Хил давж зугтсан шүүгч асныг эх оронд нь авчрах ажиллагаа хийж байна

- 17-гоос гадна дахиад ч нэмж шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болзошгүй нь –

АТГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, олны анхаарал татсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн тухайгаа мэдээлэв. 2019 оны эхний зургаан сарын байдлаар тус газрын шалгасан 29 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. Тухайлбал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Балдан-Очир нарын, нийслэлийн Газрын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амаржаргал, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, МУБИС-ийн эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ, I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга асан Н.Батсүх, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч, “Багануур” ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын төв номын сангийн захирал Л.Долгоржав, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, “Сити баз консалтинг” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн бөгөөд эдгээр хэргийг шүүх яаж шийдсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТЫН ААВ ХҮҮГЭЭСЭЭ ТҮРҮҮЛЖ ХИЛ ДАВСАН ГЭВ ҮҮ

Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын лиценз эзэмшигч хятадуудын маргааны золиосонд Монголын хуульчид, шүүгч нар, цагдаагийнхан өртөж, өмнөд хөршийнхөнтэй нам нийлж, сэм хуйвалдсан хуулийн байгууллагын ажилтнууд, нэр бүхий 17 шүүгч өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй билээ. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь дээрх орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн дунд үүссэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа хуурамч гарын үсэг зурсан гэх маргаанаас үүдэлтэй энэ дуулиант хэрэгт гүйцэтгэх ажлын шугамаар олж нотолсон баримт сэлтэд шүүгч нар нэр холбогдсон юм. АТГ-аас өчигдөр прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү “Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад баримтжуулсан нөхцөл байдалтай танилцан, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасныг үндэслээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. Мөн Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны, дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын 2012-2017 оны ХАСХОМ-ийг хянах явцад нэр бүхий шүүгчид, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг хууль ёсных гэдгээ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэж мэдээлсэн. Тэгэхээр 17 шүүгч дээр нэмээд үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэд хэдэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хууль сахиулах байгууллагынхан Ерөнхийлөгчийг АНУ-д хийж буй айлчлалаасаа ирэхэд нь өргөн мэдүүлэх бололтой.

Үндэсний их баяр наадамдаа монголчууд бид анхаарлаа хандуулсан үед дээрх нэр бүхий 17 шүүгчээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Э.Халиунбаяр нарыг 30 хоног цагдан хорихоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргасан. Гэвч хоёр хоногийн дараа суллачихаад байхад хүмүүс үүнд төдийлөн анхаарал хандуулаагүй. Мөн дээрх хэрэгт нэр холбогдоод буй нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамтаар биедээ их хэмжээний бэлэн ам.доллартой АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдаад буй билээ. Тэд зургадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан үдэш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил гарч, ОХУ-аар дамжин далайн чанадад очсоныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон билээ. Өдгөө түүнийг авчрахын тулд хуульд заасан, боломжтой бүх арга хэлбэрийг ашиглаж байгаа гэсэн. Гэвч С.Төмөрбатыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь хүндрэл учруулж байгаа юм билээ.

Шүүгч асан С.Төмөрбатын хувьд гэм буруугүй байсан бол хил давж гэр бүлээрээ зугтахгүй л байсан болов уу. Бидэнд олдсон мэдээллээр, түүнийг ОХУ-аар дамжин АНУ руу зугтахаас хэд хоногийн өмнө аав С нь БНХАУ-аар дайрч далайн чанадын орон руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Тэд “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байхдаа цаг бусаар амиа алдсан Гавьяат хуульчийн гэр бүлийнхэн гэдгийг уншигчид санаж буй биз ээ.

АТГ-ЫН МӨРДӨГЧДИЙН БАРИМТЖУУЛСАН БИЧЛЭГ, НОТЛОХ БАРИМТ ОЛОН БИЙ

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт холбогдох хэргийн болон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүнийг хэргийн үеэр АТГ-ын мөрдөгчид нэгжлэгийнхээ үеэр хийсэн бичлэгийг өчигдөр мэдээлэл хийхдээ хэвлэлийнхэнд үзүүлсэн юм. АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр гэхэд л улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо “Эрдэнэс тээвэр” компанийн захирлаас 57.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон. АТГ-ын мөрдөгчид түүний өрөөнд нэгжлэг хийхдээ шүүгээнээс нь цаасан уутанд хийсэн хахуулийн 25 сая төгрөгийг нь эд мөрийн баримтаар хураасан билээ.

Харин МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүнд холбогдох хэргийг шалгах үеэрээ АТГ-ын мөрдөгчид өрөөнд нь нэгжлэг хийсэн. Зөвхөн Н.Баярсайханы өрөөнд 2017 оны арванхоёрдугаар сарын 17-нд хийсэн нэгжлэгээ хэвлэлийнхэн үзүүлсэн бөгөөд тэрбээр оймсондоо нэг боодол буюу 10 000 ам.доллар нуусан байсныг эд мөрийн баримтаар хураасан байдаг. Мөрдөгчид Э.Аззаяагийн “Рапид харш” дахь орон сууц, Н.Баярсайханы албан өрөө, гэрийнх нь зочны өрөө, хамаарал бүхий этгээдийнх нь байрнаас 230.800.000 төгрөг, 152 177 ам.доллар, 70 000 юань бэлнээр гарсныг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон юм. Дээрх хүмүүс 21 аж ахуйн нэгж, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон бөгөөд сүүлдээ төгрөгөөр хахууль авахгүй, “Нимгэлж ир” хэмээн валют болгон авч байсны илрэл нь Н.Баярсайханы оймсноос гарсан нэг боодол бүхий ам.долларын дэвсгэртүүд юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс 40 сая төгрөгөөр ял шийтгэсэн нь өдгөө ч хэл ам дагуулсаар буй билээ.

Ийнхүү нотлох баримттай, хэргийнх нь эд мөрийн баримтыг ил болгох нь олон хардлагыг дарах сайн жишиг. Гэвч ял шийтгүүлсэн хүмүүс, эсвэл хэргийн холбогдогч нар нь нэр хүндэд халдлаа гэж үздэг юм билээ. Хэргийн холбогдогч нар гэмт үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нэр төрийг бодохгүй, ажлаа хийсэн албан тушаалтнуудыг нэр хүндэд халдлаа хэмээн буруутгаж буй нь зүйд нийцнэ гэж үү.

М.СОНОМПИЛИЙН ХАХУУЛИЙН 266 САЯ ТӨГРӨГ, Р.ОНОНГИЙН ОРОН СУУЦЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан, тус банкнаас санхүүжүүлсэн төслүүдийг хахууль авах арга хэлбэр болгосон зарим хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн билээ. Тухайлбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг эрх мэдлээ урвуулж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан хэмээн буруутган шалгасныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн дөрвөн жил хорих ял шийтгэсэн талаар бид мэдээлсэн. Түүний бусдаас авсан хахууль буюу гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Мөн Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг АТГ-ынхан шалгаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэрбээр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн авто зам барих хөрөнгөөс завшсан, “Кристалл таун”, “Ривер гарден” хотхонд авсан орон сууц, “Ланд круйзер-200” маркийн автомашин авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй юм.

АТГ-ынхан хөөн хэлэлцэн хугацаа дууссан гээд Р.Ононд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож орхисонгүй. Прокурорын байгууллагатай хамтарч, Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. АТГ, прокурорын байгууллага хамтран авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг цаашид эрчимжүүлэхийн тулд УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба саяхан байгуулан ажиллуулж байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)