ХНХЯ-ны ажилчдын байранд мансуурч байсан солонгос эрд ял оноожээ

Чингэлтэй дүүргийн нутагт орших, ХНХЯ-ны ажилчдын байрыг түрээслэн суудаг БНСУ-ын иргэн Ким Ён Жүнд холбогдох хэргийг өчигдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд, Тусгай ажиллагааны газрынхантайгаа хамтран дээрх яамны ажилчдын орон сууцанд амьдарч байсан, 53 настай тэр эрийг баривчилсан билээ. 

Тэрбээр манай улсад гоо сайхны бараа оруулан ирж, худалддаг бөгөөд аяллын виз авч Монголд орж ирсэн нэгэн юм. Ким Ён Жүн өнгөрсөн гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гэртээ мансууруулах бодис боловсруулан хэрэглэж байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан агаад 159 гр хатаасан ургамлыг тусгай саванд хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авсан билээ. Шинжилгээгээр уг бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай каннабис гэдэг нь батлагдсан. 

Түүний эд, эсэд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ким Ён Жүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсгийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Мөрдөн шалгалтаар тэрбээр бусдад зарж борлуулсан нь тогтоогдоогүйгээс гадна Монголын хууль сахиулах байгууллагынханд баригдсандаа баярлаж буй гэх мэдээлэл байна. Учир нь тухайн иргэн эх орондоо мансууруулах бодисын хэрэгт холбогдсон бол нэлээд хүнд ял шийтгүүлэх бөгөөд түүнээсээ өмнө хорих ангид ял эдэлж буй хүмүүст ихэд дэглүүлэх байсан гэж ойрын хүмүүстээ ярьсан гэнэ.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)