ХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга нар худлаа ярив уу

-“Капитал банк”-ны дансанд долоон хувийн хүүтэй 100 сая төгрөг байршуулжээ-

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал банк”-нд байршуулснаас болж олон тэрбум төгрөг авч чадахгүйд хүрч буй тухай дуулиан өнгөрсөн оны сүүлчээр хэвлэлээр цацагдаж, АН-ынхан ч түүнийг нь нэлээд дэвэргэсэн. Тухайн үед буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Д.Зоригт нар хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргасан билээ. Тухайн үед сайд С.Чинзориг “Би сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөг нэмж “Капитал банк”-нд байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэж байсан. НДЕГ-ын дарга Д.Зоригт “2016 оны наймдугаар сараас хойш буюу би энэ газрын даргаар ирснээс хойш тус банканд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө огт байршуулаагүй. НДЕГ-аас энэ асуудлаар холбогдох хууль, гэрээг зөрчиж байна, Нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагыг тусгасан албан бичгүүд удаа дараа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Гэвч сайжраагүй, хэвээр үргэлжилсээр 2019 оны дөрөвдүгээр сард албадан татан буугдсан” гэж байсан. Мөн НДЕГ-аас гаргасан мэдэгдэлд “Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг банканд зориудаар мөнгөн хөрөнгө нэмсэн, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээж байв.

Тэгвэл дээрх албан тушаалтнууд худлаа ярьсан бололтой. Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдугаар сарын 19-нд хэлэлцсэн НДЕГ-ын нэхэмжлэлтэй, “Капитал банк”-ны эрх хүлээн авагчид холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх гомдлыг хэлэлцэх үеэр 2019 оны нэгдүгээр сарын 25-нд гэрээ байгуулж, 100 000 000 төгрөг хадгалуулахаар шийдвэрлэсэн нь ил болов. Эл хурлын шийдвэрийг бид өнгөрсөн мягмар гаргийн дугаартаа мэдээлсэн тул энд дахин нурших нь илүүц биз.

Уг шүүх хуралд НДЕГ-ыг төлөөлж тус газрын дарга Д.Зоригт оролцсон бөгөөд өмгөөлөгч З.Уянга нь шүүх хурлын үеэр “2019 оны нэгдүгээр сарын 25-ны гэрээгээр хадгалуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 100 000 000 төгрөг байршуулахдаа 356 хоногийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй, холбогдох дансанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын ... тоот дансанд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хүртэл хадгалуулах зохицуулалт байгаа. Дээрхээс үзэхэд талуудын хооронд мөнгөн хадгаламжийн харилцаа үүссэн” хэмээн өгүүлсэн юм. Үүнээс үзэхэд ХНХ-ын сайд С.Чинзориг, НДЕГ-ын дарга Д.Зоригт нар 2017 оноос хойш “Капитал банк”-нд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй хэмээж байсан нь худлаа ярьсан болж таарав уу, эсвэл өөр ойлголт байна уу.

Ташрамд дурдахад, “Капитал банк” ХХК нь анх Монголбанкны эрх хүлээн авагч томилогдоход 631 тэрбум төгрөгийн өртэй байсан бөгөөд түүнээс хойш Банкны тухай хуулийн дагуу тодорхой хэмжээний төлбөрийг барагдуулж, 561 тэрбум төгрөгийн бусдад төлөх өр төлбөрийн үлдэгдэлтэй байгааг дээрх арилжааны банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарласан байв. Мөн банкны өөрийн хөрөнгө 210 тэрбум төгрөг байгаа бөгөөд өмнөх удирдлагад нь эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотойгоор 200 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь прокурорын тогтоолоор битүүмжлээд буй аж.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)