Хил нэвтрэх эрх олгогч бүсгүйчүүд

Хилчин шалгагч, дэслэгч Н.Урантуяа

Монгол Улсын агаарын замаар нутгийн гүнд орж ирж буй гадаад, дотоодын олон мянган иргэнтэй хамгийн түрүүнд нүүр тулж уулздаг хүмүүс бол Хилийн 0218 дугаар ангийн хилчин шалгагч нар. Тэднийг паспорт шалгаад, тамга дараад сууж байдаг хүмүүс гэж ойлгох нь бий. Тус ангийн хилчин шалгагч, дэслэгч А.Алтантуяа, Н.Урантуяа нарын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа. Хоёр хүн онцолсон шалтгаан нь нэг нь хилээр гарч буй, нөгөө нь орж ирэх зорчигчдын бичиг баримтыг шалгах хэсэгт суух үүрэг хүлээсэн учраас тэднийг сонгосон юм.

08.30 цаг. Эх орны нэгэн өглөө эхэлж, цэргийн анги салбарууд Төрийн дууллаа эгшиглүүлж, жагсаалтын талбайдаа угтдаг бол Буянт-Ухаа дахь хилийн 0218 дугаар тусгай ангийнхан ажлын онцлогоосоо шалтгаалаад жагсаалын талбайдаа гарч жагсаж ч амждаггүй гэхэд хилсдэхгүй. Тэд “Чингис хаан” нисэх буудал дахь өөрсдийн хариуцсан бүсдээ жагсаж, удирдлагаасаа үүрэг чиглэлээ сонсдог аж. Сурвалжилгын маань гол баатар хоёр бүсгүй ч энэ өглөө мөн л ийм байдлаар бусад алба хаагчийн хамт Штабын дарга, дэд хурандаа А.Билгээгээс тушаал сонсоод, тус тусынхаа хариуцсан бүсийг зорьсон юм. Ийнхүү тушаал хүлээсэн алба хаагчид бүтэн өдөржингөө амралтгүй шахам ажиллах аж. 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасангийн 09.00 цагаас бямба гаргийн 09.00 цаг хүртэл эх орныхоо хилийн амгалан тайван байдлын төлөө 24 цаг нүд цавчилгүй үүрэг гүйцэтгэх ээлжид гарсан нь энэ. Хил нэвтэрч буй хүмүүсийн бичиг баримтыг шалгах, боомтын аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг тус ангийнхан хэрэгжүүлж буй бөгөөд агаарын тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, хоногт дунджаар 28-35 агаарын хөлөг, 4000 орчим зорчигчийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг юм байна.

09.00 цаг. Дэслэгч А.Алтантуяа баримт бичгийн шалгагч албан тушаалтай. Энэ цагт ээлжээ хүлээлцэн бичиг баримт шалгах ажлаа эхэллээ. Тэрбээр Монголоос гадаад орныг зорьж буй зорчигчдын бичиг баримтыг шалгаж, хилээр гарсныг тэмдэглэн тамга дарах үндсэн үүргийнхээ дагуу есдүгээр гарцын кабинд суув. Тухайн үед өмнөд хөршийг зорих агаарын хөлөг зорчигчдоо суулгахаар бэлтгэж, бүртгэл нь ид явагдаж байсан учраас хятадууд голдуу хүмүүс паспортоо шалгуулж, хилийн бүсийн цаад талд гарсан юм. Энэ хооронд бүртгүүлэхээр ирж байгаа болон хилийн бүсийн цаана гарсан гадаад, дотоодын иргэдэд дээрх ангийн бусад алба хаагч ахлагч нар хяналт тавьж ёс журам сахиулах юм билээ. Бичиг баримтаа шалгуулж, паспортдоо тэмдэглэгээ хийлгэснээр Монгол Улсын хилийг давчихсан гэж үздэг. Гэтэл зарим сахилгагүй нөхөд хил давсан хойноо буцаж кабин хоорондуур гарч ирэх зэрэг зөрчил гаргадаг тул ахлагч цолтой алба хаагчид ийнхүү журам сахиулдаг аж. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” нисэх буудлын аюулгүй байдал хамгаалалтын албаны алба хаагчдын хариуцсан хэсгийг өнгөрч, хилийн бүс дотор орчихсон учраас хилчид ийнхүү хууль, журам сахиулах үүрэгтэй юм байна. Хилчин шалгагч, дэслэгч А.Алтантуяа гадаадын зорчигчидтой англи хэлээр голдуу харилцаж байсан.

09.30 цаг. Хилчин шалгагч, дэслэгч Н.Урантуяагийн хувьд бусад нөхдийн хамтаар Монгол Улсын хилээр орж ирж буй зорчигчдын бичиг баримтыг шалгаж, виз авч орж ирдэг харийнхны зөвшөөрөл нь хууль журмын дагуу байна уу, хуурамч уу гэдгийг хянах үүрэг хүлээсэн юм. Энэ цагт БНСУ-аас ирж буй зорчигчдын бичиг баримтыг шалгаад ямар нэг зөрчилтэй хүн байгаагүй тул штамп дарж нэвтрүүллээ.

10.00 цаг. А.Алтантуяагийн энэ өдөр хүлээсэн бас нэг үүрэг нь тээврийн хэрэгслийг шалгаж, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх. Тэрбээр энэ удаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, хянаж шалгахаар “Чингис хаан” нисэх буудлын онгоц хөөрч, буух талбайд гарсан юм. Хөх хотыг зорих агаарын хөлгийн дотор гар тээш хийдэг хэсгийг нэгбүрчлэн шалгаад, агаарын хөлгийн гадна талд аюулгүй байдлыг хангаж хамгаалж зогссон. Замын-Үүд, Сэлэнгэд хилийн бүсэд орж ирсэн галт тэргийг хамгаалж, эргэн тойронд нь хилийн хугацаат цэргийн алба хаагчид зогсдог шиг Буянт-Ухаад агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангаж 0218 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг аж. Ингэхдээ аюулгүй байдлын үүднээс гэрэл ойлгогч бүс, мөрөвч зүүх учиртай. Түүнийг зүүгээгүй хэнийг ч тэр талбайд гаргах ёсгүй.

Хөлгийн эргэн тойронд хамгаалалтад гарч аюулгүй байдлыг хангахгүй бол хил зөрчсөн хэн нэг хүн нисэх буудлын хашааны хаа нэгтээгүүр дамжин онгоц руу нэвтэрч болзошгүй учраас ийн хяналт тавьдаг гэнэ. Олон жилийн өмнө хоёр хүүхэд агаарын хөлгийн дугуйн хэсэгт нуугдан нисээд осгож нас барсан харамсалтай хэрэг гарсантай энэ хамгаалалт холбоотой юу гэж сониучирхан асуухад “20 гаруй жилийн өмнө тийм бодит явдал болж байсан юм билээ. Тиймэрхүү тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд агаарын хөлгийн аюулгүй байдлыг хамгаалах нь хилчдийн үүрэг” гэсэн хариултыг дэслэгч А.Алтантуяа өгсөн. Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтод, хилийн бүс дотор онгоцны болон зорчигчдын аюулгүй байдлыг өмнө нь бусад байгууллагатай хамтарч хамгаалдаг байсан бол өдгөө хилийн цэргийнхэн бүрэн хариуцах болсныг ийнхүү уншигчдадаа харуулахыг зорив. Зорчигчдын бичиг баримт, тээврийн хэрэгслийг шалгах, хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол Хилийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн гэсэн үг.

11.30 цаг. Дахиад л нэг онгоцоор зорчих хүмүүсийн бүртгэл эхэллээ. Жирийн зорчигчид хэн хүнгүй л хилчин шалгагчдыг тамга дараад сууж байдаг хүмүүс гэж боддог нь лавтай. Гэвч тэд маш нарийн ажил хийж байдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй болов уу.

Энэ зуны аяллын улирал дуусаагүй, зорчигч тээврийн урсгал өмнөх жилүүдээс эрс өссөн, нэмэгдэл нислэг олонтой байгаа учраас 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй хилчин шалгагчдын ажлын ачаалал өндөр байгаа юм байна. Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн онд давхардсан тоогоор 1.1 сая орчим зорчигч улсын хилээр шалган нэвтрүүлжээ. Харин 2017 онд 980 мянган зорчигчийг шалгасан байх юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 505 мянга, наймдугаар сарын байдлаар давхардсан тоогоор 870 гаруй мянган зорчигч шалгаж нэвтрүүлсэн гэсэн статистик гарсан нь хилчин шалгагчдын ажлын ачаалал өндөр байгааг илтгэх биз ээ. 0218 дугаар ангийн алба хаагчид энэ оны эхний зургаан сарын байдлаар 4150, наймдугаар сарын дүнгээр 6800 агаарын хөлгийг шалгасан байна. Тэд энэ зун өдөрт 28-30 орчим хөлгийн зорчигчдыг шалгаж байгаа аж.

12.15 цаг. Кабиных нь ойролцоо зогсож ажиглах нь ээ, хилээр нэвтэрч буй хүмүүсийн бичиг баримтын мэдээлэл, визийн хугацаа, ямар ангиллын зөвшөөрөл авч орж ирсэн гээд олон зүйлийг компьютерын дэлгэцээр харж нягтлаад ямар нэг зөрчилгүй байвал штамп дараад явуулж байлаа.

Хилчин шалгагч тухайн зорчигчийн бичиг баримтыг шалгахдаа зайлшгүй хийх найман үйлдэл, тодорхой дараалал, журмын дагуу нягталдаг аж. Тухайлбал, паспортын бүрэн бүтэн байдал, зургийг нь эзэмшигчтэй тулгадаг, визийн хугацаа зэргийг хууль журамд заасны дагуу хянадаг юм байна. Ингэхдээ байнга сургалтад хамрагдаж, номын дуу сонсон, мэдлэгээ дээшлүүлж байх учиртай. Тийм учраас ачаалал арай багатай үе буюу өвлийн улиралд алба хаагчдаа сургадаг, шалгадаг гэнэ.

Хуучнаар Хилийн цэргийн дээд сургууль, өнөөгийн ДХИС-ийн Хилийн сургууль төгссөн, эсвэл өөр бусад сургууль төгсөн, хилчин шалгагчаар ажилд орсон хэн нэгэнд шууд тамга бариулаад суулгачихна гэж байхгүйг дэслэгч А.Алтантуяа хэлсэн. Тэрбээр “Анхан шатны сургалтуудад сууж, хууль, эрх зүйн мэдлэг, визтэй болон визгүй зорчдог орнуудтай байгуулсан гэрээ гээд олон зүйлийг сурч, мэдэж байж манай ангид алба хаах учиртай. Энд ирээд шууд шалгагч болчихгүй. Бас сургалтад хамрагдаж, шалгалт өгөөд тэнцвэл штамп барих эрх авдаг. Тэнцэхгүй бол эрх олгохгүй. Эрх авчихаад шууд шалгагчийн суудалд суулгадаггүй юм. Олон жил ажилласан алба хаагчдыг дагалдан суралцаж байж үүрэг гүйцэтгэх боломжтой болдог” хэмээн өгүүллээ. Тус ангийнхны дотоод сургалт буюу хил хамгаалах байгууллагын төлөвлөгөөт сургалтаас гадна зуны их ачаалал эхлэхтэй нь зэрэгцээд бусад байгууллага ч хилчин шалгагч нарт номын дуу сонсгодог гэнэ.

13.00 цаг. Гадаад, дотоодын агаарын хөлгүүд Буянт-Ухаад газардах нь газардаж, хөөрөх нь хөөрсөөр л байлаа. Зуны аяллын улиралд ачаалал ихтэй, онгоц 10 гаруй минутын зайтай хөөрч, бууж буй учир зорчигчдын урсгал тасрахгүй байгаа юм. Хилчин шалгагч Н.Урантуяа Монгол Улс руу орж ирэх хэсэгт сууж байгааг дээр өгүүлсэн. Тэрбээр энэ удаа харилцан хамааралтай ажилладаг хууль сахиулах бусад байгууллагынхнаасаа ирсэн бичиг, мэдээлэлтэй танилцаад хамт сууж буй алба хаагчдадаа танилцууллаа. Чухам ямар учиртай бичиг болохыг мэдэхийг хүссэн ч албаны нууц учраас ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан.

Хэдэн жилийн өмнө Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдынхаа хэрхэн үүрэг гүйцэтгэж буйг сурвалжлахаар очиход цагийн байдлын мэдээлэл хэмээн ээлжид гарч буй цэргүүдэд бичиг тарааж, хаана халдлага үйлдэж болзошгүй, хэнийг эрэн сурвалжилж байгааг мэдээлсэн цаас өгч байсныг өөрийн эрхгүй санагдуулсан юм.

Эрх бүхий албан тушаалтнуудаас нь хилчин шалгагчдад танилцуулсан бичгийн учрыг лавлахад хилийн хориг тавьсан болон сэжигтэй бараа тээвэрлэн ирж болзошгүй гадаад, дотоодын иргэдийн нэрсийг ийнхүү танилцуулсан юм санж.

Хилчин шалгагч, дэслэгч А.Алтантуяагийн хувьд энгийн сургууль төгсөж, мэргэжил олгох дамжаа, курсийг нь дүүргээд 0218 дугаар ангид хилчин шалгагчаар 16 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн. Энэ хугацаанд цөөнгүй бичиг баримтын зөрчил илрүүлсэн юм байна.

Харин дэслэгч Н.Урантуяагийн хувьд хуучнаар Хилийн цэргийн дээд сургууль төгссөн, хил хамгаалах байгууллагад 13 дахь жилдээ алба хааж буй хилчин. Өмнө нь Замын-Үүд дэх хилийн цэргийн ангид долоон жил ажиллаад 0218 дугаар анги руу шилжин иржээ. “Онц хилчин” цол тэмдэг гардсан тэрбээр өмнөд хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа галт тэргэнд 17 кг алт нууж хил давуулахыг завдсаныг илрүүлсэн учир уг шагналын эзэн болжээ. Хугацаат цэргийн алба хаагчдаа халагдаад явахад хилийн манаанд ч үүрэг гүйцэтгэж явсан тэрбээр Буянт-Ухаа боомтод ирээд мөн л бичиг баримтын цөөнгүй зөрчил илрүүлсэн гэдгийг ангийнх нь удирдлага тодотгосон.

14.00 цаг. Үдийн зоогоо ээлжлэн барьсан хилчин шалгагч нар тус тусынхаа хуваарилагдсан хэсэг рүү явцгаав. Сурвалжлагч миний хувьд хилийн зөрчил илрүүлчихээсэй хэмээн хүссэнээ нуух юун. Харин энэ өдөр зөрчилтэй таарсангүй. Хэд хоногийн өмнө тагнуулын байгууллагаас нэг хүнийг эрэн сурвалжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ. Түүнийг бичиг баримтын зөрчилтэй байсныг 0218 дугаар ангийн хилчин шалгагч нар илрүүлэн ажил үүргийн хуваарийн дагуу тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн аж. Тус ангийнхан энэ оны эхний зургаан сарын байдлаар бичиг баримтын 800 орчим зөрчил илрүүлсэн бол долоо, наймдугаар сард нийтдээ 600-гаар өсөж, 1400 орчимд хүрсэн байв.

Хэдэн жилийн өмнө хуурамч паспорт ашигладаг байсан нь өдгөө үгүй болж, виз хуурамчаар үйлдсэн, эсвэл өөртэйгөө ойролцоо төрхтэй хүний бичиг баримтыг ашиглан хил нэвтрэх нь түгээмэл байгааг дэслэгч А.Алтантуяа, Н.Урантуяа нар өгүүлсэн юм.

Манайхны дунд “Шенгений виз гаргаж өгнө” гэсэн зар их байдаг. Европын өндөр хөгжилтэй орныг зорих гэсэн иргэдийн хүслийг дөрөөлөн ашиг олж, амар хялбар аргаар баяжихыг зоригсод бусдыгаа хохироон, хуурамч виз үйлдэж эрүүгийн хэрэгтэн болгочихож байгааг хилчин шалгагч нар маань харамсан ярьж байв.

14.30 цаг. Нэг иргэний бичиг баримтыг хилчин шалгагч нар нарийвчлан шалгасан. Тэр хүн бусдын бичиг баримт ашигласан байж болзошгүй мэт санагдсан учраас ийнхүү нарийвчлан нягталсан аж. Харин тухайн хүн ямар нэг хууль бус зүйл хийгээгүй нь шалгалтаар тогтоогдсон учраас түүнийг удалгүй хил нэвтрүүлсэн юм. Ер нь баримт бичгийн зөрчилтэй хүнийг тогтсон хугацаанаас илүү хугацаагаар нарийвчлан шалгах тохиолдол цөөнгүй байдаг аж.

Манайхаас Турк Улсад очиж ажиллаж амьдарч буй монголчууд бусдын бичиг баримт ашиглан эх орондоо ирж, хил нэвтрэхийг завдах тохиолдол сүүлийн үед эрс ихэссэнийг Н.Урантуяа өгүүлсэн.

15.00 цаг. “Хөх хот, Эрээн чиглэлд нисэх зорчигчид онгоцондоо сууна уу” хэмээн нисэх буудлын чанга яригчаар зарлаад удаагүй байхад дэслэгч А.Алтантуяа тэргүүтэй алба хаагчдад Хятадын 5-6 хүн хамгийн түрүүнд ирж бичиг баримтаа шалгуулан нэвтэрч, хилийн бүс рүү орлоо. Гэвч тэдний нэг нь шалгагчдын кабины хажуугаар буюу орж ирсэн газраараа буцаж гүйн гарч ирэхийг завдсанд хилийн бүсийн аюулгүй байдлыг зохицуулж байсан 0218 дугаар ангийн ахлагч нар дор нь саатуулсан. Улмаар хууль, журмаа сануулснаар тухайн хятад иргэн онгоцондоо ортол суудлаасаа ч боссонгүй.

16.30 цаг. Манжуураас хөөрсөн агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудалд буулаа. Түүнээс хойш таван минутын дараа Хонконгоос агаарын хөлөг ирэв. Тэр даруйд дэслэгч Н.Урантуяа тэргүүтэй хилчин шалгагчдын сууж буй, Монгол Улс руу орох хэсгийн зорчигчдын танхим хүнээр дүүрлээ. Гэтэл манай агаарын хөлгийнхөн бичиг баримтаа шалгуулалгүй дотогш нэвтэрсэнд дээрх газруудаас онгоцоор ирсэн манай улсын зарим иргэн гайхаж, бас барьцахыг оролдсон. Тэд хэдэн жилийн өмнө Гадаадын иргэн харьяатын газрынхан, КОЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн “Цахим гарц” төслийн хүрээнд нэвтрүүлсэн ажлын талаар мэдээлэлгүй байсантай энэ нь холбоотой санагдсан. “Цахим гарц” хэмээх төсөл нь технологийн дэвшил ашиглан, монгол иргэдийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх ажил бөгөөд паспортоо бүртгүүлж, хурууны хээгээ баталгаажуулан, тусгай тэмдэглэл хийлгэсэн манай улсын харьяат хэн ч тэр гарцаар орж, гарах боломжтой юм.

17.00 цаг. Өглөөнөөс хойш ажаад байхад хилчин шалгагчаар ажиллаж буй хүмүүсийн олонх нь бүсгүйчүүд байсан юм. Энэ нь магадгүй тэдний ажигч гярхай байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. 0218 дугаар ангийн хилийн шалган нэвтрүүлэх албанд ажиллаж буй бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Ер нь хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлэх албандаа эмэгтэйчүүдийг илүүтэй бэлтгэж ажиллуулахад түлхүү анхаарч буйн илрэл ч энэ байх.

17.30 цаг. Хилээр гарч буй гадаадын нэг иргэн гар утсаа үзүүлэн хил нэвтэрч болох, эсэхээ лавлаж, хилийн бүсэд зохицуулалт хийж буй ахлагч нартай уулзсан. Орчин үед технологийн дэвшил ашиглан цахимаар үйлчилгээ үзүүлдэг байгууллага нэмэгдэж буй. МИАТ ч тийзээ цахимаар борлуулж, баталгааг нь илгээдэг болсныг тэр гадаадын иргэн хэрэглэжээ. Түүнийгээ л гар утсаараа үзүүлж, хилийн бүсэд хамгаалалт, зохицуулалт хийж буй ахлагч нар манай сурвалжилгын баатар, гарах талд үүрэг гүйцэтгэж буй, дэслэгч А.Алтантуяагаас тодруулсан юм. Түүнээс “Болно” гэсэн хариулт сонссон ахлагч гадаадын иргэнд тэр даруйд нь зөвлөгөө мэдээлэл өгч хил нэвтрүүллээ. 

Энэ мэтээр Буянт-Ухаа дахь 0218 дугаар ангийн хилчин шалгагч, тэднийг ахалж ажиллаж буй офицеруудынх нь ажлын ачаалал ч, үүрэг хариуцлага ч өндөр юм. Улс орныхоо дархан хилийн амар амгалан байдлын төлөө тангараг өргөсөн хилчин шалгагчдын нэг өдрийн ажил ийн өрнөдөг ажгуу. Биднийг улсын онцгой объектод нэвтрүүлэн сурвалжилга хийлгэх цаг дуусав. 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг тэдний ажлын зарим хэсгийг уншигчдадаа ийнхүү товч ч гэсэн хүргэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)