүйгүй албан хаагчийг дотоод сүлжээнд мэдээлнэ гэж Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд нь ч тусгачихжээ. Тодруулбал, тус дүрмийн 7.1-т “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг төрийн тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ” гэсэн байна. Ёс зүйн хэм хэмжээний дүрэм зөрчих, алдаа гаргах нь дотоод сүлжээнд л мэдээлээд өнгөрөх нууц мөн үү.

Тодруулбал, тус дүрмийн 7.1-т “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг төрийн тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ” гэсэн байна. Ёс зүйн хэм хэмжээний дүрэм зөрчих, алдаа гаргах нь дотоод сүлжээнд л мэдээлээд өнгөрөх нууц мөн үү.

Төрийн албаны тухай хуульд шинэчлэл хийлээ гэж сүр бадруулсан ч энэ мэт заалт нь өмнөхөөсөө дээрдээгүй бололтой. Ямартай ч ёс зүйн зөрчил гаргасан дээрх хүмүүсийн харьяалагддаг албан байгууллагынх нь удирдлагад зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Хариуцлага тооцуулах эрх Төрийн албаны зөвлөлийнхөнд байхгүй учраас ийн цаас шидэхээс хэтрэхгүй нь. Төрийн албаны тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойших жил гаруйн хугацаанд ямар байгууллагуудад хэчнээн зөвлөмж хүргүүлснийг тус зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээс асуухад “Манай байгууллагын албан хаагчдын олонх нь шинэ ажилтан. Тиймээс өмнө нь ажиллаж байсан албан хаагчид ямар чиг үүргийн дагуу юу хийж, хэрэгжүүлснийг мэдэхгүй” гэж хариулав.

ЁС ЗҮЙГҮЙ АЛБАН ХААГЧДАД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

Ёс зүйгүй албан хаагчдад хариуцлага тооцох эрх нь тухайн байгууллагын удирдлагад бий аж. Гэхдээ хүлээлгэх хариуцлага нь ч нэр төдий юм. Төрийн өмчийг хувьдаа ашигладаг, ёс зүйгүй албан хаагчдад хариуцлага тооцох нэрээр толгойг нь илээд өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 39.1.11-т “Төрийн албан хаагч нь албаны бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно” гэж заажээ. Үүнийг зөрчвөл хуулийн дагуу сануулаад л өнгөрнө. Ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчвөл эл хуулийн 48.1.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна гэж заажээ. Энэ заалт уг хуулийг шинэчлэхээс өмнө байсан ч ийм хариуцлага хүлээсэн албан хаагч бий, эсэх нь тодорхойгүй. Ямар байгууллагад хэдэн зөвлөмж хүргүүлснээ Төрийн албаны зөвлөлийнхөн ч мэдэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.а хэсэгт “Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзана” гэж тусгажээ. Үүнийг зөрчвөл тус дүрмийн 4.2.1-т заасны дагуу уучлал гуйхыг үүрэг болгох нь. Ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчвөл сануулах арга хэмжээ авах гэнэ. Цаашлаад гэмт хэргийн шинжтэй зөрчил үйлдсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэдгийг зөвлөмжид тусгасан байна.

АЖЛААС НЬ ХАЛДАГ ЖИШИГ ОЛОН УЛСАД БИЙ

Албаны автомашин хувьдаа ашиглахыг байдаг л үзэгдэл хэмээн хүлээн авч, эвлэрэх үү. Зүгээр сануулаад л өнгөрөх хэмжээний зүйл гэж үзэх үү. Тэгвэл гадаадын оронд өөр дүрэм үйлчилж байна. Японы Токио хотын дарга 2016 онд албаны машинаар хувийн зуслан руугаа ганцхан удаа явсан нь албан тушаалаас нь огцруулах шалтгаан болсон жишиг бий. Энэ нь иргэдийн хяналт сайн байдагтай холбоотой аж. Харин манай улсад иргэдийн хяналт тааруугаас гадна төрийн албан хаагчдын ёс зүй “өндөр”, хуулиар хүлээлгэх хариуцлага нь чанга биш. Энэ хэвээр үргэлжилбэл үргүй зардал нэмэгдэж, хэн нэгэн ёс зүйгүй этгээд гарын салаагаар урсгасан мөнгөнийхөө төлөө хариуцлага хүлээдэггүй муу жишгээсээ салж чадахгүй гэх иргэдийн бухимдал тасрахгүй нь.

Саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээнд хяналт тавьж, сар бүр мэдээлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ захирамжийн дагуу мэдээллээ олон нийтэд хүргэлээ ч тэдэнд хариуцлага тооцож чадах, эсэх бас эргэлзээтэй. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй ч энэ мэт эргэж харах зүйл байж мэднэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)