Хилээр хар тамхи оруулж наймаалагч эмэгтэйг зургаан жил хорих боллоо

Зургийг: Livetv.mn

Хар тамхи хэрэглэгч залуусын дунд “Мөсний хатан” гэж нэрлэгддэг С.Баярмаа болон түүнд барааг нь авчирч өгдөг Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, хилээр оруулж ирсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Эрүүгийн шинэ хуульд нийцүүлэн 2015 оноос хойш шалгасан 201501000046 дугаартай энэ хэргийн холбогдогч С.Баярмаа хилээр гарч, өмнөд хөршид багагүй хугацааг өнгөрөөж байгаад өнгөрсөн аравдугаар сард эх орондоо ирэхэд нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан саатуулан, түдгэлзүүлсэн хэргийг нь сэргээсэн юм. 

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч С.Баярмаа өмгөөлөгч нэмж авах үндэслэлээр өнгөрсөн сард шүүх хурлаа хойшлуулсан. Уржигдар тус шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн хурлаас С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх зүйлчлэлийг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 188.3 болгон өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Харин С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, С.Баярмаад зургаа, Х.Мөнх-Эрдэнэд таван жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)