Хилээр эд зүйл нэвтрүүлсэн гэж хуурамч мэдээлэл өгчээ

Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр их хэмжээний эд зүйл хууль бусаар хил давуулсан гэх мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт иржээ. Сайншанд сумын хоёрдугаар багийн иргэн Н.Эрдэнэхүү цагдаагийн байгууллагад “Хатанбулаг сум дахь Хангийн боомтоор Тагнуулын ерөнхий газрын болон Хилийн тагнуулын ажилтнууд боомт хаасан цагаар их хэмжээний эд зүйл нэгдүгээр сарын 31-ний шөнө хууль бусаар давуулсан” гэж мэдээлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газраас тусгай бүлэг томилон шалгасан бөгөөд түүний өгсөн мэдээлэл батлагдаагүй гэнэ. Энэ талаар хууль хяналт, тагнуулын байгууллагын эх сурвалж “Хил хаах үеэр тус боомтод ажиллаж байсан бүх ажилтнууд ангидаа ирсэн байсан. Мэдээлэгчийн өгсөн машины дугаарыг шалгахад бүгд гараашдаа байжээ. Түүнээс хойш хөдлөөгүйг тогтоосон. Тухайн үед хил дээр үүрэг гүйцэтгэж байсан хилчдээс асууж лавласан” гэв. Өмнө нь уг боомтоор эд бараа хууль бусаар хил давуулахыг завдаж байсан бөгөөд ийм удаа дараагийн үйлдлийг Хилийн тагнуулын тасгийнхан илрүүлж таслан зогсоож байсан аж. Үүнд нь өширхсөн, эд зүйлээ хураалгасан хэн нэгэн хүн зориудаар худал мэдээлэл өгсөн байж болзошгүй гэж тагнуул, цагдаагийнхан үзжээ. Тиймээс худал мэдээлэл өгсөн хүнийг Хилийн тагнуулын газраас илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тухайн иргэний захидал дээрх хаягаар хууль хяналтын байгууллагынхан шалгалт хийхэд уг хаягт Н.Эрдэнэхүү гэдэг хүн байдаггүй нь тогтоогджээ. Уг захидалд “Энэ асуудлыг Д гэдэг эмэгтэй гэрчилнэ” гэсэн утгатай зүйл бичсэн байсан аж. Нэр дурдагдсан эмэгтэй тагнуулынханд “Тухайн үед би энд байгаагүй. Хадмынхаа нутаг руу явсан байсан” гэжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр уг эмэгтэйн нөхөр нь дээрх боомтоор хууль бусаар их хэмжээний тарваганы арьс хил давуулах гэж байгаад баригдсан нэгэн аж.

Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)