“Хирошимагийн сүүлчийн галт тэрэг” замд гарахгүй

Атомын бөмбөгний дэлбэрэлтээс амьд гарсан хүмүүсийн тухай үнэн түүхийг өгүүлсэн зохиолч Чарльз Пеллегриногийн бичсэн “Хирошимагийн сүүлчийн галт тэрэг” (Last Train from Hiroshima) номыг худалдаанаас буцаан татах болсноо уг номыг хэвлүүлсэн “Henry Holt & Company” хэвлэлийн газар мэдэгдэв. Өнгөрсөн нэгдүгээр сард худалдаанд гарсан энэ ном борлуулалтаараа толгой цохиж байсан юм.
  “Henry Holt & Company” хэвлэлийн газар буцаан татах болсон шалтгаанаа уг номонд эргэлзээтэй баримтууд орсон хэмээн тайлбарлажээ. Хирошимад бөмбөг хаях цэргийн ажиллагааны тухай зохиолчид баримт өгсөн Иосеф Фуоко 2008 онд 84 насандаа таалал төгссөн юм байна. Атомын бөмбөгийг 1945 оны наймдугаар сарын 26-нд Хирошима хотод хаясан “Enola Gay” онгоцны багийн гишүүд түүнийг даалгавар гүйцэтгэхэд оролцоогүй гэж хэлсэн агаад түүхчид, эрдэмтэд ч үүнийг баталсан гэнэ. Өөр нэг ноцтой зүйл нь Хирошимагийн халуун тамаас амьд гарсан гэх хоёр хүний тухай Ч.Пеллегриногийн номон дахь баримтууд эргэлзээтэй гэнэ. Энэ хоёр хүний нэг нь амиа хорлож үхсэн бол нөгөөх нь тухайн үед Японд христийн шашны номлогч байсан Жон Маквитти гэгч аж.
Харин зохиогч Ч.Пеллегрино номондоо залруулга хийнэ гэж мэдэгдээд, “Би Фуокод зальдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэрбээр олон хуудас баримт бичиг, гэрэл зургуудаар өөрийн ярьсан түүхийг нотолж байсан” гэжээ. “Хирошимагийн бөмбөгдөлтийг нүдээр үзсэн, амьд гарсан гэрчүүдийн хувьд гэвэл бүх баримт үнэн. Номондоо тэдний нэрийг нууцлах шалтгаан байсан.” гэж Ч.Пеллегрино хэлсэн байна. Номтой нь зэрэгцээд зохиолчийн тухай бас нэгэн таагүй мэдээ тарсан байна. Ч.Пеллегрино өөрийн намтарт Шинэ Зеландын Виктори их сургуулийг төгссөн хэмээн бичсэн байдаг нь мөн л эргэлзээтэй гэнэ. Ч.Пеллегрино тус сургуулийг дүүргэсэн гэдгийг нотлох баримт олдоогүй бөгөөд сургуулийн захиргаа цаашид энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэдгээ мэдэгджээ.
Оскарын шагналд нэр дэвшээд байгаа “Avatar” кинонд зөвлөхөөр ажиллаж байсан энэ зохиолчийг луйвар хийх хүн биш хэмээн найз нар хэвлэлд өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. “Avatar” киноны найруулагч Жеймс Камерон “Хирошимагийн сүүлчийн галт тэрэг” зохиолоор кино хийх эрхийг нь саяхан худалдан авсан юм. Тэрбээр Ч.Пеллегринотой олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний бичсэн олон номонд өмнөтгөл бичсэн юм байна. Нэрт найруулагч “Юу ч болж байсан “Хирошимагийн сүүлчийн галт тэрэг” зохиолоор кино хийх санаанаасаа буцахгүй. Иймэрхүү юм миний кинонд нөлөөлөхгүй” гэжээ

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)