Хилчдийн түүхийн гэрч болсон “Эх орны манаа” 80 нас хүрлээ

“Эх орны манаа” сонины үе үеийн эрхлэгч, сурвалжлагчид

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Эх орны манаа” сонин энэ жил 80 нас хүрлээ. Өдгөө Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Олон нийттэй харилцах албанаас эл сониныг эрхлэн гаргаж байна. Тус газрынхан сонины ойн хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулав. Тухайлбал, хил хамгаалах байгууллага, хилчдийн үйл ажиллагааг харуулсан “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21, 22-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэсэн юм. Ахмад Л.Номингэрэл эх орныхоо хилийг таван удаа тойрохдоо авч байсан зургуудаасаа шилдэг 60-ыг нь олон нийтэд толилуулсан. Жилийн дөрвөн улирлын аашийг үл тоон үүрэг гүйцэтгэж буй хилчдийн цаг наргүй урсах амьдралыг гэрэл зургаар дамжуулан үзэгчдэд хүргэхийг тэрбээр зорьжээ.

Сонины 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ ХХЕГ-т өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. Төв архивтаа хадгалж буй сонинуудын эмхэтгэлийг үүдний хэсэгтээ дэлгэсэн байв. Бор цаасаар хавтаслаж, дээр нь “1950 он” гэж бичсэн сонинуудыг сөхлөө. Нэгдүгээр нүүрэндээ сониныхоо нэрийн доор “Дотоод явдлын яамны Хязгаарын цэргийн хэргийг удирдах газрын сонин” хэмээжээ. Хажууханд нь хар дөрвөлжин зураас дотор “Ангиас гадагш гаргаж болохгүй” гэж томоор бичсэн байв. Энэ үг нь тухайн сонин хүн бүхэнд зориулаагүйг илтгэх аж. 70 жилийн өмнөх сонины дотор хувьсгалт хэвлэл, гадаадын улс орнуудын социалист намын төв хорооны тухай өгүүлсэн байлаа.

Мөн ойн хүрээнд ахмад хилчид, алба хаагчид, эрдэмтэн, судлаач багш нарын оролцсон эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Хил хамгаалах байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, дутагдалтай зүйлсийг засан сайжруулах арга зам зэрэг сэдвээр оролцогчид илтгэл хэлэлцүүлж байлаа. Тухайлбал, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрхлэгч, цэргийн ухааны доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд “Эх орны манаа” сонины уламжлал, шинэчлэл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Амьдралын минь сүүлчийн 20 гаруй жил сонинтой холбогдож байна. Энэ хугацаанд 32 нийтлэл 57 дугаарт нийтлүүлжээ. Ингэхдээ хилчдийн ёс зүй, тэдний мэдвэл зохих сэдвээр голчлон бичдэг байв” гэлээ.

Хурлын дараа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан уригдсан зочдод уран бүтээлийнхээ дээжийг хүргэхээр зэхэж байлаа. Дүрэмт хувцас өмсөж, энгэрээ одон медалиар чимсэн алба хаагчид эгнэн суух нь сүрдмээр. Бүжигчид тайзнаа хэдийн гарчээ. Найруулагч дохио өгснөөр хөгжим эгшиглэж, уран бүтээлчид цог золбоо, эрч хүчээ бадраан бүжиглэх нь омогшил төрүүлнэ. Үзэгчдийн алга ташилт тасралтгүй нижигнэсээр. Авьяаслаг дуучид тайзнаа ээлжлэн гарч, ая дуугаа өргөлөө. “Эх орны манаа” сонин энэ өдөр дуутай болов. Үүний анхны сонсогчид нь ойн баярт оролцогчид байлаа. Эр хүний бахархал, хайрлаж хамгаалах ёстой эх орон, эрх чөлөөг “Эх орны манаа” дуунд өгүүлжээ.

Энэ үеэр сонинд ажиллаж буй алба хаагчдыг “Энхийн төлөө”, “Хилчний алдар”, “Хилийн төлөө” зэрэг тэмдгээр шагнаж, батламж гардуулав. Үүний дараа тус албаныхан сонинд ажиллаж байсан эрхлэгчид, уран бүтээлчдийн яриаг нэгтгэж, баримтат кино бүтээснээ дэлгэцнээ толилуулсан юм. Түүхэн цаг хугацааг хил хамгаалах байгууллагатай хамт элээж яваа тус сонин 1940 онд “Эх орны төлөө” нэртэйгээр анхны дугаараа гаргажээ. 1945 онд “Эх орны манаа” хэмээн нэрээ сольсон түүхтэй аж. Үүссэн цагаасаа улс орны батлан хамгаалах салбарын үүрэг зорилгыг чиглүүлэх, хилчдэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн, үүрэгт ажлынх нь талаар мэдээ, нийтлэл хүргэсээр иржээ. Хэдийгээр уг сонин нам, засгийн газрын шийдвэрээр зарим үед үүдээ хаасан ч үндсэн үзэл баримтлалаа гээсэнгүй. Үе үеийн хилчдийг мэдээ, мэдээллээр тасралтгүй хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан уг сонин эх орны дөрвөн зүг найман зовхист одоо ч гэсэн хүрсээр байна. Хилчдийн түүхийг үзэглэж, яруу алдрыг магтан дуулсан сонинд сурвалжлагч, идэвхтэн бичигчдийн хөдөлмөр нөр их.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)