Хилээр 64 хөлдөөсөн чоно гаргах гэж байсныг гаальчид илрүүллээ

Дэлхийн гаалийн байгууллагын ажилтны өдөр өчигдөр тохиов. Гаальчид баяраа тэмдэглэж байсан энэ өдөр Замын-Үүд боомтод ажиллаж байгаа гаальчид хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэсэн ноцтой зөрчлийг илрүүлжээ. Энэ талаар тус боомт дахь гаалийн газрын орлогч дарга Ц.Алзахгүйбаатараас тодрууллаа.
-Танай гаалийн ажилтнууд нэлээд ноцтой зөрчил илрүүлсэн гэнэ. Хаанахын хэн хориотой ямар зүйл хилээр нэвтрүүлэх гэж байсан юм бол?
- Замын-Үүдийн гаалийн газрын байцаагчид маань нэлээд ноцтой зөрчил илрүүллээ. Манай улсын иргэн Н.Жадамбаа гэдэг хүн өөрийнхөө 09-37 УНГ улсын дугаартай ачааны “Hino” маркийн автомашинд 64 хөлдөөсөн чоно нууж улсын хилээр авч гарах гэж байсныг илрүүлэв. Тэрбээр машиныхаа тэвшийг хоёр хувааж нэгэнд нь хил давуулахаар зэхсэн чоноо нуусныг гаальчид ур чадвар гарган илрүүлсэн.
-Сүүлийн үед хилээр хөлдүү чоно гэх мэт ан амьтны гаралтай бүтээгдэхүүн гаргахыг завдаж буй хэрэг удаа дараа гарлаа гэдэг. Тэр этгээдүүдийг хэрхэн шийтгэдэг юм бэ?
-Ховордсон ан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр гаргахыг хориглосон олон улсын конвенц байдаг. Үүнийг зөрчин манай иргэд хууль бусаар ангийн түүхий эд гаргах гэсэн зөрчил сүүлийн үед нэмэгдэж байгаа. Бид тийм хүмүүсийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа.

Г.Равжаа
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)