ХИЛЛАРИ КЛИНТОН, СОНЯ ГАНДИ нарыг урьжээ

2000 оны зун Польшийн Варшав хотод үүсэн бий болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг гэж байгууллага байдаг. Тус байгууллагыг тухайн үеийн Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт нарын хүмүүс санаачилсан юм билээ.

Одоо энэхүү нийгэмлэгийн бүрэлдэхүүнд Канад, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Сальвадор, Финланд, Унгар, Энэтхэг, Итали, Япон, Литва, Мали, Мек сик, Монгол, Марокко, Нигери, Филиппин, Польш, Португал, Румын, ӨАБНУ, БНСУ, АНУ, Уругвай зэрэг улс багтаж буй.

Өнгөрсөн оны долоодугаар сараас Монгол Улс тус Хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Хамтын нийгэмлэг эмэгтэйчүүдийн асуудлаар нэгэн томоохон арга хэмжээг энэ оны долоодугаар сарын 7-8-нд Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа аж. Түүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Энэтхэгийн эрх баригч Үндэсний конгресс нам (ЭҮКН)-ын дарга Соня Ганди нарын дэлхий дахин мэдэх эрх мэдэлтэй, хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийг оролцохыг урьж буй юм байна.

Харин тэд ирэх эсэх нь одоогоор тодорхой бус, өөрөөр хэлбэл хариугаа өгөөгүй байгаа бололтой. Нэр алдартай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс оролцдог арга хэмжээнийхээ ач холбогдлыг өргөж өгдөг нь зүй ёсны юм. Тийм хүмүүс бас аливаад хүндэтгэлтэй хандах нь ч элбэг байдаг.

Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)