“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал хүсэж байгаагаа мэдэгдэв

Иргэн Б.Болороо золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр төв талбай дээр 12 хоног суулт хийсний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр эсэргүүцлээ зогсоосон билээ. Ерөнхий сайд хэргийг дахин шалгах ажлын хэсэг байгуулахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржавд даалгасан юм. 

Тэгвэл Б.Болороогийн нөхөр Б.Амгалангийн ажиллаж байсан “Хишиг арвин индустриал” компани дараах мэдэгдлийг гаргажээ.

"Цензургүй яриа" нэвтрүүлэгийн 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн дугаарт тус компанид ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан ажилтны гэр бүлийн хүн Б.Болороо оролцож ярилцлага өглөө. Болсон золгүй явдалд манай байгууллага гүнээ эмгэнэн гашуудаж, аюулгүй ажиллагааны хариуцлага алдсан, мөн эрж хайх ажилд хайнга хандсан зэрэг алдаа дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, бүх талаар хариуцлага хүлээхэд бэлэн байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор 11-р сарын 1-нд зарим өдөр тутмын сониноор дамжуулан албан ёсоор эмгэнэл илэрхийлж, уучлал хүссэн мэдэгдлийг дахин нийтэлж байна. 

"ХАКМС" ХХК нь өөрийн зүгээс "Үйлдвэрлэлийн ослын акт"-ыг үйлдэж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан, баталгаажуулалт авсан. Түүнээс өөрөөр өнөөдрийг хүртэл тухайн хэрэгтэй холбоотой шүүхийн шинжилгээний дүгнэлт, хэргийн материал, мэргэжлийн хяналтын дүгнэлт зэрэг албан ёсны баримтуудыг үзэж танилцаагүй бөгөөд журмын хувьд танилцах боломжгүй юм. Тиймээс согтуурлын зэрэг гээд тодорхой тоо яригдаж байгааг одоог хүртэл ямар нэг баримт сэлтээс хараагүй, шинжилгээний дүгнэлтэд нөлөөлөх сэдэл ёс зүй болоод хүнлэг чанарын хувьд огт байхгүй болохыг талийгаачийн ар гэрийнхэн, олон нийт үнэн мөнөөр ойлгоосой гэж хүсч байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)